Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь

Завхан голыг дагасан сайхан үнэрт чацарганы шугуй, түүний эргэн тойронд цэлийсэн өргөн тал хээр үргэлжилнэ. Энэ бол манай peak.mn сайтын сурвалжлах багийн зорин очиж буй ховор, нэн ховор амьтдын амьдрах өлгий нутаг Хомын тал билээ. 
Хотоос 1300 км-ын хол Завхан аймгийн Дөрвөлжин сум дахь энэ тал зургаан жилийн өмнө байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад орсон түүхтэй. Өнгөрсөн жил гэхэд Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн гэхээр баруун монголын ямар чухал нутаг болох нь харагдана. 
Энэ нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын нэг бол Б.Лхагвадорж юм. Тэрбээр уугуул нутагтаа, Хомын талын БЦГ-таа /Khomyn Tal National Park / тахьчин, ахлах байгаль хамгаалагчаар ажилладаг. Бид түүнтэй байгаль хамгаалал, нутгийн иргэдийн оролцоо, зэрлэг амьтдын талаар ярилцсанаа хүргэж байна.


зургийг нь харж өссөн тахьтай нутагтаа учирсан түүх

Хүүхэд байхдаа анх өвөө эмээгээсээ тахийн тухай сонсож билээ. Би бол номоос зургийг нь харснаас цаашгүй тул хул зүсмийн адуу гэж төсөөлж дуурайлгаж зурна. Дэл сүүл нь ургадаггүй юм болов уу, адууны дэл засчихсан юм шиг гээд сониурчихаж өсжээ.

...2004 онд манай нутагт тахь авчрахаар болж, сум даяараа л шуугиж байсан юм. Тухайн үед нутагтаа ирж чадалгүй явсаар, их сургуулиа төгсөж ирээд анх тахь гээч амьтнаа бодитоор харж байлаа. Төрж өссөн нутагтаа багадаа зурж байсан амьтнаа хамгаалах ажилд гар бие оролцож, судлаад 10 гаруй жил болжээ. 

Монголын тал хээрийн эзэн болж явсан тахь 1960-аад оноос хойш бүрэн устсан гунигт түүхтэй амьтан. Тэртээ 1800-аад оны сүүлээр Монголоос тахийн унагануудаас барьж, 84 -ыг Европын амьтны хүрээлэнгүүд рүү гаргасан юм билээ. Цаг эргэж, тэр амьтдын үр төлөөс шилж, 1990 оноос Монголдоо сэргээн нутагшуулах ажил эхэлсэн байдаг. 

Тухайн үеэс л манай Хомын тал тахь нутагшуулахад тохиромжтой бүс нутгаар яригдсаар ирсэн юм билээ. Ингэж биологич, эрдэмтэд, байгаль хамгааллын байгууллага, нутгийн иргэдийн дэмжлэгээр тахь сэргээн нутагшуулж буй гурав дахь газраар сонгогдсон юм.

2004-2005 онд Францаас эхлээд 22 тахь, дараа нь 2012 онд 4 тахь Чех улсаас тээвэрлэгдэж ирсэн. Үүнээс хойш өсөөд 150 гаруй тахьтай болжээ. 

Бичлэг үзэх:

 

Зэрлэг амьтан учраас төрсөн болгон нь өсөж, үржээд байдаггүй, байгалийн шалгарлын даван туулдаг. Одоохондоо байгаль дээрээ бие даан амьдрах нөхцөл нь бүрэн бүрдээгүй учраас тусгайлан газар нутаг гаргаж байгаа юм. Гэхдээ бид амьтны хүрээлэн шиг цаг үргэлж харж, хандаж өвс ундыг нь зөөлгүйгээр аль болох нөлөөлөхгүй байгалийн зөнгөөр нь өсөхөд анхаардаг. 

Тахийн амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд 2004 онд 14 мянган га газрыг хашаалж, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. 2022 оноос хамгаалалттай газар нутгийг өргөжүүлж, нийт 411 мянга га талбайг улсын тусгай хамгаалалтад авснаар Хомын талын байгалийн цогцолбор газар (БЦГ) хэмээн нэрлэгдэх болсон. 

