Дэлхийн оюуныг дэмжигч ”Төрдөг даам”-ыг зохиосон Д.Батжаргалтай ярилцлаа. Тэрээр ШУТИС-ийг механик-инженер мэргэжлээр төгссөн бөгөөд ”Төрдөг даам”-ыг зохиож Оюуны өмчийн газраас 2017 оны долдугаар сард зохиогчийн эрхийн гэрчилгээ  авчээ. Түүний сонирхол татам яриаг уншиж, эрүүл, оюунлаг тоглоом ”Төрдөг даам”-аар хүүхдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийхийг уншигчдадаа санал болгож түүнтэй ярилцсан юм.

-Юуны өмнө сэтгэн бодох чадварыг хөгжүүлэгч “Төрдөг даам” зохиосон монгол хүнийг оюуны чадварыг биширч танд баяр хүргэе. ”Төрдөг даам” бүтсэн түүхээс хоёулаа яриагаа эхэлье?

-Баярлалаа. Ээж, аавууд бүгд л нэг хүсэл, зорилготой гэж хэлж болно. Юу вэ гэхлээр үр хүүхдээ оюунлаг, эрүүл, зөв ёс суртахуунтай хүн болгохыг хүсдэг. \”Төрдөг даам” зохиох шалтгаан шууд бус утгаараа энэ байсан гэж хэлэхэд болно. Компьютер,гар утас гээд цахим техник технологи та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болчихлоо. Үүнтэй зэрэгцэн хүүхдүүд маань эрүүл бус тоглоомд татагдан улмаар сэтгэлгээ болоод бие махбодийн хувьд хохирч мэдэхэд хүрээд байна. Хүүхдээ аливааг олон талаас нь чөлөөтэй сэтгэдэг, эрүүл хүн болгоход эрүүл тоглоом чухал. Тэгвэл эрүүл, аюулгүй тоглоомын жагсаалтад шатар, даам нэг хоёроор бичигддэг. Миний хувьд шатар даамыг сонирхогчийн хэмжээнд тоглож ирсэн. Манай хүү даам, шатар тоглох дуртай. Нэг хэсэг өглөө эрт хичээлдээ явдаг эгчийгээ дагаад босч эхэлсэн. Уг нь хичээл нь өдөр ордог л доо. Би хүүгээ интернетэд орж тоглоом тоглохоос болгоомжлон дагаж босоод даам, бас шатар тоглож эхэлдэг байлаа. Цаг эрт болохоор хэд, хэд тоглоно. Хүүдээ урам өгнө, зааж зөвлөх зүйл гарна. Энэ үед ”Төрдөг даам”-ын шинэ санаа гэнэтхэн орж ирсэн. Хүүтэйгээ ч урьдчилсан байдлаар тоглож, сонирхолтой эсэхийг нь асуусан. Ингээд л ”Төрдөг даам”-ын туршилт болоод дүрмийг боловсруулахад хүү Өнөрбаяр маань хамтарч ажилласан даа. Бид хоёр маш олон удаа туршилтаар тоглосон.Тоглолт бүрийн үр дүнг үзүүлэлт бүрээр бичнэ. Ингэж л \”Төрдөг даам” мэндэлсэн.


-Яагаад “Төрдөг даам” гэж нэрлэв?

-Тухайн үед хэд хэдэн нэрний хувилбар байсан. Үрждэг, Ургадаг, Хатан, Төрдөг…гээд олон нэр марафонд оролцсон. Улмаар гэр бүлээрээ ярилцаад “Төрдөг даам” гэж нэрлэхээр болж билээ. Хатуу чанаргүй, зөөлөн шинж агуулсан тохирсон нэр өгсөн гэж боддог. Харин төрдөг даамын өмнөх, ”Дэлхийн оюуныг дэмжигч” гэх тодотголыг эхнэр маань \”хандивласан”. Энэ үг”Төрдөг даам”-ын оюунлаг чанарыг илтгэдэг. Ингэж шинээр зохиосон даам маань Дэлхийн оюуныг дэмжигч ”Төрдөг даам” гэх нэрийг хүртсэн.


-“Төрдөг даам”-ын ач холбогдол, давуу тал юу вэ?

