Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм

Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн 3 дахь үе шат амжилттай хэрэгжсээр байна. Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс орон нутгийн сургуулиудад очиж, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн тусалж буй. Энэ удаа төвийн А бүс буюу Төв, Дархан-Уул аймгийн 20 сургуулийн чиглүүлэгч багш Б.Нямцэцэгтэй ярилцлаа. Бид Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрөөр нэвтрүүлж буй багш нарыг багт нэгтгэх аргын үр дүн, ач холбогдлын талаар ярилцсан юм. 

Нэг хүүхдийг 6 багш анхаарах систем 

Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд бид 32 долоо хоногийн хугацаанд 4 брэнд ажлыг тухайн сургуульд “нутагшуулдаг”. Үүний нэг нь багт нэгтгэх менежмент юм.

Багш нар багаар ажиллана гэхээр ихэнх сургуулиуд “Заах аргын нэгдэл, мэргэжлийн хөгжлийн бүлэг гээд багаар ажилладаг шүү дээ. Дахиад өөр баг гарах шаардлага байна уу” гэж хүлээж авдаг. 

Заах аргын нэгдэл бол босоо тогтолцоо. Гол зорилго нь сурагчдыг анги ахих бүрд тухайн хичээлийг ямар залгамж холбоотойгоор заах вэ гэдэгт төвлөрдөг. 

Үеийн багийн систем бол хөндлөн тогтолцоо буюу зөвхөн нэг үеийнхээ хүүхдүүдийг хариуцаж ажилладаг. 

Жишээ нь наймдугаар ангийн 4 бүлгийн ангийн багш нар нь нэг баг болдог. Үүнд хичээл заадаг ч анги даагаагүй 1-2 багш нэмэгдэнэ. Наймдугаар ангид сурдаг нийт 150 хүүхэдтэй 6 багш тулж ажиллана гэсэн үг. Ингэснээр багш тус бүр 30 хүүхдийн араас хөөцөлддөг бус, нэг хүүхдийг 6 багш нэгэн жигд анхаарч ажиллах систем болгож байгаа юм.

Алтан гурвалжин дотор ирээдүйн зөв монгол хүн бэлтгэгддэг

 “Сууж сурсан хүүхдэд хичээл заах урамтай” гэж багш болгон  ярьдаг.  Гэвч манай боловсролын систем хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарсан тодорхой арга зүйгүй явсаар өнөөг хүрсэн. Зөвхөн тухайн багшийн туршлага, ур чадвараас шалтгаалж хүүхдүүд өөр өөрөөр төлөвшдөг нь нууц биш. 

Тэгвэл  хүүхдүүд маань бүгд хүмүүжил төлөвшлийн хувьд асуудалгүй байж чадаж байна уу? Амжилттай суралцагч хангалттай байна уу? гэж асуухад ихэнх багш толгой сэгсэрдэг. Энэ бол хүүхдэд зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй хүмүүжил төлөвшил, эрүүл мэндийн хувьд ч өв тэгш хөгжүүлэх нь чухлыг харуулж байгаа хэрэг. 

Шинэ Монгол сургуулийн хувьд үүнийг товчоор алтан гурвалжин гэж нэрлэдэг. Үүнийг хичээлийн хөтөлбөр гаргадаг шиг системтэйгээр тусгаж анхаарахын тулд багш нар багаар ажиллаж үр дүн гаргаж байна. Орон нутагт ажиллаж байхдаа энэ арга зүйгээс гарсан жишиг болохуйц олон үр дүнг харж байлаа.

Бичлэг үзэх: 

Ажлаа цэгцтэй төлөвлөхөд туслах нь буюу багт нэгдэхийн давуу тал 

Анги удирдсан багшийн ажил дуусдаггүй. Ангийнхаа сурагчдыг дүрэмт хувцас өмссөн эсэхэд санаа тавихаас эхлээд хичээлийн ирцийг нь хянах, хоцорсон бол уулзаж ярилцах, анги цэвэрлэгээ хариуцах гээд үндсэн ажлын хажуугаар хийх ажил олон. Үүнээс болоод даасан ангидаа хичээл заах 40 минутын 5-10 минут нь үрэгддэг талтай.

Тэгвэл багт нэгдсэн багш нарын ажил шал өөрөөр өрнөдөг. Багт хуваагдах биш багт нэгдэх гэж дахин тодотгон хэлье. Тухайлбал багт нэгдсэн багш нар ажлын 5 өдрийг хуваан хариуцаад тухайн өдрөө жижүүрлэдэг. 

Жишээ нь би даваа гарагийн жижүүр байлаа гэхэд 8 дугаар ангийнхаа 150 хүүхдээс хичээлээс хоцорч, тасалж байгаа эсэхийг хянаж, хүмүүжил төлөвшил, сургуулийн дадлаа хэрхэн хэрэгжүүлж байна гэдгийг тэр өдрийн турш хариуцаж ажиллана. Дараагийн өдрүүдэд бусад багш нар маань ажиллана.  Ингэснээр би үлдсэн өдрүүдэд хичээл заахдаа бэлдэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах гээд бусад ажлаа чөлөөтэй амжуулах цаг гардаг.

Багш нарын ачаалал 15-20 хувиар буурах боломж 

Сургуулиуд багш нараа үеийн багаар ажиллуулаад жилийн дараа үр дүнг нь мэдэрч эхэлдэг.  

Тухайлбал өнгөрсөн жил манай хөтөлбөрт хамрагдсан Ховд аймгийн “Прогресс”  сургууль дээр харьцуулалтын судалгаа хийхэд багш нарын ачаалал 15-20 хувиар буурсан тухай хуваалцаж байлаа. 

