Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэж, хяналт тавих, санал, дүгнэлт гаргахаар УИХ-ын Түр хороо өнөөдөр хуралдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Анх Уханьд коронавирусийн өвчлөл гарахад иргэд нь гудамжид явж байгаад ухаан алдаж унаж, нөхцөл байдал маш хүнд байсан. Манай улсад өвчилсөн хүмүүсийн дунд айхтар хүндэрсэн хүн байхгүй гэж байна. Энэ юунаас болж байна вэ. Дархлаатай холбоотой юу. Коронавирус мутацид орж, шинж чанар нь өөрчлөгдөж байна уу. Яг цар тахал мөн үү. Вакцин ирэхээр иргэдийг хэрхэн хамруулах вэ" гэж асуулаа.

Хариултад нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирус мутацид орж, өөрчлөгдөж буй тохиолдлууд олон улсад бүртгэгдэж байгаа. Гэхдээ үзүүлэх нөлөөлөл, гарч буй шинж тэмдэг, хүндрэх хүний тоо төдийлөн өөрчлөгдөөгүй. Нийт өвчлөлийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр явж байна. 

Манай улсад өвчлөлийн тохиолдол харьцангуй цөөн байгаа учраас одоогоор биеийн байдал нь маш хүнд хүн байхгүй. Өөр байгаа бас нэг шалтгаан нь манай улс өвчлөлийг хүндрүүлэхгүй эрт илрүүлж, арга хэмжээ авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буйгаас хүндрэл харьцангуй бага гарч байна. Хүмүүсийн дархлааны тогтолцоо нь улс орны хүн амын онцлог, оршин сууж байгаа газар, хэрэглэж буй хоол хүнснээс хамаарч өөр өөр байдаг. Манай улсын онцлогтой зүйлүүд байж болох талууд бий.

Коронавирусийн өвчлөл яалт ч үгүй цар тахал гэдэг нь тогтоогдсон. Энгийн томуу мэтээр ойлгож, анхаарлаа сулруулж болохгүй.

Манай улсын нийт хүн амын 60 орчим хувь нь вакцинд хамрагдах шаардлагатай гэж тооцоолсон. Хуулийн дагуу иргэд сайн дураараа вакцинд хамрагдана. Вакцин шинээр гарч буй учраас 18 хүртэлх насны хүүхдүүдэд вакцин хийхгүй" хэмээлээ.