Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдэээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 31-нд нийт 306 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 7 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тэээврийн 25 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 2 хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны сувилалд шилжлээ. 63 настай хүн 39 хоног, 35 настай хүн 51 хоног, 22 настай эмэгтэй 18 хоног, 20 настай эмэгтэй 19 хоногт эмчлэгдэн эдгэрлээ. Эдгэрсэн 5 хүний 2 нь орос, 3 нь монгол хүн.

Монгол Улсад коронавирусийн нийт 291 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эмчлэгдэн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 61 хүн эмчилгээнд байна. Тэдний 58 хүнийх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Тандалт, судалгаа үргэлжилж, дараагийн нислэгүүдээр ирэх хүмүүсээ хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаад ажиллаж байна" хэмээн мэдээллээ.