Э.Баянжаргал: Ээжүүд хүүхдээ өөрийн мэдэлгүй аашилж, зодоод байвал сэтгэл зүйчид хандах хэрэгтэй

ГАНБАТЫН БАТЗАЯА
10 сарын 23, 2023

Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн тухай зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг “Уурлах уу, учирлах уу” булангийн энэ удаагийн зочноор сэтгэл зүйч Э.Баянжаргал оролцлоо. Ээжүүд төрсний дараах сэтгэл гутралаа даван туулах үедээ өөрийн уур бухимдал, стрессээ бага насны хүүхдэдээ гаргах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл ээжүүд стрессээ хэрхэн зөв тайлж, сэтгэл зүйн асуудлаа яаж даван туулах талаар сэтгэл зүйч Э.Баянжаргал ийнхүү зөвлөж байна.

Миний ааш занд өөрчлөлт ороод хүүхэд рүүгээ их муухай аашлаад, заримдаа өөрийн мэдэлгүй зодож хүчирхийлчихээд байна. Тэгээд дараа нь тайвшрангуутаа тэрийгээ ойлгоод хүүхдүүдээ өрөвдөөд байна аа. Би үүнийгээ яаж засах вэ гэж ээжүүд их ханддаг.

Бичлэг үзэх: 

Зарим нь сошиал орчинд бусдаас зөвлөгөө авахыг хүсч иймэрхүү зүйлс их бичдэг. Гэтэл хариуд нь “Чи ямар тэнэг хүүхэн бэ, чиний буруу юм байна шүү дээ” эсвэл нөхрөөсөө салаач гэдэг ч юм уу янз бүр сэтгэгдэл, дайралт ирнэ. Ингээд нөгөө ээж жижигхэн асуудлаа шийдэхийн тулд зөвлөгөө авахыг хүссэн ч асуудлаа бүр томруулаад өөрийгөө хүнд байдалд оруулдаг тохиолдол ажиглагдаж байна. 

Тухайн ээж биеэ барьж, чадахгүйгээр ийм үйлдэл гаргаад байвал заавал мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Эхнээс нь өөрийнхөө сэтгэл зүйг оношлуулсны дараа энэ үйлдлээ засах боломжтой. Ээжүүд хүүхдээ зодсоныхоо дараа гэмшиж, маргаашнаас эхлээд би хүүхдээ зодохгүй гээд өөртөө бараг ам тангараг өгдөг.  Гэтэл нэг л мэдэхэд энэ үйлдлээ давтчихаад байна гэдэг нь мэргэжлийн хүнд хандах зайлшгүй шаардлагатай болсон л гэсэн үг.

Та мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөө өгдөг "Дулаахан яриа" фэйсбүүк группд ЭНД ДАРЖ нэгдэх боломжтой.

Ер нь хүний сэтгэл зүйд хуралдсан энэ муу бүхэн заавал гадагшлах ёстой. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд “Салхивчны арга” гэж нэрлэдэг.

Өрөө үнэр танартай, агааргүй байх үед цонхоо онгойлгонгуут тэр нь гадагшлаад цэвэр агаар орж ирдэг. Ерөөсөө үүнтэй адилхан гэж үздэг. Хөнгөн зэргийн сэтгэл гутралыг гэр бүл, найз нөхдийн хүрээнд ярилцаад гадагшлуулж болдог. Харин нэгэнт хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж, өөрөө өөрийгөө ойлгосноор засаж, эмчилдэг.

Уг нь Монголд бэлтгэгдсэн сэтгэл зүйчид хангалттай олон байна. Нөгөө талаас сэтгэл зүйн үйлчилгээ авах гэсэн эрэлт хэрэгцээ, хүсэлт маш их байдаг. Яг юу нь болохгүй байна вэ гэхээр сэтгэл зүйн үйлчилгээ харьцангуй өндөр төлбөртэй байна. Гэртээ хүүхдээ харж байгаа ээж цаг аваад сэтгэл зүйн үйлчилгээ авахад төвөгтэй.

Иймээс хувь хүний асуудлыг жижигхэн гэж хаях хэрэггүй. Энэ чинь томорсоор томорсоор нийгмийн асуудал болж хувирдаг учраас төрийн бодлого, шийдвэр үгүйлэгдэж байна. 



Сэтгэл зүйч Э.Баянжаргалтай ЭНД ДАРЖ, Хэрэглээний сэтгэл зүйч Э.Баянжаргал фэйсбүүк хуудсаар холбоорой. Мөн Та мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөө өгдөг "Дулаахан яриа" фэйсбүүк группт ЭНД ДАРЖ нэгдэх боломжтой.

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.