Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй өглөөний уулзалт хийлээ. Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, салбарыг богино хугацаанд эргэн сэргээх чиглэлээр тодорхой гарц, шийдлүүдийг гаргахаар хэлэлцэв.

Энэ үеэр тус салбарын төлөөллүүдийн хэлсэн үгээс хүргэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.


"Таванбогд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан: 

Аялал жуулчлалын салбар цар тахлаас үүдсэн энэхүү хямралыг боломж гэж харах хэрэгтэй. Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээж авах боломжтой. 

Тодруулбал, Манай хоёр хөрш орон, БНСУ, Япон, Хонконг гээд дөрвөн улсаас аялдаг жуулчдын тоо жилд 341 сая байна. Харин хүн ам нь 1,7 тэрбум. Эдгээр таван улсын 341 сая жуулчны 0,9 хувийг хүлээн авахад 2029 онд 3.069.000 жуулчин авах боломжтой гэсэн үг.

Бидэнтэй соёл, ёс заншил, үндэсний өв адилхан Өвөрмонгол 2019 онд 197.5 сая жуулчин хүлээж аваад 69 тэрбум ам.доллар олжээ. Гэтэл манай эдийн засаг 13 тэрбум ам.доллар байгаа. Өвөрмонголчууд яагаад ингэж хийж чадаж байгаа гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Нийт асуудлын 99.9 хувь нь агаарын тээврээс хамаарна.

Агаарын тээврийн асуудлыг шийдэж чадвал 2029 онд нийт 7.5  сая хүн тээвэрлээд МИАТ-ийн зах зээл 50 хувь байгаад энд 30 хувь буурсан ч манай улс 3,2 сая жуулчин хүлээж авах боломж байгаа. 

Монголбанкны гарсан судалгаагаар бол 2019 онд 300 мянган жуулчин хүлээж авч 450 сая ам.доллар олж байсан бол 2029 онд 4,7 тэрбум ам.доллар олох боломжтой. Манай улсын эдийн засгийн 20 хувь нь аялал жуулчлалаас хамааралтай байх боломжтой” гэлээ.


Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоооны тэргүүн Н.Нарангэрэл: 

Ковидын хамгийн том хохирогч, ажилгүй болсон 88 мянган хүний нэг нь би өөрөө. Бидний ажил эрхлэлт бүрэн зогссон. 100 хувь орлогогүй болсон байна. Тиймээс ХНХ-ын сайд болон БОАЖ-ын сайдад тодорхой хүсэлт тавья. Сайн дурын даатгалд хамрагддаг хүмүүсийн тасалдсан даатгалын асуудлыг шийдэж өгнө үү” хэмээлээ.


Жуулчны баазуудын зөвлөлийн гишүүн, "Монголий Вояаж ХХК"-ийн захирал С.Алтантуяа:  

Монгол Улсад нийт 526 жуулчны бааз, амралтын газар байгаагаас 2019 онд 450 жуулчны бааз үйл ажиллагаа явуулсан. Эдгээр 450 жуулчны бааз нь 20.000 ор, хоногийн хүчин чадалтай. 31.5 тэрбумын цалингийн сантай. Нийтдээ 10.000 гаруй ажилчинтай. Нэг зуны буюу 4-5 сарын хугацаанд 90 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан байна. Жуулчны газрууд маань тусгай хамгаалалттай газар нутаг буюу 21 аймагт тархан суурьшиж байрладаг учраас орон нутгийн малчид, иргэдээс худалдан авалт нэлээд их. 22.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, худалдан авалт хийсэн байна.  

2020 онд жуулчны баазууд ажиллаагүй. Амралтын газруудтай андуурч ажиллаж байна гэх яриа гарсан. 20.000 ор, хоногийн хүчин чадал 75 хувиар буурсан. Цаашлаад ажилчдын тоо 88 хувиар, цалин 93 хувиар, борлуулалтын орлого 96.2 хувиар буурсан. Малчдыг дэмжих орлого 4 хувь болтлоо буурсан. Жуулчны бааз тухайн орныхоо эдийн засагт өндөр үр нөлөөтэй ажилладаг. Тэр дундаа зөвхөн жуулчин хүлээн авахаас гадна ресторан, эвент арга хэмжээ, мэдээллийн төв, крфи шоп гээд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Жуулчны баазууд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд вакцинжуулалт нэн чухал байна. Мөн цар тахлын улмаас бараг 18 сарын турш тэг зогсолт хийсэн тул уян хатан нөхцөлтэйгөөр хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргасан. Учир нь жуулчны баазуудын олонх нь зээлтэй, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөртэй тул зээл авах шалгуур хангахгүй" гэв.


Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнхмөнх:

Аялал жуулчлалын 14 ТББ нийлж, санал асуулга явуулсан. Томоохон яаралтай шийдвэрлэх асуудал байна. Аялал жуулчлалын холбоо, гаднаас жуулчин оруулж байгаа байгууллагууд бүгд ирсэн байна. 2019 онд 1,6 их наяд төгрөгийг аялал жуулчлалын салбар руу оруулсан байгаа юм. 607 сая ам.долларыг Монголдоо оруулж ирсэн. Урлаг соёл, ресторан, зам тээврийн гэх мэт салбарт энэ мөнгө орсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2 хувийг эзэлж байна. 

Нийтдээ 577 мянган жуулчин урьж авчирчээ. Үндэсний авиа компаниуд хасах руу орчихсон. Онгоцууд зогсоол дээрээ сул зогсч байна. Харин 2020 онд аялал жуулчлалын салбараас олох орлого маань 65 хувиар буурсан. 

Аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажиллах хугацааг хэсэгхэн хугацаанд тооцоод бодоод гаргахаар 880 гаруй тэрбум төгрөгийг цалин гэж олгодог юм байна. Энэ нь 310  сая ам.доллар. Нөгөө 600 гаруй сая ам.долларынхаа тал нь манай салбарын 89 мянган ажилтанд цалин хэлбэрээр очсон байна. Харамсалтай нь 2020 онд орлого байхгүй, цалингүй ажлаасаа халагдсан чөлөө авсан байдалтай байна" гэв.



Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам