"Угтаа гайхамшигт учралын агшин мөнхийн хайр бий гэх горь найдлагыг төрүүлдэг. Харин миний хувьд хайр ер бусын гайхамшиг гэхээс илүүтэй машид хүнд хөдөлмөр, тодорхой цаг хугацааны доторх мөнхийн байгууламж, үзэл санаа бүрээ нэг нэгээр нь өрж босгосон "Хоёр хүний" туршлага юм."

Тагтаа паблишингийн зүгээс уншигчдадаа өргөн барьж буй философийн цувралын хоёрдугаарх болж, Францын философич Ален Бадьюгийн "Хайрын магтуу" хэмээх нимгэн боловч чамбай нэгэн бүтээл ийнхүү хэвлэлтээс гарлаа.

Ален Бадью бол  манай цаг эриний онцгой сэтгэгчдийн нэг, философичоос гадна жүжгийн зохиолч, романч, математикч, улс төрийн идэвхтэн гэдгээрээ чамгүй алдартай. Тэрээр өөрийн философийн дөрвөн гол тулгуурын нэг болгон "Хайр"-ыг онцгойлон авч үзэж, энэ сэдвээр дагнасан бүтээлүүд олныг туурвисны нэг нь одоо таны унших эл ном юм

Санамсаргүй учралаар учирч, болзолгүй нөхцөл байдлуудыг хамтдаа даван туулах явцдаа амьдралыг өөрсдөдөө шинээр нээдэг хайр сэтгэл хэмээгч нь цахим тооцоолол, хэт техникээр зэвсэглэсэн орчин үеийн нийгэмд мөнөөхөн санамсаргүй, гэнэтийн шинж чанараа алдаж, ид шид нь доройтсоор эгээ л мөхөх аюултай нүүрэлдээд буй тухай философич халаглан бичжээ.

Номын хэсэгт "Үнэндээ эхлэлийн хөөрөл бол хайр сэтгэлийн хамгийн гайхамшигтай хэсэг биш. Сэтгэл хөөрөл, догдлол үргэлжлэх нь ойлгомжтой. Гэтэл хайр гэдэг бол хамгийн сүүлийн мөч хүртлээ тэсэж үлдэх бат бөх байгууламж юм. Хайрыг бид ухарч няцашгүй адал явдал ч гэж нэрлэж болмоор. Адал явдал зайлшгүй ч, няцашгүй тууштай чанар түүн лүгээ адил шаардлагатай. Эхэн үеийн саад бэрхшээл, хурц санал зөрөлдөөн, хэрүүл маргаанд бууж өгөх нь хайрыг гутаахаас хэтрэхгүй. Цаг хугацаа, орон зай, хорвоо ертөнцөөс өгөх саад бэрхшээлийн өмнө зарим үед тэсэшгүй бэрх санагдах хэдий ч өнө удаан жил сөрөн зогсож чадсан нь л жинхэнэ хайр юм.... Секс хоёр хүнийг ойртуулж дотносуулдаггүй, харин ч салгаж тусгаарладаг. Учир нь сексийн таашаал бол асар хувийн юм. Секс бол бусдын биеэр дамжуулж өөрийгөө л мэдрэх үйл. Тиймдээ ч сексийн дараа асар их хоосрол мэдрэгддэг. Тэр хоосролыг нь харин хайр нөхөж дүүргэдэг юм" хэмээн бичжээ.

Орчуулагч Ц.Энх-Од, орчуулгын редактор Б.Дэлгэрмаа, уран сайхны редактор Б.Баясгалан, ерөнхий редактороор Ц.Дэлгэрмаа,  хавтасны зураач: Ж.Ариунтуяа, хавтасны дизайнер З.Мандах нар ажиллажээ.