Зураг

Тайлбар



Завхан аймгийн Дөрвөлжин сум, Хомын талд 2026.03.07




Завхан аймгийн Дөрвөлжин сум, Хомын талд 2026.03.07


Завхан аймгийн Дөрвөлжин сум, Хомын талд 2026.03.07

Хомын талд, Завхан голын эрэг дагуу ургасан чацарганы шугуй 2026.03.07

Тусгай хамгаалалтад авснаар байгаль өөрөөрөө сэргэж байна 

Тухайн нутаг орныг унаган төрхөөр нь хадгалах, цаашлаад аялал жуулчлал, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдолтой гэсэн газар нутгуудыг Байгалийн цогцолбор газрын /БЦГ/ ангиллаар улсын тусгай хамгаалалтад хамруулдаг.

Тусгай хамгаалалтад авсан газар амьтан, ургамлын төрөл зүйлүүд нь нэмэгдэж, гол усны урсац сайжирч түүнийг дагаад шувууд шинээр нүүдэллэн ирж, шавж, мэрэгч амьтад хүртэл өсдөг хуультай. Энэ нь ч манай Хомын талын жишээ дээр бодитоор харагдаж байна. 

Ирсэн хүн нүдээр хараад л мэднэ дээ. Хашаалсан талбай дотор ургамал дүүрэн байна.Завхан голоо дагаад чацарганы шугуй, төгөлтэй болчихлоо шүү дээ. Бид зориудаар мод суулгаж, тарьсангүй, байгалийн жамаараа л сэргэсэн нь энэ. Одоо амьтад голд орох жимгүй болтлоо шигүү ургачихсан. Гэтэл тусгай хамгаалалтын хашааны цаана харьцангуй тачир өвс ургадаг, бүр хөрсний доройтол ч ажиглагддаг. 

Өвс ургамал нь сайжраад ирэхээр шувуунаас эхлээд зэрлэг амьтад тогтож амьдарч эхэлдэг аж. Манайд одоогоор тахиас гадна монгол бөхөн, хар сүүлт,  янгир, цагаан зээр нүүдэллэж, тоо толгой нь тогтвортой өссөөр байна.

Жилийн өмнөөс ирвэс хүртэл суурьшчихсан. Уг нь манай Хомын талын уулс ирвэс амьдрахаар тийм өндөр биш шүү дээ. Гэсэн ч энэ нутагт тавтай сайхан байгаа учраас эзэн суухаар ирсэн хэрэг. Их сониуч амьтан юм билээ. Судалгааны камеруудыг оролдоод л тоглож байгаа элдэвтэй дүрс үлдээсэн байсан. 

Энэ бүхэн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсны л үр дүн шүү дээ.

Хомын талд маань гарсан эерэг өөрчлөлтүүд нөлөөлж, 2025 онд ЮНЕСКО-ийн "Дэлхийн Шим мандлын нөөц газар" хэмээх ангилалд бүртгэгдэн дэлхийд данстай боллоо. 


Дэлхийн Шим мандлын нөөц газар гэдэг нь биологийн олон янз байдал, байгалийн экосистемийг хамгаалах, мөн тухайн нутагт амьдарч буй хүмүүсийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой газар нутаг юм. Зарим судлаачид шим мандлын нөөц газрыг дэлхийн байгаль доройтсон ч амьд экосистемийг хадгалж үлдэх ‘сүүлчийн түшиц газар’ хэмээн зүйрлэдэг.



Зураг
Тайлбар


2025 оноос Хомын талд нутагшиж буй ирвэс, photo credit: Khomyn Tal National Park


Хар сүүлт зээр, photo credit: Khomyn Tal National Park



Монгол бөхөн, photo credit: Khomyn Tal National Park

Хулан жороо, photo credit:Khomyn Tal National Park

Хомын тал, photo credit: Khomyn Tal National Park


“Хамгаалалттай газар хүн амьдрахгүй” гэсэн ташаа ойлголт аажмаар засарч байна

Хомын талыг улсын тусгай хамгаалалтад авахаар яригдаж байх үед иргэд “Хамгаалалтад авчихаар хүн амьдрахгүй нь ээ, орон нутагтаа амьдарч болохгүй нь” гэж эмээдэг, андуу ташаа ойлголт байлаа. 

