Х.Уянга
11 сарын 17, 2025
Хөгшин хүн гэдгээр нь гэрт суулгаж, хүүхдээ харуулах гэдэг хүн олон бий. Ийм үед үр хүүхдүүд нь аав, ээжийгээ ойлгож хүссэн зүйлээ хийх боломжийг нь олгож байгаарай хэмээн ярилцлагын маань зочин аминчлан захив.
Бусдад хүний эрхийн мэдрэмжтэй хүн байхыг уриалдаг “Би нэг удаа” буландаа бид бүхэн 71 настай С.Галяг урьж ярилцлаа.
~АВТОБУСАНД ЯВЖ БАЙХАД ХӨГШИН ХҮМҮҮСИЙГ ГАДУУРХАХ ХАНДЛАГА ЦӨӨНГҮЙ АЖИГЛАГДДАГ~
Түүнийг нэг удаа автобусанд явж байтал жолооч “Хар өглөөгүүр хөгшин настай хүмүүс автобусанд чигжээд дүүргэчих юм” хэмээн дургүйцсэн хандлагатай хэлжээ. Тэр үед С.Галяд эвгүй, муухай мэдрэмж төрсөн байна. Жолооч түүнийг хойно сууж байгааг анзаараагүй ч настай хүн өглөөгүүр хойшлуулшгүй ажилтай явж байж болно гэдгийг тэрбээр онцолсон юм. Адаглаад эмнэлэгт үзүүлэх, ач зээгээ цэцэрлэг, сургуульд нь хүргэх гээд тэдэнд өглөөгүүр амжуулах ажил мундахгүй ажээ. Бүр ажил руугаа ч яарч байж болно шүү дээ хэмээв.
Харин тэр үед хэлсэн жолоочийн үг түүний сэтгэлийг эмзэглүүлж чимээгүй автобуснаас буусан байна. Тэрбээр, "Та бүхэн ч гэсэн миний насыг тойроод бус дараад гарах л байх. Адилхан аав ээжтэй хүмүүс байна, нэгнийгээ бүү ад үзэж, элдвээр хэлж байгаарай хэмээн" аминчлан захив.
Ер нь ахмад настнуудаа үл хүндэтгэх, өөдөөс нь үг сөрөх хандалга сүүлийн үед түгээмэл болжээ. Иймээс нийтийн тээвэрт ч, өдөр тутмын харилцаанд ч нэгнийгээ хүн гэдгээр нь харж, хүндэтгэлтэй хандаж байгаарай.
~НАСТАЙ ААВ ЭЭЖИЙГЭЭ ХҮҮХЭД ХАРААД ГЭР ЦЭВЭРЛЭЭД БАЙЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ХАНДДАГ НЬ ХАРАМСАЛТАЙ~
Заримдаа найз нөхөд рүүгээ залгаад “Амралтад явж, салхинд гарах уу?” гэхээр “Хөгшин нь хүүхэд хараад зав байхгүй байна аа” гэдэг юм. Ажиглаад байхад аав ээжийгээ “Та настай хүн байж юу хийж гадуур явдаг юм, гэртээ хүүхэд хараад сууж байвал болно” гэдэг хүмүүс байдаг юм байна лээ. Үүгээр ч зогсохгүй тэтгэврийн зээлийг нь тултал авхуулж үрж дуусгачхаад, гар хоосон бүртийлгээд аав ээжийгээ үлдээдэг нэгэн нь ч байна. Уг нь бид хүүхдүүдийнхээ ажилд тусалж, амьдралаа дээшлүүлэхэд нэмэр больё л гэж аль чадахаараа хичээдэг юм. Хөгшин хүн гэхээрээ заавал гэрт сууж гэрийн ажил хийж, хүүхэд харах албагүй шүү дээ. Байнга гэж хэлэхгүй ч зав чөлөөтэй үедээ найз нөхөдтэйгөө уулзаж, дуртай юм аа хийх хэрэгтэй гэж боддог. Энэ нийгэмд юм сонсож, дуулж байхгүй бол би хөгшин хүн гээд ард хоцроод баймааргүй байна шүү дээ. Хүн чинь үхэн үхтлээ суралцдаг юм гэнэ лээ. Тиймээс үр хүүхдүүд минь аав ээжийгээ хориглолгүй, дуртай зүйлээ хийхэд нь дэмжиж байгаарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.