Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 07-нд нийт 370 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 368-аас нь коронавирус илрээгүй, хоёр хүнээс коронавирус илэрлээ. Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирч тусгаарласан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүнээс коронавирус илэрсэн. Энэ хоёр нь Алтанбулаг боомтоор орж ирсэн 20, 22 настай эмэгтэй.

Бусад шинжилгээг тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор 8 хүнд хийсэн шинжилгээ, өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж ажиглах байранд тусгаарлагдсан 172 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн, Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй, бүгд сөрөг гарсан.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 24 настай эмэгтэй тэрээр 50 хоног эмчлэгдэн эдгэрсэн. 

Монгол Улсад коронавирусийн нийт 227 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 195 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. Одоо 32 хүн эмчлүүлж буйгаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 1 нь хүндэвтэр байна" хэмээлээ.