-Мэдээж шатар болоод 100 буудалт даамын адил эрүүл, оюунлаг тоглоом. Уг даамын төрдөг шинж буюу онцлог өнөөгийн 3D технологитой төстэй мэт. Мөн тоглогчид дотоод, гадаад талаасаа энерги нөхөх шинжийг агуулж байдаг. Төрдөг даамыг талууд 14, 14 даамаар тоглодог ч тоглолтын явцад төрдөг шинж, онцлогоосоо хамааран нэг тал урсгал байдлаар 40 орчим даамаар ч тоглосон тохиолдол гарсан байдаг. Энэ нь төрдөг даамын тоглолтын хурд /ритм/ 100 буудалт даамыг бодвол ондоо буюу хурдан байдагтай холбоотой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээ авах үед Хяналтын хэлтсийн дарга нь үзэж танилцаад, “Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгоно, Төрдөг даамыг үндэстний хэмжээний брэнд тоглоом болгоорой…” гэж захиж байсан. Орчин үе буюу XXI зуунд улс үндэстний оршин байх үндэс, эрчимтэй хөгжил чухам юун дээр тулгуурлаад байгааг бид олж харах ёстой.

Миний бодлоор хэт бус үндэсний үзэлд тулгуурладаг. Аралын Япончууд манай улсад төсөл тусламжийн хүрээнд барьж өгсөн сургууль, цэцэрлэгтээ японыхоо Го даам, оригамигийн хичээл оруулахыг хүсэмжилдэг. Энэ зун Монголын даамын холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнд Турк даамыг нэмж оруулсан байх жишээтэй. Төрдөг даам зохиогдоод цаг хугацааны хувьд ердөө дөрвөн сар болж байна. Монгол улс, Монгол үндэстэн өөрийн гэсэн онцлог бүхий оюунлаг даамтай болсон төдийгүй, ирээдүйд олон улсын хэмжээний хөлөгт тоглоом болох боломжтой даам бол ”Төрдөг даам” юм. Төрдөг даамаар зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн бүхэн тоглох боломжтой. Төрдөг даам хүүхдийг тэвчээртэй суулгаж сургана. Анхаарлаа төвлөрүүлж сурахад маш их хэрэгтэй. Аливааг бодлогогүй хийх бус үр дүнд тулгуурласан үйлдэл хийх, шийдвэр гаргаж сурахад тусална. Харааны хэрсүү байдлыг өндөржүүлнэ. Төрдөг даамд хүний оюун ухаан, сэтгэн бодох чадварыг өдөөх, хөтлөх олон арван бодлого оршин байдаг. Одоогоор төрдөг даамыг захиалгын дагуу гэрээр нэмэлт төлбөргүйгээр хүргэж байна. Мөн “Тэди” төвийн гурван давхрын 17 тоот павилоноос худалдан авах боломжтой.


-Шинэ зүйл хөгжихөд дэмжлэг маш чухал байдаг. Таныг дэмжсэн байгууллага, хувь хүн байна уу?

-Одоогоор төрийн болоод хувийн хэвшлийн ямар нэг албан байгууллага, компанид хандаагүй байна. Тэгээд ч үндэстний хэмжээний тоглоом болгоход бодох, төлөвлөх улмаар төсөл хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хийх, боловсруулах ажил их бий. Ах дүүс, найз нөхөд гээд таньдаг мэддэг хүмүүс дэмжиж худалдан авч байна.

-“Төрдөг даам”-ын талаар 100 буудалт даамын мастерууд юу гэж байх юм. Тантай санал бодлоо солилцсон уу?
-Өөрийгөө насаараа даам тоглосон мастер байна гэсэн хэд хэдэн хүнтэй таарсан. Энгийн мөртлөө их сонин даам болж. Өмнө ийм шинж агуулсан даам харж байсангүй. Тэдний нэг надтай төрдөг даам тоглож үзсэн. Их л гайхсан бололтой найзыгаа дагуулан ирсэн удаатай. Зарим нэг нь сайн сэтгэж, баяр хүргэе гээд дэмжиж
худалдан авахаа илэрхийлэх жишээтэй. Иргэд энэ хаанахын даам бэ? гэж асууна, нөгөө нь асууж лавлачихаад чихнийхээ хажуугаар өнгөрөөх жишээтэй.


-Цаашид “Төрдөг даам”-ыг хөгжүүлэх талаар юу хийх вэ. Бодож, төлөвлөсөн зүйлээсээ
хуваалцана уу?

