“Би квантын компьютер бүтээх мөрөөдөлтэй” хэмээн өөртөө итгэлтэйгээр ярих түүнийг Отгонжаргалын Ану гэдэг. Өдгөө хамтран үүсгэн байгуулсан БОМ компанидаа технологи хариуцсан захирлаар ажиллаж буй түүнтэй ярилцлаа. 

- Яагаад IT инженер болохоор шийдэв, энэ түүхээр яриагаа эхэлье. 

- Би унаган Завханы хүүхэд. Намайг 13-тай байхад манайх хот руу нүүж, 24 дүгээр сургуульд суралцаж төгссөн. Багаасаа математик, физикийн хичээлдээ дуртай учраас олимпиад, тэмцээн уралдааныг алгасдаггүй хүүхэд байлаа. 

9 дүгээр ангиасаа технологийн салбарт ажиллаж буй залуусыг хараад сурах зүйл ихтэйг олж харж, энэ салбарт дурлаж эхэлсэн. 

Марк Цукерберг Фейсбүүкийг нээхдээ 19 настай байсан шүү дээ. Энэ мэт нүдийг минь нээж, намайг технологийн салбарт дурлуулсан олон алдартан бий. Ингээд л 15-тай арван жилийн сургуулиа төгссөн би IT болохоор шийдсэн дээ.

Бичлэг үзэх:

 


- Аав ээж хоёр нь чиний шийдвэрийг дэмжсэн үү? 

-Аав ээж минь хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Тиймдээ намайг ч бас энэ чиглэлээр сураасай гэж их зөвлөсөн. Гэвч хүсэл сонирхол минь IT-гийн салбарт л татагдсаар байсан юм.

Ээждээ хэлэхэд  “Өдөр шөнөгүй компьютерын ард суудаг хүн болоод яах юм бэ” гэж билээ. Гэхдээ сайн бодоод үзвэл би эдийн засагч болсон ч өдөржингөө компьютертэйгээ “ноцолдоод” л таарна шүү дээ. 

Өнөө үед техник, технологигүйгээр ажил явахгүй нь тодорхой. Нэгэнт л компьютерын ард суух юм чинь дуртай зүйлээ хийе гэж бодоод зориглосон.

Гэр бүлийнхэн маань код бичиж сурах гэж ямар их хичээж байгааг минь хараад охиноо дэмжээд үзье гэж бодсон юм шиг санагддаг. Түүнд нь ч маш их баярладаг. 

- Бие дааж код бичиж сурсан хэрэг үү?

- IT-гийн чиглэлээр их сургуульд суралцаагүй. Ажиллах явцдаа сурахаар шийдсэн хэрэг. 16-тайдаа анх удаа гар утасны аппликэйшний код бичих ажлын захиалга авсан. Үнэндээ ур чадвар, туршлага сууж амжаагүй үе тул бага багаар суралцаж эхэлсэн.

Миний бодлоор IT гэдэг асуудал шийддэг л мэргэжил. Тодорхой нэг асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэж, тэр нь хүмүүсийн амьдралд эергээр нөлөөлдөгт ид шид нь оршдог гэж боддог. Энэ зууны рокстарууд чинь ерөөсөө IT инженерүүд шүү дээ. (инээв)


- Инженерийн хувьд өөрийгөө өнгөлсөн, шинэ чадварт суралцсан ямар төслүүд дээр ажиллаж байв?

-Market hub” хөрөнгийн зах зээлийн апп хөгжүүлэгч, “Ananda Digital” бичил зээлийн платформ хөгжүүлэгч, “amaragram” виртуал модель хөгжүүлэх төслийн гадаад харилцааны менежерээр ажилласан.

Өнгөрсөн жилээс эхлэн хамтран үүсгэн байгуулсан БОМ компанидаа технологи хариуцсан захирлаар ажиллаж байна. 

БОМ бол нягтлан бодох бүртгэлийн салбарыг технологитой хослуулж, баримтуудыг автоматжуулах систем хөгжүүлж яваа гарааны бизнес эрхлэгч компани юм. 


