Японы нийтийн тээвэр 28 жилийн дараа анх удаа үнээ нэмлээ. 

Нэмэгдсэн өртгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зорчих нөхцөлд анхаарах, шинэчлэлт хийхэд зориулах аж. Японы нийтийн тээвэр олон талаараа орчин үеийн технологийн гайхамшиг болж, тэргүүлэх амжилтанд хүрсэн ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байсаар ирсэн.

Тэгвэл Токиогийн метроны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн хүрээнд метроны бүх буудлуудад цахилгаан шат, тавцангийн дэлгэцтэй хаалгыг сайжруулж, үйлчилгээний туслах ажилчдыг нэмэгдүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслуулах юм байна. 

Түүнчлэн бэрхшээлтэй зорчигдыг  саад бэрхшээлгүй зорчих маршрутын зургийг санал болгодог  “Smooth Metro” нэртэй хоёр хэлээр ярьдаг шинэ вэб сайтыг хөгжүүлж байгаа аж.

Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй орчин нь зөвхөн галт тэрэг, метроны буудлуудаар хязгаарлагддаггүй. Учир нь цар тахлын өмнө тус улсыг зорьсон жуулчид Японы барилга байгууламж, аялал жуулчлалын газруудад  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй хэмээн шүүмжилж байсан юм.

Тухайлбал машины зогсоол тэргэнцэртэй хүмүүс зорчиход хэтэрхий жижиг, налуу зам, цахилгаан шатгүй, олон давхар сургуулийн хуучин барилгууд зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олны нүднээс далд байлгах ёстой гэсэн буруу хэвшмэл ойлголттой холбоотой. Энэ мэт хүртээмжгүй орчин нь  Японд хөгжлийн бэрхшээлийн талаар шударга бус, сөрөг ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлдэг тухай ч мэргэжилтнүүд хэлж байлаа. 

Мөн Япон улсад олон улсын чанартай хурал зохион байгуулахдаа зөвхөн шатаар орох боломжтой хоёрдугаар давхрын өрөөнд товлодог байжээ. Энэ нь тэргэнцэртэй иргэдийн төлөөллөөс оролцох боломжгүй болгож буй үйлдэл байсан хэмээн дүгнэж байжээ. 

2021 онд Bloomberg News мэдээлснээр  Японы ажиллах хүчинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс АНУ, Их Британи, ЕХ-ны орнуудтай харьцуулахад маш бага төлөөлөлтэй байдаг. Тодруулбал, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ердөө 19% нь ажил эрхэлдэг гэсэн судалгаа бий. Япон улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид бүр хожим буюу 2014 онд зуны олимп зохион байгуулах шийдвэр гарахад нэгджээ. Ингэснээр уг конвенцид нэгдсэн 140 дэх орон болж байв. 

Үүнээс хойш Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж, оролцоог дэмжих тал дээр цөөнгүй өөрчлөлт гарчээ. Түүнчлэн Токио- 2020 зуны олимп зохион байгуулсантай холбоотойгоор энэхүү өөрчлөлтийг хурдасгажээ.

Энэ талаар Японд аялал жуулчлалын вэб сайт ажиллуулдаг, тархины саажилтын улмаас тэргэнцэр хэрэглэдэг Канад гаралтай Жош Грисдейл гэх иргэн “Сүүлийн жилүүдэд тэргэнцэртэй хүмүүст зориулсан зориулалтын зай бүхий галт тэрэгний вагоны тоо огцом нэмэгдэж, тасалбарын саадгүй хаалга түгээмэл болсон. Нийтийн тээврийн ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахын тулд ашигладаг систем мөн шинэчлэгдэж байна. 

Жош Грисдейл  "Accessible Japan"ийг үүсгэн байгуулагч

Өмнө нь ажилчид тэргэнцэртэй хүмүүсийн хамрах хүрээг зохицуулахын тулд гараар бичсэн зааварчилгааг дагадаг байсан. Одоо Токио метро зэрэг операторууд QR код, таблет эсвэл ухаалаг гар утсанд суурилсан системийг ашиглаж байгаа нь станцуудын хооронд жигд ажиллаж, ажилтнуудад илүү олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах боломжийг олгож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Токиогийн автобусны нэг буудал дээр гэхэд өдөрт 3000 гаруй зорчигч холхидог. Ийм их ачаалал төвлөрсөн Токиогийн галт тэрэгний бүх буудлыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх шаардлагыг хангахын тулд Японы засгийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй болон ялгаварлан гадуурхалтын эсрэг” шинэ хууль тогтоомжууд гаргаж байна.

Тухайлбал, уламжлалт зоогийн газар, дэлгүүр, томоохон худалдааны төвүүдийг дахин магадлан итгэмжилж эхэлжээ. Ингэхдээ орчин нөхцөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан уу, ээлтэй шийдэл гаргасан эсэхийг харгалзан үзэж байгаа аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголтыг залрүүлах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх сургалт,  холбогдох PR кампанит ажлуудыг өрнүүлж эхлээд байна.

Ийнхүү Японы засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч ажиллаж буйн олон улсын шинжээчид “Японд аялал жуулчлал эрчимтэй сэргэж байгаатай холбоотойгоор тулгарч буй хамгийн том сорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй гэсэн дүр төрхөө арилгах явдал болж байна” хэмээн дүгнэжээ.


Эх сурвалж: Bloomberg 

Орчуулсан: М.Хишигмаа