БЗД-ийн 14 дүгээр сургууль 4–5 дахин их ачаалалтай байна

Хүдэрчулууны Хулан
02 сарын 09, 2026

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, С.Эрдэнэбат, А.Ундараа нар өнөөдөр Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сургалтын орчин, ачаалалтай танилцлаа. 1500 хүүхдийн суудалтай тус сургуульд өнөөдрийн байдлаар 6300 гаруй сурагч суралцаж байна. 

Сургуулийн анги танхимууд хэт их ачаалалтай байгаагаас үүдэн сурагчид хичээлийн самбараас ердөө хоёр алхмын зайд, харин арын эгнээнд суугаа хүүхдүүд ханатайгаа тулж суун хичээллэхээс өөр аргагүй нөхцөл үүсжээ. Зарим анги танхимд сурагчдын тоо стандарт хэмжээнээс хэд дахин давж, түрээсийн байранд хүртэл хичээллэж байгаа ч ачааллыг бууруулах боломжгүй байгаа талаар багш, ажилтнууд танилцуулсан юм.


Улсын хэмжээнд өнөөдөр нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн ачааллыг бууруулах, одоо суралцаж буй хүүхдүүдийг хуваарилах зорилгоор нийт хоёр га талбайд газар чөлөөлөлт хийжээ. Гэвч хүн амын суурьшил, шинээр ашиглалтад орох орон сууцны хорооллуудын өсөлтөөс шалтгаалан ирэх хичээлийн жилд тус сургуулийн сурагчдын тоо 7000 гаруйд хүрэх төлөвтэй байгаа аж.

Одоогийн байдлаар хүчин чадлаа хэд дахин давуулан ажиллаж буй энэ сургуулийн хувьд ирэх хичээлийн жилд суралцагчдын орон тоог хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудалд мухардал үүсээд байгааг багш, ажилтнууд төрийн түшээдэд онцлон уламжиллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “2026 оныг Боловсролын жил болгон зарласантай холбогдуулан нийслэлд сургуулийн хүртээмжийг сайжруулах, боловсролын дэд бүтцийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх саналуудыг УИХ-ын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Уг нь нийслэлд шинээр барьж буй орон сууцны хорооллууд сургуулийн барилгыг давхар төлөвлөж, шийдэж явах ёстой. Энэ нь хуульд тодорхой заасан шаардлага. Гэвч стандарт, хууль дүрмийг мөрдөхгүй, холбогдох байгууллагууд хангалттай анхаарахгүй байгаагаас болж сургуулийн хүртээмж өнөөдрийн энэ хүнд байдалд хүрлээ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн яг хажууд байрлах “Шунхлай” шатахуун түгээх станц нь багш, сурагчдын эрүүл, аюулгүй орчинд бодитой сөрөг нөлөө үзүүлж байгааг дурдсан юм. Олон хүүхэдтэй, битүү анги танхимд агааржуулалт хийх шаардлага гардаг ч цонхоо онгойлгох үед бензиний үнэр анги танхимд тархдаг аж. Сургуулийн зүгээс уг асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандаж, “Шунхлай” ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргуулсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихгүй байгаа талаар багш, ажилтнууд мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Энэ асуудалд хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагууд болон ‘Шунхлай’ компанийн удирдлагатай уулзаж, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, хүүхэд, багш нарын эрүүл, аюулгүй орчинд суралцах, ажиллах нөхцөлийг яаралтай бүрдүүлэх чиглэлд ажиллана” гэдгээ илэрхийллээ.

БЗД-ийн 14 дүгээр сургуулийн нөхцөл байдал нь нийслэл Улаанбаатар хотод сургуулийн хүртээмж, боловсролын дэд бүтцийн бодлогыг яаралтай шинэ шатанд гаргах шаардлага тулгарсныг бодитоор харуулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.