-Төрдөг даам их ирээдүйтэй тоглоом. Гэсэн ч үндэстний хэмжээний оюунлаг тоглоом болгохыг хүсвэл гараа хумхиад зүгээр суугаад байж таарахгүй. Олонд хүргэхийн төлөө уйгагүй хөдөлмөр зүтгэл хэрэгтэй. Эхний ээлжинд ”Төрдөг даам”-аа сурталчилан таниулах, худалдаалах төв байгуулах бодолтой байна. Хойшлуулж боломгүй бас нэг чухал ажил бол “Монголын Үндэсний Төрдөг даамын холбоо”-г байгуулах асуудал бий. Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд эрүүл чийрэг,оюунлаг хүмүүс болон өсөн торниосоо гэж хүсдэг. Тэгвэл төрдөг даамын оюунлаг чанар үүнд бүрэн нийцнэ. Дээр хэлсэнчлэн, аливааг бодлогогүй хийх бус үр дүнд тулгуурласан үйлдэл хийх, шийдвэр гаргаж сурахад тусална гээд төрдөг даамын олон давуу талыг нэрлэж болно. Шатар болон 100 буудалт даам нийт хүн төрөлхтний оюуны өмчид хамаардаг бол Төрдөг даам Монгол үндэстний оюуны өмч гэдэг утгаараа ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулж хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийхээс гадна үндэстний хэмжээний хөлөгт тоглоомтой болох боломж нээгдэх юм. Энэ утгаараа төрдөг даамыг монгол хүн нэг бүр дэмжиж ач холбогдол
өгч чадвал эрүүл, оюунлаг ирээдүйг бий болгоход Төрдөг даам багагүй үүрэг гүйцэтгэх юм.

-Тоглолтын үргэлжлэх хугацаа хэр вэ?
-Төрдөг даамын төрдөг шинж тоглогчид илт урамөгч чаддаг, тэр тусмаа хүүхдэд. Тэгвэл төрдөг шинж гэж юуг хэлээд байгаагтовчхон тайлбарлах нь зүйтэй байх. Төрдөг даамд, төрдөг буюу сартай даам хоёрталд тус бүр тав тав байдаг. Бүтцийн хувьд нэг сартай даам хоёр, хоёр сартай даамхоёр, гурван сартай даам нэг байх ба эдгээрийг арын эгнээнд байрлуулдаг.Тоглолтын явцад тоглогч эсрэг талаасаа төрдөг буюу сартай даамаараа идээ авсан тохиолдол бүрт өөрийнхөө талд тухайн даамын сарны тоогоор даам нэмдэг.


-Дүрэм бий юу?
-“Төрдөг даам”-д хэд, хэдэн дүрэм бий. Тоглолт дүрмийн дагуу явагдана. Зарим хүн төрдөг даамын эл шинжийг сонсоод, мөд дуусахгүй юм байна гэдэг. Тэгвэл бодит байдалд төрдөг даамын давалгаа мэт эл шинж тоглолтын үргэлжлэх хугацааг удаашруулах бус харин ч эсрэгээрээ хурдасгуур болж өгдөг. Өөрөөр хэлбэл, төрдөг даамын тоглолтын үргэлжлэх хугацаа 100 буудалт даамтай дүйцдэг.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Асууж лавлаагүй зүйл байгаа л байх?
-Би нэг л зүйл хэлнэ. Манайхан шатар, даамын хэрэглээн дээр анхаарах зүйл ажиглагддаг. Өнөөдөр айл бүр ширээн дээрээ комьпютертэй болсон. Хаа сайгүй комьпютер байна. Ухаалаг гар утасны хэрэглээний талаар яриад ч хэрэггүй. Хүн бүрийн халаас, нүдний өмнө гялтагнадаг болоод олон жил болжээ. Хүүхэд тань ганцхан товчлуур дараад комьпютерийн урд хэдэн цагаар хөдөлгөөнгүй сууж эрүүл мэнддээ хохирол учруулах боллоо. Гар утсаар ч их тоглож байна. Гэтэл хамгийн эрүүл, оюунлаг тоглоом болох шатар, даам ширээний нүдэнд хэвтэж байдаг. Хэзээ хэн тоглох юм мэдэхгүй. Байдал яг ийм л байна. Нөгөө шатар, даам байрлах ширээн дээр хиймэл цэцэг, сувинер залардаг. Бид үүнээс татгалзах хэрэгтэй. Шатар даам шургуулгад бус комьпютер, гар утастай нэгэн адил өөрийн гэсэн ширээ сандалтай, хэзээ ч тоглоход бэлэн, өрөөстэй байх ёстой. Ийм орчинг бүрдүүлэхээс гадна аав, ээжүүд хоорондоо болон хүүхдийнхээ хүссэн үед хойш суухгүй тоглож байх явдал нэн чухал юм.