Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 17, 2023
Оргилуун хүсэл тэмүүлэлтэй гарааны бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт босгох, зах зээлд нэвтрэх, үр нөлөөгөө тэлэх мөрөөдлийг нь бодит болгодог бизнесийн шилдэг реалити шоу нэвтрүүлэг “Shark Tank” өдгөө дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хэрэгжиж буй.
АНУ-ын АВС телевизийн энэхүү бүтээлийн франчайзыг Монгол HD телевиз 2017 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр хийж байгаа билээ.
Нийтэд хүртээл болсон даруйдаа үзэгчдийг байлдан дагуулаад байсан тус нэвтрүүлгийн IV дэх улирлын дугаар шинэ өнгө төрх, шинэ хөрөнгө оруулагчидтайгаар эргэн ирсэн.
Тус дугаарт Монголын бизнесийн салбарт цахиур хагалж буй эрхмүүд болох АНД Глобал групп, ONDO ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар, Оюуны Ундраа группийн гүйцэтгэх захирал О.Тэнүүн, “М-Oil групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, МонголМед төслийг санаачлагч Б.Пунсалмаа, UB группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нар хөрөнгө оруулагчаар оролцож буй.
Шаркууд тухайн бизнес төслийн эдийн засгийн үр өгөөжөөс гадна салбартаа болон нийгэмдээ тэсрэлт хийх инновацлаг байдал, залуусын итгэл үнэмшил, ирээдүйн үнэ цэн, алсын харааг үнэлж хөрөнгө оруулдаг билээ.
Тэгвэл "Шарк Танк" нэвтрүүлгийн түүхэн амжилтыг эвдэж нийт 3 шаркаас 1 тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өсч дэвжих хүсэл эрмэлзэлтэй сурагч залууст тэгш боломж, тэгш гарааг олгох зорилготой After school боловсролын аппыг бүтээсэн Экьюти Лаб хамт олон босгож чадлаа.
Чанартай боловсрол, өсч хөгжих боломжийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой тус шийдэл нь хүн хичээж хөдөлмөрлөхийн хэрээр өсч дэвжих боломжийн үүд хаалга нээгддэг гэсэн урам зоригийг хүүхдүүдэд түгээж, хичээлийн дараах цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг сэдэлжүүлэх аж.
Ингэхдээ сурагчдын авъяас чадвар, сонирхолд нийцсэн хичээлээс гадуурх дугуйлан давтлага, хөтөлбөр, арга хэмжээг санал болгохоос гадна гэр бүлийн санхүүгийн чадамжаас үл хамаарч, санаачлагаараа нийгэм, хүрээлэн буй орчиндоо эерэг үр нөлөөг бий болгосон хүүхдүүдийг өсч хөгжихөд нь чиглэсэн бэлэг, эрхийн бичгээр шагнаж байгаа нь шаркуудын анхаарлыг ихээхэн татсан юм.
Тус платформ нь нэг талдаа хичээлээс гадуурх өсөлт хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг дугуйлан, сургалтын төвүүдийг нэгтгэн бүртгэлжүүлж байгаа бол нөгөө талдаа хүүхдээ сургалт дугуйланд хамруулах хүсэлтэй эцэг эхчүүд сургалтын төвүүдийн байршил болон цагийн хуваарь, төлбөр, багш нарын чадавх, сурагчдын амжилтын талаар судалгаа хийх цаг хугацааг хэмнэх аж. Үүгээр зогсохгүй эцэг эхчүүд тус аппликэйшнээр дамжуулж хүүхдийнхээ хичээлээс гадуурх цагаа юу хийж, хэрхэн өнгөрүүлж буй талаарх өсөлт хөгжлийн тайланг харах боломжтой.
Тус боловсролын энтерпрайзын гол инновац нь сурагчид After school аппликэйшнд нийгэм, хүрээлэн буй орчиндоо үзүүлсэн эерэг нөлөөлөл, сайн дурын ажлаа бүртгүүлснээр өөрийн CV-г бүрдүүлээд зогсохгүй аппликэйшнээс санал болгож буй өөрт хэрэгтэй олон төрлийн урамшууллууд, сургалтын төвүүдийн эрхийн бичиг, тэтгэлгээр шагнагдах юм байна.
Дараах холбоос дээр дарж after school аппликэйшнийг татна уу. Илүү дэлгэрэнгүйг аfter school-ийн веб сайтаас аваарай.
боловсрол шарк танк сурагчид хүүхэд хүмүүжил хөрөнгө оруулалт
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.