Нобелийн шагналт сэтгэл судлаач ба эдийн засагч Даниэл Канэман Thinking, Fast and Slow номондоо залуу хүмүүст асар их ач холбогдолтой нэгэн сэтгэл судлалын судалгааг (номын 5-р бүлэг, хуудас 401 ) дурджээ.

Дээд боловсрол амьдралын сэтгэл хангалуун байдалд хэрхэн нөлөөлдөг талаар өргөн хүрээнд хийсэн судалгаагаар залуу хүн өөртөө зорилго тавих нь амьдралынх нь турш хичнээн их нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судалгааны датаг 1976 онд сайн их сургуулиудад орох болзлоо хангасан 12,000 хүний дунд 1995–1997 оны хооронд явуулсан санал асуулгаас бүрдүүлсэн.

Эдгээр хүмүүсийг 17, 18 настай байхад нь та ирээдүйд санхүүгийн хувьд биеэ даасан, хангалттай орлоготой, эд хөрөнгөтэй байхын ач холбогдолд (мөнгөний ач холбогдол) оноо өгч үнэлэх даалгавар өгчээ (1–4 оноогоор үнэлэх, “чухал биш=1 оноо”, “маш чухал=4 оноо”).
20 жилийн дараа буюу 1995 онд тэд нараар бөглүүлсэн нэмэлт асуулгад орлогын хэмжээ болон амьдралын сэтгэл ханамжийн талаар асуужээ.

Зорилго хүний амьдралд асар их өөрчлөлтийг авчирдаг. Санхүүгийн хувьд өсөж дээшлэх хүсэлтэйгээ санал асуулгад тэмдэглэн үлдээсэн залуучуудын ихэнх нь үнэхээр тэр зорилгодоо хүрчээ.

Санал асуулгад оролцсон 597 эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд л гэхэд мөнгөний ач холбогдлыг 1 оноогоор ахиу үнэлсэн хүмүүсийн жилийн орлого нь бусдаасаа даруй 14,000 ам доллараар илүү байсан (1995 оны ам доллаар). Гэрлэсэн ч хөдөлмөр эрхэлдэггүй эмэгтэйчүүд мөн адил санхүүгийн амбицаа гүйцэлдүүлж чадсан.

Мөнгөний ач холбогдлыг 1 оноо илүүгээр үнэлсэн эмэгтэйчүүдийн өрх бусдаасаа 12,000-с илүү ам доллараар нэмэлт орлоготой байсан.

Түүнчлэн, тус судалгаагаар хүмүүс 18 насандаа байхдаа мөнгөн орлогод хэр их ач холбогдол өгнө насанд хүрсэн хойноо орлогын хэмжээндээ төдий чинээ сэтгэл хангалуун байдгийг олж тогтоосон.

Судалгаанд өндөр орлоготой группын (200,000 ам доллараас дээш орлоготой өрхүүд) амьдралын сэтгэл ханамжийг бага ба дундаж орлоготой группын (50,000-с доош орлоготой) амьдралын сэтгэл ханамжтай харьцуулжээ. Мөнгөний ач холбогдлыг өндрөөр үнэлсэн хүмүүсийн хувьд амьдралын сэтгэл ханамжид үзүүлэх орлогын нөлөө их байсан ба харин мөнгөний ач холбогдлыг багаар үнэлсэн хүмүүсийн хувьд нөлөө нь бага байжээ. Санхүүгийн хувьд боломжтой болохыг хүсээд түүндээ хүрч чадсанууд нь дунджаас илүүтэйгээр амьдралдаа сэтгэл хангалуун байсан. Харин хүсээд чадаагүйнууд нь илүү сэтгэл дундуур үлджээ.

Судалгааны дүнд нэг ажиглагдсан зүйл нь хүрэхэд дэндүү хэцүү зорилго тавиад хүрч чадаагүй үед амьдралд сэтгэл гонсгор явах нэг шалтгаан болдог аж. 20 жилийн амьдралын сэтгэл ханамжийн дата дээр үндэслэн харвал тайзны урлагийг бүрэн эзэмшинэ гэсэн зорилго хамгийн хүсэмжит бус зорилго байсан (аливаа урлаг, чадварыг бүрэн эзэмшинэ гэдэг нь хэмжихэд төвөгтэй учир тэр болов уу).

Хүмүүс өсвөр насандаа ямар зорилго тавих нь тэд хэн болох, юу хийх, хийсэн зүйлдээ болон амьдралдаа сэтгэл хангалуун байхад асар их нөлөөтэйг Daniel Kahneman тэмдэглэжээ. Өнөөдрийн бэлэнчилсэн сэтгэлгээ хожмын бүрсгэр, сэтгэл дундуур амьдралын дохио гэлтэй.

Мөнгө мэдээж амьдралд бүхнийг шийдэхгүй ч амьдралын нэг чухал хэсэг.