Б.Баясгалан
11 сарын 19, 2020
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамнаас үндсэн гурван чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
Нэгдүгээрт тархалтыг хумих буюу барьж авч зогсоох, хоёрдугаарт тандалт, хариу арга хэмжээ, гуравдугаарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Ковидын бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 гээд нийт 1400 орчим орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн орны 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглана. Ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний тусламж чухал учраас эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Бидний судалгаагаар хүн амын нэг хувь халдварт өртөхөд 2500-3000 ор шаардлагатай. Харин өнгөрсөн хугацаанд бид улсын хэмжээнд нийт 4500 орны төлөвлөлтийг гаргасан байгаа.
Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудаа хангах, хамгаалах нэг удаагийн хэрэгслийн гурван сарын нөөц бий. Хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэхдээ бид аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын компаниудаас авч байгаа.
Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй резинэн бээлий зэргийг гаднаас татан авч байна.
Коронавирусын шинжилгээ хийж байгаа өрхийн эмнэлгүүд болон тохиолдол илэрсэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хувийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-аас хангаж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.