ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөг иргэд жилдээ нэг удаа хөнгөлөлттэй нөхцөлөөр рашаан сувилалд хэвтэн эмчлүүлэх эрхтэй байдаг. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сараас хойш энэхүү үйлчилгээ бодит нөхцөл дээр зогсонги байдалд оржээ. Учир нь ЭМД-ын санд санхүүжилт хүрэлцэхгүй гэх шалтгаанаар сувиллын байгууллагуудад олгодог төлбөрийг 30 хувиар бууруулж, архаг хууч өвчний эмчилгээнд квот тогтоосон байна. 

Үүний улмаас залуу наснаасаа хөдөлмөрлөж, татвараа төлсөн ахмад настнууд хэрэгцээтэй үедээ эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүйд хүрч, эрүүл байх эрхээ бодитоор эдэлж чадахгүй байгаа асуудал хурцаар тавигдаж байна. Иймд peak.mn сайт энэ удаа рашаан сувиллын үйлчилгээний хүртээмж хумигдаж, иргэд цаг алдалгүй шаардлагатай эмчилгээгээ авч чадахгүй байгаа талаар мэдээллийг бэлтгэлээ. 


иргэдээ хүндээр өвчилж, эмчилгээ тусламж авахгүй байсаар үрэгдэж дуусаг гээгүй бол  рашаан сувилалд санхүүжилтийг нь олго

Ахмад настан Р.Оюундарь

Би осолд орж, дөрвөн мөчний хөдөлгөөн хязгаарлагдсан, нуруу, хүзүүний бэхэлгээтэй ирж байлаа. 10 хоногийн эмчилгээний дараа хүзүү эргэдэг, нуруу бөхийдөг болж, биеийн байдал эрс сайжраад гарсан даа. 

Тиймээс рашаан сувиллыг хаана ч орлохгүй, байгалийн хосгүй эмчилгээ гэж би үнэлдэг болсон. Жил болгон ирж, сувилуулж тэнхэрдэг юм. Гэтэл одоо бид ЭМД-аас хөнгөлөлт авах боломжгүй боллоо. 

Хамгийн багадаа долоо хоноход 700 мянган төгрөг, 10 хоног бол нэг сая төгрөгөөс давна. Би гэр бүлийн хүнтэйгээ хамт ирэхэд хоёр сая гаруй төгрөг төлж байна. Даатгалын хөнгөлөлтөө аваад бид ядаж замын зардлаа нөхчихдөг байв. Одоо бол нэмж л зарлага гарч байна.

Хамгийн гол нь сувилал үнэтэй байна гэсэн үг огт биш шүү. Харин ч хоногийн 100 мянган төгрөгт шавар эмчилгээ, бариа, рашаан эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, орчин үеийн сэргээн засах тоног төхөөрөмжөөр ч эмчлүүлчихнэ. Үүнийгээ би зардал гэж үзэхгүй ээ. Өөрийн эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт гэж хардаг. 

Бичлэг үзэх:

 

Бид бага залуугаасаа ажиллаж, татвараа төлчихсөн хүмүүс. Түүнийхээ үр шимийг одоо л амсах ёстой гэж ойлгодог. Гэтэл ЭМД-ын сан хоосорсон гээд сувиллуудад санхүүжилт өгөхөө больчихжээ. Тэгсэн мөртөө эрүүл мэндийн сайд, дарга нар нь иргэд жилдээ нэг удаа рашаан сувилалд ЭМД-ын хөнгөлөлт эдэлнэ гэж байнга худал ярьсаар л байна. Энэ асуудлыг л цэгцэлж, бодит ажил хэрэг болгоосой гэж ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хичээнгүйлэн хүсэж байна. 

Рашаан сувилал гэдэг зөвхөн ахмад настнуудаар хязгаарлагдахгүй. Энд нас насны өвдсөн, зовсон хүмүүс ирээд өвчнөөсөө ангижирч байна. Зарим нь тэргэнцэртэй, ар гэрийнхэн нь дамнуургаар зөөж авчирч байгаа нь ч харагдсан. Эмчилгээ дуусгаад буцахдаа явж чадахгүй байсан хүн хөл дээрээ босоод, өөрөө алхаад гарч байгаа жишээ олон бий шүү. 

