Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй өглөөний уулзалт хийлээ.

Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, салбарыг богино хугацаанд эргэн сэргээх чиглэлээр тодорхой гарц, шийдлүүдийг гаргахаар хэлэлцэв.

Энэ үеэр Ерөнхий сайд "Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбаруудын нэг нь аялал жуулчлал. 

Аялал жуулчлалын салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан. Дараа нь төр огт оролцохгүй 100 хувь хувийн хэвшлийнхэнд өгөөд орхисон. Өнөөдрөөс шинэ хуудас эхэлж байна гэж би харж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл бодитойгоор эхлээсэй гэж хүсэж байна. 

Судалгаанаас харахад манай улс агаарын тээвэр дээр сул байна. Тийзний үнэ, өрсөлдөөн, либералчлал муу байна. Аялал жуулчлалын компаниуд хувьдаа маркетинг хийдэг ч Монгол Улс нэгдсэн байдлаар дэлхийд маркетинг хийж чадахгүй байна. Аюулгүй байдал тал дээр манай улсыг гайгүй гэж үздэг юм байна. Орон нутгийн нислэгийг хөгжүүлэх шаардлага байна.

Том асуудлаа эхэлж шийдэхгүй бол жижиг асуудлуудыг шийдэж чадахгүй гэж бид дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийг энгийн горимд оруулахгүйгээр аж ахуйн нэгжүүдэд зээл өгч, айл өрхүүдэд халамж тараагаад нэмэргүй. Бидний стратеги бол төр, хувийн хэвшлийн түншлэлээ сайжруулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд зах зээлийн чөлөөт цусны эргэлтийг нээх юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г хийж, Улаанбаатар хотын 523 мянган өрхөөс шинжилгээ авсан. Үндсэндээ Монгол Улс суурь судалгаа, халдварын асуудал үүслээ гэхэд хэсэгчилсэн хаалт хийх боломжтой болсон.

Аялал жуулчлалын урсгал нэмэгдэх тал дээр агаарын тээврийн либералчлалтай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэе. 

Мэдээж үндэсний агаарын тээврийн компаниа бодно. Гэхдээ боломжит хамгийн өндөр түвшинд дэлхийн бусад авиа компанийн зах зээлийг нээнэ. Ингэснээр хүний урсгал нэмэгдэнэ. МИАТ илүү өрсөлдөх чадвартай болно. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн рүү оруулна. Мэдээж төр авиа компанитай байх нь зөв. Гэхдээ нэг агаарын тээврийн асуудлыг шийдэхийн тулд аялал жуулчлал гэдэг эдийн засгийн маш том тулгуур салбарыг хорлохгүй.

Мөн бид хилээ энэ оны 5 дугаар сарын 01-нээс нээх асуудлыг судалж үзье. Засгийн газрын хуралдаанаар маш нухацтай ярья. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг 5 дугаар сарын 01-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг тааж, амлаж чадахгүй ч ингэхийн төлөө Засгийн газар чадах бүх зүйлээрээ хичээнгүйлэн ажиллана" хэмээлээ.