Бас 12 дугаар ангийн сурагчдыг ч гэсэн үеийн системд оруулсан туршлага ч бий. Ингэснээр хүүхдүүд анги ангиараа талцах бус, үеэрээ нэг ангийн хүүхдүүд шиг харилцаж сурдаг. Үр дүнд нь үе тэнгийн дээрэлхэлт гэдэг зүйл байхгүй болсон гээд багш нар нь баяртайгаар ярьж ч байлаа.


Харин эхний жилдээ хэрэгжүүлж байгаа сургуулиудын хувьд багахан хүндрэл гарч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон жил хэвшсэн арга барилаа өөрчлөх амаргүй шүү дээ. Гол нь өөрсдийн онцлогтоо тохируулж, нутагшуулж авч үлдэнэ гэсэн нэгдмэл ойлголттойгоор шантрахгүйгээр оролдох нь чухал.  

Зураг
Тайлбар

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 11 дүгээр сургуулийн удирдлагын баг

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ЕБС

Төв аймгийн Баян сумын ЕБС

Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС


Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрт хамрагдсан багш нарын сэтгэгдлээс  

Ю.Оюундарь: Залуу багш нар туршлагатай багшаас суралцаж, хамтран ажиллах боломж бүрдсэн

/Төв аймгийн Архуст сумын ЕБС-ийн багш /


Манай сургууль 9 жилийн сургалттай, анги болгон нэг л бүлэгтэй болохоор үеийн багт нэгтгэхэд багахан бэрхшээл гарсан. Хөтөлбөрийн чиглүүлэгч багштайгаа ярилцлаад энэ онцлогтоо тохируулж,багш нар маань баг болсон. Ингэхдээ

1-2 дугаар анги

3-4 дүгээр анги

5 дугаар анги

6-7 дугаар анги

8-9 дүгээр ангиудыг баг болгоод өнгөрсөн 12 дугаар сараас хойш ажиллаж байна. 

Анхны ангиа дааж байгаа миний хувьд өнгөрсөн жил анги удирдах арга барил тогтоогүй, эцэг эхчүүдтэйгээ ойлголцож чаддаггүй, хэцүүхэн нэг жилийг давсан л даа. 

Энэ жил харин багт нэгдсэнээрээ туршлагатай багш нартайгаа хуваарийн дагуу тогтмол уулзаж, хамтарч ажилладаг болсон. Өмнө нь асууж тодруулах нөхцөл боломж тэр бүр олдохгүй, ахин дахин асуугаад төвөг удах вий гэж халгах үе ч гардаг байсан. Одоо бол бүгд хамтарч нэг нэгэндээ туслаад, арга барилаа хуваалцаж байгаа учраас олон зүйлийг сурч мэдэх, хөгжих боломж гарсанд олзуурхан ажиллаж байна. 

Ө.Уянга: Багш нар багаар ажиллаж мэдээллээ нэгтгээд хартал асуудал ил харагдаад, юу хийх нь тодорхой болсон

                                                                                                                                                                                                                                                                                                                                       /Төв аймгийн Баян сумын ЕБС-ийн багш/


Бид хоёрдугаар сараас үеийн багаар ажиллаж эхэлсэн. Манай багт 8, 9 дүгээр ангийн багш нар дээр хими, орос хэл, технологийн багш нар нэмэгдээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Багаар ажиллах менежментийн хүрээнд гарааны үнэлгээ хийдэг болж байгаа нь их үр дүнтэй юм билээ. 

Жишээ нь бид сурагчдынхаа гэрийн даалгавар хийх дадлыг судалж үзсэн. Ингээд багш нар мэдээллээ нийлүүлтэл асуудал ил харагдаад юу хийх нь тодорхой болчихсон. 

Манай судалгаагаар 8 дугаар ангийн сурагчдын даалгавраа тогтмол хийдэг хувь нь өндөр байхад 9 дүгээр ангийнхан бага үнэлгээтэй гарсан. Тэгэхээр багийнхан маань нийлээд 9 дүгээр ангийн хүүхдүүд дээр төвлөрч, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Эхний үнэлгээгээр даалгавраа тогтмол хийдэг хүүхэд 82 хувьтай байсан бол нэг сарын хугацаанд 89 хувьд хүргэж чадсан. Нэг л хичээлд төвлөрөх биш бүх хичээлийг хийдэг болсон гээд бага гэлтгүй өөрчлөлт гарч байгаа нь амжилтын эхлэл.

Мөн багаар ажиллаж эхэлснээс хойш  "Наймдугаар анги л миний анги, миний зааж байгаа хичээл дээр л даалгавраа хийж байвал боллоо" гэхээ больж, сургууль нийтээрээ яаж хөгжих вэ гэдэг хандлагатай болсон нь хамгийн том ахиц юм.


Сонирхуулахад, "Төрийн өмчийн ЕБ-ын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийн IV үе ирэх хичээлийн жил хэрэгжихээр боллоо.

?Асуулга бөглөх: https://forms.gle/nnfZxQe5gdGTpJiZ7

Та бүхэн сургуулийнхаа менежментэд шинэ салхи оруулж, багш, хамт олноо хөгжүүлэх чинхүү хүсэл эрмэлзэлтэй бол манай урьдчилсан асуулгад хамрагдаарай.

Асуулга 2025 оны 5-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 72026060, 94110838 дугаар болон Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ- хаягаар холбогдож авах боломжтой.

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.