Тэгэхээр Монголын төр ард түмнээ хүнд өвчин тусч, эмчилгээ үйлчилгээ авахгүй байсаар үрэгдэж дуусаасай гэж хүсээгүй л бол рашаан сувилалд санхүүжилтийг нь тасалдалгүй олгооч ээ. Өвчин эмгэгээ эрт эмчлүүлж, эдгэрэх, эрүүл, урт удаан наслах нэг боломж нь рашаан сувилалд эмчлүүлэх юм шүү гэдгийг л хэлмээр байна. 



ЭМД-ын шимтгэл төлөөд үйлчилгээ аваагүй бол жилийн эцэст мөнгөө буцаан авдаг улс орнууд бий

Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа 

Миний хувьд үе мөчний бэртэлтэй учраас эмчийн заалтаар жилд хоёр удаа, хавар намартаа заавал рашаан сувилалд явдаг юм. Шавар эмчилгээ, халуун рашаан, халуун шавар тавиулах, бариа, бумба гээд маш олон төрлийн үйлчилгээ авдаг. 

Эдгээр нь үр дүн сайтай, сэтгэл ханамж өндөр байдаг. Гэвч өнгөрсөн жилээс (2025) эдгээр үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлтөөс хассан. Урьд нь жилд нэг удаа 260 мянган төгрөгийн ЭМД-ын хөнгөлөлт эдэлдэг байсан.  Өнөөдрийг хүртэл ЭМД-ын мөнгөө тасралтгүй төлсөн мөртөө хариуд нь авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч, эрхээ эдэлж чадахгүй боллоо. 

Судлаад үзэхэд эмнэлэгт хэвтэж, өндөр үнэтэй эм бэлдмэл хэрэглэж, хүнд хагалгаанд орвол л ЭМД-аас хөнгөлөлт авах юм билээ.Гэтэл монголд маань хүнд өвчин тусаагүй ч биеэ тэнхрүүлэх, сувилуулах хэрэгцээ шаардлагатай олон хүн бий. Ихэнхдээ санхүүгийн шалтгаанаар ирж чаддаггүй шүү дээ. Заавал өвчнөө даамжруулж, хүндрүүлж байж л тусламж авах болж байна уу. 

Манай улсын тогтолцоо яагаад ийм байгаа юм бэ? Бусад улс оронд ЭМД-ын шимтгэл төлчхөөд тухайн жилдээ эмнэлгийн үйлчилгээ аваагүй бол мөнгөө буцаан авах боломж хүртэл байдаг юм билээ. Харин манайд эсрэгээрээ, шимтгэл төлсөн хэр нь үйлчилгээ авч чадахгүй, эмчилгээнд хамрагдаж чадаагүй байж мөнгөө ч буцааж авч чадахгүй байна. 


ахмадууд л ЭМД-ын санг хоосолж байгаа мэтээр худал ярьж байна

Ахмад настан Ш.Хатанбаатар 

Өнөөдөр зарим дарга нар ЭМД-ын сан хоосорсонд ахмадуудыг буруутгаж, хамаг мөнгийг нь ахмадуудын эмчилгээнд зарцуулж байгаа мэтээр ярьж байна. Үүнтэй хэн ч санал нийлэхгүй. Үнэн хэрэгтээ ахмадууд ЭМД-аар даралтын эм л үнэгүй авч байгаа шүү. 

Эмчилгээ үйлчилгээнд жилдээ багахан хөнгөлөлт эдлэх боломжтой гэдэг ч яг бидний зорьж очдог рашаан сувилалд нь квот олдохгүй, санхүүжилт нь хүрэлцээгүй байгаа шүү дээ. Үүнээс болж зарим ахмад шаардлагатай эмчилгээгээ хийлгэж чадалгүй хоног хугацаа алдсаар өвчин нь хүндрэх тохиолдол зөндөө гарч байна. 

Бид ажиллаж байх хугацаандаа ЭМД-д төлөх ёстой цагт нь шимтгэлээ өгдөг л байсан. Одоо эргээд хэрэгтэй үедээ ашиглаж чадахгүй байна шүү дээ. Энэ нөхцөл байдлыг ЭМЯ, Эрүүл мэндийн сайд, ЭМД-ын ерөнхий газарт  эргэн харж, рашаан сувиллын үйлчилгээнд ЭМД-ын дэмжлэгийг сэргээж, холбогдох санхүүжилтийг зохих хэмжээгээр олгохыг шаардаж байна.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.