Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдын тав  хүртэлх  хувь нь  ажилдаа явж, замын  хөдөлгөөнд  нийтийн тээвэр болон  хувийн унаагаар  оролцож байгаа. Улмаар нийтийн тээвэр 21 чиглэлд 180 автобус өглөө 07:00-09:30, өдөр 12:00-15:00, орой 17:00-22:30 цагийн хувиараар үйлчилгээнд гарч байна. Гэхдээ өглөө, оройны ид ачаалалтай үед нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон.

Харин өнөөдрөөс замын хөдөлгөөнд  оролцож эхэлсэн иргэдээс  72  цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол  төрүүлж,  ажилтан,  албан хаагчдыг чирэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тайлбар хийж,  холбогдох албаныханд  үүрэг чиглэл  өглөө.