Хүдэрчулууны Хулан
10 сарын 10, 2025
Peak.mn: Сэтгэцийн эрүүл мэндийн Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй зэрэгцээд манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн салбарт чухал алхмыг авчрах үйл явдлууд өрнөж байна. Энэ бол Монгол Улс Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх /Mental Health First Aid/ олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхийг авсан 46 дахь орон болсныг саяхан зарласан явдал юм. Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх сургалтын эрхийг Австрали улсаас эх орондоо өвөрлөн ирсэн эзэд нь Э.Мөнхзул, Б.Халиунаа нар. Тэд Австралийн Засгийн газрын “Australia awards” тэтгэлгийн төгсөгчид бөгөөд олон улсын хөгжил, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнүүд. Эндээс харахад, Mental Healts First Aid /MHFA/ хөтөлбөр бол хүмүүст мэргэжил үл хамааран энэ чиглэлийн мэдлэг олгодог олон улсын хөтөлбөр юм. Э.Мөнхзул, Б.Халиунаа нар сэтгэцийн эрүүл мэндийг олон нийтийн боловсролын түвшинд хүргэх зорилгоор энэ төслийг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн байна.
Сэтгэл судлал, цаашлаад хүний нөөцийн салбарт сүүлийн үед ажилтны сэтгэлзүйн асуудал тогтвортой байх нь ажлын бүтээмжид чухал үр дүн үзүүлдгийг батлан ярих болжээ. Хүүхдийн сурлагын чанарт хүртэл сэтгэцийн байдал чухал үр дүн үзүүлдгийг боловсролын салбарынхан батлан ярьж байна.
Орчин цагийн анагаах ухаанд ч хүний сэтгэц гэдэг өөрөө бие махбодынх нь бүрдэл нэг хэсэг нь мөн юм байна хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. Энэ ч утгаараа сэтгэл нь өвдсөн хэн бүхэнд сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийг үзүүлэх чадварт суралцсан найман сая гаруй иргэн дэлхийн 45 оронд байдаг ажээ. Энэхүү чадварыг Австрали улсаас үүсгэн байгуулсан MHFA хөтөлбөрийн тусламжтайгаар хүмүүст эзэмшүүлдэг байна. Тэгвэл манай Монгол Улс саяхан MHFA хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрх бүхий 46 дахь орон болжээ.
MHFA Mongolia үүсгэн байгуулагчид Э.Мөнхзул болон Б.Халиунаа нар Австралийн элчин сайд Лео Зенг болон Мental Health First Aid Australia олон улсын байгууллагын төлөөллүүдийн хамт.
Аливаа улс орны хүн амын болон ажлын байрны түвшинд 15 хүн тутмын нэг нь MHFA-ийн мэдлэгтэй болсноор нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт авчирдаг гэсэн тооцоолол байна. Тиймээс улс үндэстний хувьд аль болох олон хүнд сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх чадварыг суулгаснаар нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд бодитой, эерэг өөрчлөлт авчирч буйг жил бүрийн судалгаа баталж байгаа аж. Ингээд бодохоор эрүүл сэтгэлзүйгээс эрүүл харилцаа, эрүүл шийдвэр гарна. Цаашлаад эрүүл тогтолцоо, тогтвортой хөгжлийн асуудал яригдана гэдэг нь энгийн ойлгомжтой болж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн Дэлхийн өдөр тохиож буй энэ цаг үед Австрали улсад төвтэй Mental Health First Aid International байгууллагын дэд захирал Dr. Jakqui Barnfield, соёлын нутагшуулалт хариуцсан ахлах багш Claire Kelly нар Монголд хүрэлцэн ирж, манай улсад анхны Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг энэ өдрүүдэд зохион байгууллаа. Энэ бол MHFA олон улсын хөтөлбөрийг монголд “Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж” гэсэн албан ёсны нэршлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхлэл юм. Peak.mn сайт монголд анх удаа болсон энэхүү сургалтад оролцогч, багш, зохион байгуулагч нартай сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Б.Халиунаа: Зөв, эерэг хандлага бүтээмжийг өсгөдөг
/MHFA Mongolia хөтөлбөрийн хамтран үүсгэн байгуулагч/
“Бид ойр дотныхоо хэн нэгэнд “Та яг ханиад хүрэх гээд байна шүү дээ” гэдгийг анхааруулан хэлээд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэг рүүгээ очиж, эм авч уухыг зөвлөдөг. Яг л үүн шиг өөртөө, найздаа, хамт ажиллаж байгаа хүмүүст яг юу болоод байгааг нь ойлгодог, мэддэг, анзаардаг чадвар хүн бүрт байх боломжтой. Цаашлаад тухайн хүнийг мэргэжлийн байгууллагууд руу зөв чиглүүлж, хандуулах мэдлэг, ойлголттой болсноор бид өөрийгөө, эсвэл эргэн тойрныхоо хэн нэгнийг ямарваа нэгэн сэтгэцийн эмгэгтэй болохоос ч урьдчилан сэргийлж чадах юм. Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж бол яг энэ мэдлэгийг аль болох олон хүнд хүргэх зорилгоготой хөтөлбөр.
Өөрөөр хэлбэл, хүн болгон сэтгэл зүйч байх албагүй ч энэ чиглэлийн тодорхой хэмжээний чадварт суралцах боломжтой. Тухайлбал, зүгээр л биенээ сайн сонсдог, анзаардаг байх нь сэтгэл зүйн анхны тусламжийн гол зорилго юм.