Хөдөөгийн бид өрхийн амьжиргаагаа залгуулахын тулд мал ахуйгаа л эрхэлж таарна. Гэхдээ зөвхөн малаа л өсгөе гэж хандвал тухайн үедээ хэрэгцээгээ хангахаас биш урт хугацаандаа байгалийн даац хэтэрнэ. Ялангуяа сүүлийн хэдэн жил мал бэлчээрлэж байгаа газар ургамал тачир сийрэг, илтэд доройтсон шинж анзаарагдаж байгаа юм. Ингэхээр малдаа ч, хүндээ ч хэцүү, эргээд зэрлэг амьтдадаа ч хэцүү нөхцөл байдлууд үүсэж байна л даа. 

Одоо харин манай нутгийнхан "Хэт олон тооны мал дэмий юм байна, нутаг орондоо зохицсон мал малламаар юм байна" гэцгээх болсон. Манайх цөлжүү хээрийн бүс болохоор тэмээ маллахад тохиромжтой гэдэг юм. Нэг үе ашиг өгөөжөө бодоод ямаа голдуу маллаж байв.

Хэдэн жилийн өмнөөс Хомын талын малчдаас торомны ноос авч, гар урлалын бүтээгдэхүүн хийлгэж Франц руу гаргадаг болсноор тэмээ маллах айл өрх нэмэгдсэн. Энэ мэтээр бага ч гэсэндээ өөрчлөлт гарч байгаа нь урт хугацаандаа нутаг орондоо нөлөөлж, малчдад үр шимээ өгөх нь гарцаагүй юм. Мэдээж эх нутгаа хамгаалж, энэ хэвээр нь өвлүүлж үлдээх нь нутгийн иргэдийн л хүлээх үүрэг. Одооноос өөрчлөгдөөд ирэхээр хойшдоо үр хүүхдүүд  маань ч улам л ийм хандлагатай хүмүүс болно гэж итгэж байна. 


тахийн тайван идээшлэхэд зориулсан орчин буюу 14 мянган га талбай

Манайх тахь нутагшуулж байгаа гурав дахь газар гэдэгтээ илүү анхаарах хэрэгтэй. Тиймдээ 14 мянган га талбай хашаалж, онцгой бүс болгосон байгаа юм. Энд тахийн сүрэг тайван амгалан идээшлэх л зориулалттай. Учир нь тахь бэлчээр нутагт нь гэрийн мал ойртох, гаднаас нөлөөлөл хүчтэй үүсээд ирэхээр догширчихдог юм. Хүнээр бол стресстээд байгаа хэрэг л дээ. 

Ингээд ирэхээр зарим гүү хээл алдана эсвэл унагаа хаячихдаг. Хээл авахгүй сувайрах тохиолдол ч байна. Энэ тохиолдол нь ихсээд ирэхээр сүргийн өсөлт удааширна. 

Одоохондоо тусгай газрыг хашаалснаар гэрийн адуу орж холилдох ч гэдэг юм уу, хүний бусад нөлөөллөөс бэлчээр нутгийн дарамтад орох нь багасчихаж байгаа юм. 

Сүүлийн 4-5 жилээс л манайд хориод гүү унагалдаг болж байна. Гэсэн ч тухайн жил гарсан унагануудаас байгалийн шалгарлаар явсаар мэнд үлдэх нь цөөн байдаг л даа. Тахийн азарганууд тулалдаж, ялсан нь сүргийн эзэн болдог хуультай. Өөрийн үр төлөө үлдээх сүрэг авсан азарга гүү хураахдаа өөр азарганы унагыг "барих" тохиолдол түгээмэл. Манай Хомын талд унаганы хоргодлын дийлэнх нь үүнээс шалтгаалдаг. Хэдий харамсалтай сонсогдох ч нөгөө талдаа тахь зэрлэг байгалийн зөнгөөрөө байгаагийн илрэл.

