УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Уулзалтын үеэр нэр дэвшигч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Пүрэвжавын Сайнзоригийг хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

“Бид авлигатай тэмцэнэ гэхээр зөвхөн шүүх, цагдаа, прокурор, ял хариуцлага ярьдаг.

Ер нь авлигалын шалтгаан нөхцөлийг арилгах тэр дундаа төрийн үйл ажиллагааг ил тод болгох, бизнесийн маргааныг цагдаа шүүхээр бус бизнесийн зарчмаар шийдэх, энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна.

Авлигыг бууруулъя гэвэл хувийн эрх зүй, бизнесийн эрх зүйг цаашид хөгжүүлэх ёстой. Энэ чиглэлийн 30 гаруй хуулийн төслийг боловсруулсан, бэлэн байна. Үүнийгээ гүйцээнэ гэсэн том зорилго бий.

Манайд өнөөдөр бизнесийн эрх ашгийг ярья гэхээр хэнтэй ярих нь мэдэгдэхгүй байгаа. Жишээ нь Танхим гишүүнчлэлээрээ ярих юм бол бүгдийг төлөөлж чадахгүй. Бас Ажил  олгогч эздийн нэгдсэн холбоо ч бүгдийг төлөөлж чаддаггүй. 

Төр хэнтэй нь ярихаа мэдэхгүй учраас хэдэн компанийн лоббид орох магадлалтай. Тийм учраас Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай  хуулийг шинэчилж, бизнесүүдийг бүрэн төлөөлдөг чадавхитай болгож байж Монголд бизнесийн эрх зүйн орчин нийтлэг байдлаар сайжирна" гэлээ.