Хүн өөрөө баялгийг бүтээгч шүү дээ. Энэ ч утгаараа зөв эерэг хандлагатай байх тусам ажил дээрээ гаргаж байгаа үр бүтээмж нь ч өснө. Ажил дээрх үр бүтээмж өсөхөд улс орны эдийн засгийн бодит өсөлтөд ч чухал дэмжлэг болдгийг олон улсын судалгаанууд харуулж байна”.
Э.Мөнхзул /MHFA Mongolia-ийн үүсгэн байгуулагч/: “Энэ бол нэг байгууллагын, эсвэл мэргэжлийн оролцогчдын дангаар хийх ажил биш. Нийгмийн бүх талуудын хамтын оролцоог шаардсан тогтвортой хөгжлийн төсөл юм. Монгол хүний сэтгэлзүйн онцлогт нийцүүлсэн MHFA Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа хамгийн чухал”.
Б.Баасандорж: Сэтгэлзүйн салбарын ажиллах хүч хангалтгүй энэ нөхцөлд чухал ач холбогдолтой хөтөлбөр
/АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн багш/
“Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш чухал. Ялангуяа манай улсад сэтгэцийн салбарын ажиллах хүч хангалттай биш байгаа энэ нөхцөлд “Mental Health First Aid” хөтөлбөрийг монголд нэвтрүүлэх алхамуудыг эхлүүлж байгаа нь сайн хэрэг.
Биед учирсан гэмтлийг хэн ч гаднаас нь хараад мэдэх боломжтой. Харин сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай эсвэл сэтгэцийн эмэгтэй хүнийг танихад тийм ч амар биш. Анзаарахад хэцүү тэрхүү шинжүүдийг хэрхэн ойлгож харах вэ, ямар дэмжлэгийг эхлээд үзүүлэх юм, дараа нь хэн рүү чиглүүлэх вэ гэдгийг сурах боломжтой нь энэ хөтөлбөрийн давуу тал юм.
Сэтгэцийн асуудлыг хамгийн түрүүнд олж харах боломжтой хүмүүс нь ойр дотнынхон, гэр бүлийнхэн байдаг. Тэгвэл энэхүү сургалтад суусан хэн боловч бусдадаа тохиолдоод байгаа сэтгэцийн асуудал, цаашлаад сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдгүүдийг жижиг гэлтгүйгээр анзаарч, мэдэх чадварт суралцах юм”.
Лео Зенг: MHFA хөтөлбөрийн үзэл санаа
“Эрүүл Монгол хүн”-ий санаачилгатай
нийцэж буй нь олзуурхууштай
/Элчин сайд/
“Австралийн MHFA хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх эхний алхмыг ийнхүү эхлүүлж буй нь монголчуудын эрүүл мэндийн төлөө хийсэн түүхэн үйл явдал болж байна.
Энэхүү хөтөлбөрийн үзэл санаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан тэргүүлэх зорилтын нэг болгох “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний санаачилгатай нийцэж байгаа нь олзуурхууштай.
Австралид энэ хөтөлбөр одоогоос 25 гаруй жилийн өмнө анх эхэлсэн. Австрали улсад маш өргөн хүрээнд Засгийн газрын дэмжлэг судалгааны өргөжүүлсэн багийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг. Үүнтэй адилхан, монголын нийгэмд ч энэхүү хөтөлбөр маань эерэг өөрчлөлтийг авчирч, хүн бүрийг сэтгэл санаагаар илүү тогтвортой, эрүүл амьдралын хэв маягтай болоход тусална гэдэгт итгэж байна. Би өөрөө Mental Health First Aider сургалтад хамрагдаж байсан. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх болсон нь Австралийн боловсрол, хөгжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн бөгөөд Австралийн тэтгэлэгээр төгсөгчид эх орондоо буцаж ирээд тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаагийн тод жишээ".
Жакки Барнфилд: Өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл монголчуудад байгааг олж харлаа
/“Mental Health First Aid International” байгууллагын дэд захирал, доктор/
“Монгол Улс “Mental Health First Aid” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх бүхий 46 дахь улс болсонд баярлаж, бахархаж байна. Энэ бол Монгол Улс дэлхий даяар олон нийтийн амьдралд бодит өөрчлөлт авчирч буй асар том хөдөлгөөний нэг хэсэг болж буй чухал алхам юм.
Монголчуудад сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан бат бөх, харилцан уялдаатай нийгмийг бий болгох боломжтойн дээр, үүнийг хэрэгжүүлэхэд хоорондоо уялдаж ажиллах, аливаа боломжийг олж харж, өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл оролцогч талуудад байгааг миний бие олж харлаа.
Энэхүү хөтөлбөрийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн тулд чадварлаг удирдлагын багаас гадна Засгийн газрын дэмжлэг чухал үүрэгтэй. Монгол Улсын хувьд өнөөдөр харилцан уялдаатай, хүчирхэг, дэмжлэгтэй төсөл болгон эхэлж байна гэж харж байна.
Бид энэ өдрүүдэд монголд анхны сургалтаа зохион байгууллаа. Ингэснээр “Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэгч” гэсэн албан ёсны батламжийг эхний суралцагчид маань гардан авлаа. Энэхүү эхлэл улам бүр өргөжин тэлж, өсч хөгжинө гэдэгт итгэж байна. Цаашид энэхүү сургалтдаа хэчнээн хүнийг хамруулах, хэр хол хүрэх нь зөвхөн монголчуудын гарт бий. Зүйрлэж хэлвэл, тэнгэр шиг хязгааргүй боломж та бүхэнд бий. Тиймээс энэ гайхалтай тэнгэрийнхээ дор та бүхэн минь боломжоо бүрэн дүүрэн ашиглаарай”.
mhfa сэтгэлзүйн эрүүл мэнд сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.