Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна” гэдгээ хэлсэн.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл өгч байна. Тухайн айл нь хаяган дээрээ байхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэдээлэл авч чадалгүй, шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн хувьд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна” гэлээ.