Peak.mn
01 сарын 29, 2026
Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн Европын зургаан улсад нээсэн. Тодруулбал, Ergelt.mn мэдээллийн сайтын хамт олон орчин цагийн нүүдэлчин монголчуудын ахуй амьдралыг харуулсан 32 хөрөг бүхий сэтгүүл зүйн бүтээлийг Унгар, Австри, Чех, Швейцар, Итали, Франц улсад 2025 оны арваннэгдүгээр сард нээсэн билээ.
Тэгвэл “Сүүлчийн нүүдэлчид” номын Монгол Улс дахь нээлт өнөөдөр /2026.01.29/ Чингис хаан Үндэсний музейд боллоо.
Номын нээлтэд сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн судлаачид, ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй сонин, телевиз, цахим сайтын төлөөлөгчид, хүрэлцэн ирж оролцлоо.
Энэхүү номд, Ergelt.mn мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Хөвчийн харыг хаа таарсан газраа очиггүй бууд...”, "А.Уранбаяр хүүгийн ширгэсэн ойд өнгөрүүлсэн 11 хоног” хөрөг сурвалжилга,
Ерөнхий редактор Б.Энхмартын “Цас, амьдралын зудан дундуур”, “Усчин хүү Тулгаа” хөрөг,
сэтгүүлч Б.Цогбаярын “Цасан дундах цагаан халадтан”, “Охиндоо өгсөн түүний амлалт” хөрөг,
сэтгүүлч Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун” хөрөг,
сэтгүүлч Б.Бадралмаагийн “Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр”, “Мөнх хаст Хархираа уулын өврөөс Хар Тарвагатайн шил хүртэл тэмээтэй нүүдэл” хөрөг,
сэтгүүлч Гүнжидийн “Нүүрний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулж, амьд үлдсэн Б.Жамсран”, “Осгож, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч” хөрөг,
сэтгүүлч Н.Отгонбаатарын “Дахин давтагдашгүй морин хуур”, “Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом” хөрөг,
сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Тэнгэрийн араншиг танигч”, “Сургуульдаа мориор явдаг ах дүү хоёр” хөрөг,
сэтгүүлч О.Эрдэнэтунгалагийн “Сургуулийн галч”,
сэтгүүлч Х.Доржпаламын “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, "Говийн бор толгод дундаа хэдэн янгираа услаад зогсох шиг жаргал алга даа, дүү минь” хөрөг сурвалжилга,
сэтгүүлч, оюутан Х.Анаргүлийн “Бүргэдтэй нөхөрлөсөн анчин Х.Ардакын түүх” тэргүүтэй 32 хөрөг багтсан.

“Сүүлчийн нүүдэлчид” номыг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр англи хэл рүү хөрвүүлж, Олон улсын улс төр судлаач, орчуулагч, эдийн засагч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос редакторлаж, англи, монгол хэл дээр хэвлүүлэн нийтлээд байна.
Монголчуудын амьдралын ховор содон түүхийг өгүүлэх энэхүү ном нь монголын төдийгүй дэлхийн ховор сонин сэдэв эрж хайдаг уншигч, зохиолч, судлаачдад гарын авлага болох сэтгүүл зүйн баримтат бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн “Сүүлчийн нүүдэлчид” ном нь монголчуудын амьдралын ховор содон түүхийг англи хэл дээр сэтгүүл зүйн бүтээл болгон хэвлүүлж буй анхны хэрэг ном гэдгээрээ онцлог болж байна.
Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид:

Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.229.120.193] ・ 3 өдрийн өмнө Хариулах
Сайхан бүтээл гаргаж байгаад маш их талархаж байна аа Худалдаалах дэлгүүр хаана вэ