Улаанбаатар хотын худалдааны танхимаас уриалга гаргалаа.

Дэлхий дахинд “Шинэ корона вирус”-ын халдвар тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаад бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Монгол улсын эдийн засгийн хөгжлийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх буюу 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд Улаанбаатар Хотын Худалдааны Танхим “Шинэ корона вирус”-ын халдвартай холбоотойгоор бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг судлан үзэхэд дотоодын ихэнх үйлдвэрлэгчдийн импортоор авдаг түүхий эд, материалын нөөцийн хомсдолтой холбоотойгоор үйлдвэрлэл доголдож, экспортлогчид, ялангуяа уул уурхайн экспортлогчид, тэдний туслан гүйцэтгэгч ЖДҮ эрхлэгчид, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, орлого хумигдаж эхэлж байна. Энэ нь цаашлаад эдгээр аж ахуйн нэгжүүд, тэдний ажиллагсдын авсан төрөл бүрийн зээлийн эргэн төлөлтөд ч мөн сөргөөр нөлөөлнө.

Иймд Улаанбаатар Хотын Худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн байгууллагуудад дараах УРИАЛГА гаргаж байна.

Нийт ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:

  • Эдийн засаг, нийгмийн бусад хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улс, орон нутгийн төсөвт яаралтай тодотгол хийх;
  • Эдийн засаг, бизнесийн өмнө тулгарч байгаа дээрх бэрхшээлүүдийг гүнзгийрүүлэхгүйн тулд бизнесийг хаах, хориглох аливаа захиргааны үйлдлийг хэрэгжүүлэхгүй байхад анхаарах;
  • Бараа бүтээгдэхүүний гадаад худалдаа, тээвэрлэлтийг халдвар, хамгааллын аюулгүй байдлын тусгай нөхцөлтэйгээр чөлөөтэй хэвээр үлдээх;
  • Бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, орлого нь хумигдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын улсын төсөвт төлөх ёстой татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг багасгах, хөнгөлөх, эсвэл эдгээрийг төлөх хугацааг хойшлуулах шийдвэрийг яаралтай гаргаж хэрэгжүүлэх;
  • Улсын болон орон нутгийн тусгай сангуудаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан зээл, түрээсийн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн банк, санхүүгийн байгууллага, ААН-үүдэд шаардлагатай хөнгөлөлттэй зээл, санхүүжилтүүдийг олгох;
  • Гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газруудаар дамжуулан БНХАУ-аас импортлодог байсан үйлдвэрлэлийн түүхий эд, материалыг өөр улсуудаас импортлох боломжийг яаралтай судлан хувийн хэвшлийнхэнд мэдээлэх, үүн дээр үндэслэн шинэ худалдах, худалдан авах гэрээ хийх гэж байгаа хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжил, логистик, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, энэ үйл ажиллагаанд Улаанбаатар Төмөр Зам, МИАТ зэрэг гол тээвэрлэгч нарыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах;
  • Цаашид үүсч болох эрсдэл, хүндрэл бэрхшээлийг хувийн хэвшил, ТББ-уудтай хамтран тооцож урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг болох.

БАНК, САНХҮҮ, ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:

  • Шинэ корона вирусын халдварын эсрэг авч буй арга хэмжээтэй холбоотойгоор үйл ажиллагаанд нь хүндрэл учирсан бизнес эрхлэгчид болон тэдгээрийн ажилтнуудын бизнесийн болон бусад зээлийн эргэн төлөлтийг хөнгөлөх, хойшлуулах санаачилга гарган хэрэгжүүлэх;
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудад форс мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, баталгаажуулалтыг түргэн шуурхай олгох, энэ талаарх мэдээллийг өргөнөөр сурталчилах;
  • Өөрийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний тархалтаас сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх.

 УДИРДАХ ЗӨВЛӨЛ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