- Эрчүүд голдуу ажилладаг салбарт ажиллаж байна шүү дээ. “Эмэгтэй юм чинь…” гэсэн хэвшмэл ойлголттой таарч байв уу?

-Зарим хүмүүс  IT инженерүүдийг хүйсээр зааглаад байдгийг ерөөсөө ойлгодоггүй. Салбар нь “Эмэгтэйчүүд код бичиж чадахгүй” гэж хэлээгүй байхад бусад нь ийм хандлага гаргах нь зохимжгүй санагддаг. 

Жишээ нь, би өөрийгөө IT инженер гэж боддог. Түүнээс биш технологийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй инженер гэж тодотгох нь утгагүй хэрэг. 

Эмэгтэй хүүхдэд технологи, шинжлэх ухааны салбарын мэргэжил тохирохгүй гэдэг шүү дээ. Нийгмийн энэ хэвшмэл ойлголт охидын хүсэл зоригийг унтраадаг нь харамсалтай. Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд оюуны чадамж болоод ур чадварын ялгаа бараг байхгүй. Тиймээс эмэгтэйчүүд технологийн салбарт амжилт гаргахгүй, чадахгүй байх гэсэн бодлоосоо салах цаг болсон гэж хардаг. 

-Мэргэжлээрээ ажиллаж байгаагийн хувьд хийхийг хүсэж мөрөөддөг зүйлээсээ хуваалцахгүй юу?

-Би цоо шинэ зүйл зохион бүтээхийг мөрөөддөг. Яг л анх уурын хөдөлгүүр бүтээгдэж хот сууринуудыг зам тээвэр  холбогдож, интернэт бий болж хүмүүсийн амьдрал дижиталаар холбогдсон шиг тийм дараагийн шатны технологи бүтээхийг хүсдэг. 

Ингээд харвал хүн төрөлхтнийг дараагийн шатанд авчирч буй хувьсгалыг инженерүүд л хийж байна.

Одоо миний сонирхон судалж буй салбар бол квантын компьютерын технологи. Магадгүй зарим хүн квантын физик гэж сонссоноос компьютер гэж сонсоогүй байж ч мэднэ. Жишээгээр тайлбарлая л даа. Бидний өдөр тутамдаа ашигладаг энгийн  компьютер 0,1 гэсэн битээр ажилладаг, аливаа дата өгөгдлийг өөр дээрээ хадгалах тодорхой хэмжээтэй. Харин квантын компьютер зохион бүтээчихвэл компьютеруудын үзүүлэлтүүд сайжирч, хадгалах хэмжээ нь хязгааргүй болох боломжтой. 

Судалж, тэмүүлж байгаа энэхүү квантын компьютерын тооцооллууд хэдийн онолын хувьд батлагдчихсан, бодит болох эсэх нь цаг хугацааны л асуудал. 

- Хүсэл мөрөөдөлдөө луужин болгодог, эрч авдаг зүйл тань юу вэ?

-Аав “Хэрвээ өндөг гаднаасаа хагарвал яадаг вэ” гэж надаас асуусан. Би “Өндөгний шар гарч ирэх юм биш үү” гэж хэлээд өнгөрлөө. Хэд хоногийн дараа “Хэрвээ өндөг гаднаасаа хагарвал юу болдог гэж бодож байна” гэв. Би гайхангуй аав руу хартал “Өндөг дотроосоо хагарвал амьдрал цэцэглэдэг” гэж билээ. Их зүйлийг бодогдуулсан бас ойлгуулсан зүйрлэл байв.

Нээрээ л өндөг гаднаасаа хагарвал амь тасардаг бол дотроосоо хагарвал амьдрал цэцэглэдэг. Гол санаа нь агуу зүйлс таны дотроос гарч ирдэг гэсэн санаа. 

Үүнтэй ижил биднийг гаднаас нь хагалах гэсэн олон зүйл бий. Эдийн засаг сайнгүй, улс төр тогтворгүй, ээж аав минь намайг ойлгохгүй байна гэх мэтээр дуусашгүй хөвөрнө. Харин эдгээрийг үл ажран дотроосоо өөрийн хүсэл мөрөөдөл, мөн чанараа олох нь хамгийн гайхамшигтай гэж боддог.