Цахим хэрэглээ хурдацтай хөгжиж буй энэ үед хүн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бусдаас асуулт асууж тэдний үзэл бодлыг нь интернет орчинд байршуулах тохиолдол улам бүр нэмэгдэж байна. Үүний эерэг үр дүн олон ч тухайн хүнийг, хүүхдийг хүсээгүй байхад нь, зөвшөөрөл авалгүйгээр зураг, дүрсийг нь олон нийтэд цацах нь тохиромжгүй юм. 

Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч хүүхдээс ярилцлага авахдаа юуг анхаарах ёстойг хүргэж байна.

Бүх төрлийн ярилцлага, дүрс бичлэг, фото зураг авахдаа тухайн хүүхдээс болон түүний асран хамгаалагчаас зөвшөөрөл авах ёстой.

- Тухайн хүүхэд болон түүний асран хамгаалагчид ярилцлагын зорилго, түүнийг юунд ашиглах гэж байгаагаа тайлбарлаж өг.

- Ярилцлага авах хүүхдийг сонгохдоо түүний нас, хүйс, яс үндэс, шашин шүтлэг, гарал үүсэл, боловсолын түвшин, бие бялдрын хөгжил зэргээр нь бүү ялгаварла.

- Хүүхдээс хаана, ямар орчинд ярилцлага авч байгаагаа анхаар. Ярилцлага авах үед байх сэтгүүлч, зурагчдын тоог хязгаарла. Хүүхдэд тухтай, хэний ч дарамт шахалтад орохгүй, чөлөөтэй ярих боломж нөхцлийг бүрдүүл.

- Кино, видео, радиогийн ярилцлага зэрэгт хүүхдийн цаана сонсогдож, харагдах орчин тухайн хүүхдийн амьдрал, асуудлыг хэрхэн илэрхийлж болохыг сайтар бодож үз. Хүүхдийн амьдарч буй гэр орон, орон нутаг, орчин тойрныг санаандгүй харуулснаар хүүхэд аюулд орж болзошгүйг анхаар.

- Хүүхдэд хэзээ ч битгий муухай ханд. Тухайн хүүхдийг шүүмжилсэн, буруушаасан, эсвэл үндэснийх нь ёс, жаягт үл нийцсэн асуулт асуух үйлдэл хийхээс зайлсхий. Хүүхдийг аюулд оруулах, бусдад гутаан доромжлогдох эрсдэлд бүү оруул. Хүүхдийн өмнөх зовлон, шаналалыг бүү сэдрээ.

- Зохиомол ярилцлага бүү хий. Тухайн хүүхдээр өөрт нь огт хамаагүй зүйл хэлүүлэх, үйлдэл хийлгэх ёсгүй.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ БАЙ


Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар