П.Мөнгөнсор
01 сарын 02, 2024
Шинэ жил эхлэхээр “New year, New me” гэж ярих хүмүүс олширдог доо. Энэ бол шинэ ондоо шинээр өөрийгөө бүтээж, хуучин муу зуршлуудаасаа салах тухай ойлголт юм. Үнэндээ хүн бүр л оны эхэнд шинэ зорилго тавьж, жилийн хугацаанд юу хийж бүтээхээ төлөвлөдөг ч бодсоноор болохгүй байх тохиолдол олон.
Тиймээс хуучин оныхоо алдаа оноог дүгнэж, ирэх жилд юу хийхийг хүсэж байгаа вэ гэдгийг тодорхойлж өгдөг энгийн хэр нь ид шидтэй арга хуваалцъя.
Энэхүү асуултуудыг Америкийн зохиолч, амьдралын көүч Мэл Роббинс подкастынхоо 131 дахь дугаарт хуваалцсан юм.
Салбар салбартаа амжилттай яваа эрхмүүдээс эхлээд дэлхийн томоохон корпорацууд стратегийн төлөвлөлтдөө ашигладаг энэхүү асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
#1-р асуулт: 2023 онд танд ямар чухал, онцлох үйл явдал тохиолдсон бэ?
Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн он дуусах хүртэл таны амьдралд ямар үйл явдлууд өрнөсөн талаар бодоод үзээрэй.
Үүний дараа утасныхаа зургийн цомгийг гүйлгэн үзвэл хэзээ, юу болсныг нэгийг ч орхигдуулахгүй санах болно.
Ингээд харахад бүтэн жилийн турш ямар их зүйл өрнөсөн юм бэ гэж бодогдох болно. Таны амьдралд бодсоноос чинь ч илүү баялаг байгаа биз?
#2-р асуулт: Өнгөрсөн жилийн хамгийн хэцүү нь юу байв?
Толгойд тань хамгийн эхэнд орж ирсэн хариултыг тэмдэглээд аваарай. Дараа нь энэ жилд ямар хэцүү зүйлс тохиолдов, юу нь хэцүү байсан гэдгийг нухацтай бодоод дараах таван ангиллын дагуу хуваагаад бичээрэй.
/Эрүүл мэнд; карьер & орлого; харилцаа; аз жаргал & баясал цэнгэл; амьдралын утга учир & хүсэл тэмүүлэл/
Хамгийн чухал нь хэцүү зүйлээсээ ямар сургамж авсан тухайгаа сайтар тунгаан бодоорой.
#3-р асуулт: Энэ жил өөрийнхөө тухай юу олж мэдэв?
Сайхан, муухай дурсамжуудаараа аялсны эцэст энэ бүхнээс өөрийнхөө тухай юуг олж мэдэв гэдэгт хариулах хэрэгтэй. Эхний 3 асуултын хариулт таныг амьдралынхаа аль хэсэгт явааг хэлж өгөх болно.
За, өнгөрснөө дүгнэсэн бол ирээдүйгээ төлөвлөх цаг ирлээ.
Дараагийн гурван асуултад “Stop, Start, Continue” гэсэн дарааллын дагуу хариулна.
#4-р асуулт: Энэ жилээс эхлэн хийхээ болих эсвэл амьдралаасаа гаргаж хаях зүйл тань юу вэ?
#5-р асуулт: Энэ жил юуг үргэлжлүүлэн хийх вэ?
#6-р асуулт: Энэ жил юуг шинээр юу хийж эхлэх вэ?
Хариултаа дээр дурдсан таван хэсэгт ангилж байгаад тус бүрээр нь бичиж үзээрэй.
Энэ дасгалыг ажилласны үр дүнд та амьдралдаа болж, бүтэж байгааг нь үргэлжлүүлэн хийж, болохгүй байгааг нь больж, шинээр өөртөө эерэг дадал хэвшүүлэхийн тулд юуг шинээр хийж эхлэх тал дээр ойлголттой болсон байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.