Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд оролцогчдын саналыг нэгтгээд 10 санаачилга гаргаж, өнөөдрөөс заримыг нь хэрэгжүүлж эхэлж байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг өндөрлөхдөө мэдэгдсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ: МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний чуулганд оролцогчдын саналуудаас эхний ээлжинд 10 ажлыг  хийж хэрэгжүүлнэ. Ингэхдээ төр хувийн хэвшил, олон нийтийн оролцоотой ажлын хэсэг байгуулж хамтран хийж хэрэгжүүлнэ. Зарим ажил өнөөдрөөс шууд ажил хэрэг болоод явна. 

1. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын газар нэмж олгохгүй

2. Хөвсгөл нуурын нөлөөллийн бүс дэх 5 газрын хур хогны цэгийг цэгцэлнэ.

3. Нүхэн жорлонг цаашид нэгийг ч нэмэхгүй. Одоо байгаа нүхэн жорлонг үе шаттай цэгцлэх арга хэмжээ авна. Үүнд ногоон зээлийг чиглүүлэх боломжийг ч өнөөдрөөс судалж эхэлнэ.

4. Тухайн бүс нутаг дахь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад аттестатчилал явуулна. 

Үүнийг ААН-үүдээ боомилох нь гэж ойлгож болохгүй. Тэнцэхгүй тохиолдолд ямар тусламж дэмжлэг илүү шаардаж байна гэдгийг ч судална. ТББ, Экологийн цагдаагийн албатай хамтарсан ажлын хэсэг ирэх 7 хоногоос ажилдаа орно.

5. Усан тээврийн үйл ажиллагаанд ОУ-ын стандарт нэвтрүүлнэ. Хөвсгөл нуурт 100 гаруй жижиг, дунд оврын усан онгоц, зав ажилладаг мэдээ байна. Мөн аялагчид өөрсдөө ч онгоц, завьтай ирдэг. Үүнд стандарт мөрдөнө. 

6. Хөвсгөл нуурын усны чанарын лабораторийг шинэчилж өргөжүүлнэ. 

7. Хөвсгөл нуурт живсэн машинуудыг татаж гаргах үйл ажиллагааг эхэлнэ. 

ОБЕГ-ын мэдээгээр 20 гаруй машин байна. Үүнийг нарийвчлан судлахаас ажлаа эхэлнэ. 

8. Жанхай, Ханх чиглэлийн автомашиныг замыг сайжруулна. 

Түр отоглох цэгүүдийг сайжруулна, нэмж барина. Манайхан бие засах газар гэж ойлгоод байдаг. ОУ-ын стандартын дагуу түр отоглох цэг байгуулна.

9. Хөвсгөл нуурын судалгаа шинжилгээний төвийг байгуулна. 

10. Хөвсгөл нуур түшиглэсэн аялал жуулчлалын цогц төлөвлөгөө гаргана. 

Энэ нь Хөвсгөл аймгийн хөгжлийн мастер төлөвлөгөөтэй уялдана. Тухайлбал ОУ-ын нислэг хийх боломжоор хангах зэргээр асуудлыг шийднэ.

-Хөвсгөлийн ТХГ-т газар олгохгүй гэсэн шийдвэрийг өмнөх сайд нар ч гаргаж байсан. Гэсэн ч биелээгүй. Түүх давтагдах вий? 

-Дээрх чиглэлүүдээр Засгийн газар шийдвэр гаргана. Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарна гэж ойлгож байна. Дээр нь Үндэсний хөтөлбөр ч шаардлагатай. 

-Монгол улсын, дэлхийн цэвэр усны нөөц гэдэг утгаараа Хөвсгөл нуурыг түшиглэсэн аж ахуй эрхлэх, бизнес хийх талаа түрүүнд битгий тавиач ээ гэдэг санал шүүмжлэл ч чуулганаар цөөнгүй гарлаа. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Аялал жуулчлал хөгжих ёстой. Гэхдээ хор нөлөөтэй байдлаар хөгжүүлж болохгүй. Энд стандартын л асуудал бий. Эко үйл ажиллагаа эрхлэх асуудлыг стандартаар л зохицуулна. Үүнд дээр илүү анхаарах ёстой.