Өдөр болгон судалж, ажиглаж явдаг болохоор тахиудаа бид танина. Аль нь сүргийн толгой гүү болох шинжтэй байна, аль унага нь төлдөө сайн гүү байх нь гэдгийг ч ажиглаад мэдчихдэг болоод байгаа шүү.(инээв )

Эр унаганууд ч дөрөв,таван наснаасаа ямар зан авиртай азарга болох нь харагдана. Энэ нь үр төлөө үлдээсэн сүргийн эзэн болох нь дээ гэхэд л өнөөх чинь хэдхэн жилийн дараа тулаанд орж үзэж тараад ялаад сүргээ авдаг даа.

Манай Хомын талын БЦГ-т одоогоор 150 гаруй тахь бий. Бүгд нэртэй. Хэн нь хаана, ямар сүрэгт явж байна гэдгийг бид өдөр бүр бүртгэж, хянаж явах нь байгаль хамгаалагчдын гол ажил. 

Зураг
Тайлбар



 photo credit:Khomyn Tal National Park

 photo credit:Khomyn Tal National Park

 photo credit:Khomyn Tal National Park

Нэн ховор амьтныг сэргээн нутагшуулах, байгаль хамгаалах ажил нь нэлээд хөрөнгө шаардсан ажил байдаг. Тиймээс тахийн унаганд нэр өгч, байгаль, зэрлэг амьтан хамгаалах ажлыг дэмжихийг уриалах арга бий. Жил бүрийн хавар гарсан унагануудаас сонгож нэр өгөх боломжтой. Мэдээж нэр өгөхдөө 200 ам.долларын хандив өгөх журам үйлчилнэ. Үүнийг бид "унага үрчлүүлэх" гэж ярьдаг юм. 

Таны нэр өгсөн унага дэлхий дээрх бүх тахиудын удам зүйн мэдээллийн санд бүртгэгдэж, хувийн дугаартай ч болдог. Хандивлагчдаа сертификат гардуулж, жилдээ хоёр удаа нэрлэсэн унаганых нь мэдээллийг явуулдаг их сонирхолтой ажил бий. 

Гадаад дотоодын жуулчид, байгаль хамгааллын салбарын хүмүүс тахийг өсөж олуулаа болохыг нь харах, тухайн унагаа томроод сүргийн эзэн болж, үр төлөө үлдээхийг харах хүсэлтэй нэр өгдөг. Энэ хэрээрээ байгаль хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.  

Хомын талын тахиудаас унага "үрчлэлж", нэр өгөхөөр сонирхож байвал ЭНД ДАРЖ холбогдоно уу. 


хомын тал бол үр хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт нутаг минь юм

Энэ газар шороо, эх байгаль дээр л бидний амьдарч байгаа гэр орон, бүхий л амьдрал бүрэлдэж байгаа шүү дээ. Манай монголчууд эртнээс уул ус нүдтэй, чихтэй гэж ярьж ирсэн. Энэ бол үйлдэл бүрээ анхаарч, байгаль эхдээ хүндэтгэлтэй ханд гэсэн л санаа болов уу. Тиймээс байгаль хамгаалах ажилд хүн бүрийн оролцоо тэр дундаа нутгийн иргэд хамгийн чухал үүрэгтэйг хэзээ ч мартаж болохгүй.

Эцсийн дүндээ энэ газар бол бидний хэдэн үеэрээ амьдран жаргах өлгий нутаг юм шүү дээ. 

Хүн бүр эх дэлхийдээ эзэн сэтгэлээр хандаж чадвал уул ус, газар шороо маань хүртэл биднийг түшиж, энэ нутаг орон маань урт удаан хугацаанд амьдрал цэцэглэсэн сайхан нутаг хэвээр үлдэнэ гэдэгт итгэдэг. 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.