Технологийн салбарыг сонирхож буй охид бүсгүйчүүддээ урам зориг өгөхөөр бэлтгэн хүргэж буй “Women in Tech” булангийнхаа энэ удаагийн дугаарт "Procraft" агентлагийн UXUI дизайнер Г.Мишээлтэй ярилцлаа.

UXUI дизайнер яг ямар ажил хийдэг вэ?

UXUI нь хүнд ямар нэгэн асуудал тулгарахад технологийн шийдвэр хэрэгтэй болдог. Тухайн аппликейшн, веб сайт гэх мэт технологийн бүтээгдэхүүний өнгө үзэмж, харагдах байдал талаас нь илүү анхаараад технологи болон хүн хоёрын дунд талын холбоос, гүүр нь болохын тулд ажилладаг. 


Та яагаад UXUI дизайнер болохоор шийдсэн бэ?

Анх график дизайнераар ажиллаж эхэлсэн. UXUI дизайн руу шилжсэн шалтгаан нь би илүү олон хүмүүст хүртээмжтэй зүйл хиймээр санагддаг байсан. График дизайнер, UXUI дизайнерийг харьцуулбал график дизайнер харагдах байдал нь түлхүү анхаардаг. Харин UXUI дизайнерийн хувьд асуудлыг хэрхэн яаж шийдвэл хялбар вэ, яавал хүнд илүү ойлгомжтой байх вэ гээд шийдэл дээр нь төвлөрдөг л дөө. 

Миний хувь хүний зан чанар маань илүү асуудлыг шийдье, хүнд хэрэгтэй зүйлийг нь өгдөг байя гэж хүсдэг учраас анх UXUI-руу шилжих шийдвэрийг гаргасан.


UXUI дизайнерын мэргэжлийн онцлогоос хуваалцвал…?

Дизайнер ч юм уу, технологийн салбарт ажилладаг хүн гэхээр ихэнх хүмүүс бид нарыг компьютер, ширээнээсээ салдаггүй л гэж бодох нь түгээмэл байдаг л даа. Яг үнэндээ UXUI дизайнеруудын хувьд багаараа хамтарч ажиллах нөхцөл байдал их гардаг. 

Ер нь онлайнаар байна уу,  оффис дээрээ цуглаад ажиллаж байсан ч “Figma” ч гэх юм уу өөр бусад хөгжүүлэлтийн программууд дээрээ хамтран ажилладаг. Угаасаа ямар нэгэн санаа, гүйцэтгэлийн ажил гээд бүхий л зүйлс зөвхөн нэг хүнээс гардаггүй шүү дээ. Маш олон хүний санаа бодол, өнцөг, хүч хөдөлмөр шингэж байж үр дүн гаргадаг учраас багийн ажиллагаа маш их шаарддаг. 

UXUI дизайнер нь миний бодлоор маш олон зүйл рүү хөрвөдөг мэргэжил гэж боддог. Зөвхөн нэг л салбарт гоё зүйл хийгээд өнгөрдөггүй. Маш олон төрлийн хүмүүстэй, өөр өөр салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладагаараа онцлогтой. 

Бичлэг үзэх:

Таны хувьд UX юу эсвэл UI уу? Яагаад?

Энэ асуултыг би өөрөөсөө сүүлийн нэг жилийн хугацаанд маш их асууж байгаа л даа. Хариулт нь одоогоор UX гэж хэлэхээр байна. Учир нь би хүмүүстэй харилцах дуртай. Дээрээс нь хүртээмжтэй байдал буюу хүн болгоны онцлог ялгаанд тохирсон хэрэгцээ манай улсын хувьд дутмаг байгаа юм шиг санагддаг. 

Хүртээмжтэй байдал, тусгай хэрэгцээ гэхээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгох нь өрөөсгөл. Жаахан хүүхдүүд ч бай ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гээд бүх л хүмүүс өөр өөрсдийн онцлог ялгаатай хэрэгцээтэй. Тиймээс технологийн бүтээгдэхүүнүүдийг хүртээмжтэй байдал  талаас нь шийдэл гаргаж, илүү төвлөрч ажиллая  гэж бодож байна.


Ажиллаж байсан төслүүдээсээ хамгийн үр өгөөжтэй нэг төслийг онцолбол...

Яг одоогоор манай багийнхан“HandPro” гээд төсөл дээр ажиллаж байгаа. “HandPro” маань хөгжлийн бэрхшээлтэй болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан аппликейшн. Монголд анх удаа дизайн хийгдээд олон нийтэд танилцуулагдаж байгаараа онцлог.

Энэ төслийн дизайныг хийхэд маш их сорилттой байсан. Өмнө сонсголын болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажилласан туршлага байхгүй байсан учраас бид нарт маш их судалгаа хэрэгтэй болсон. 

Монголынхоо нийгмийг судлахаас илүү гадаад орон болон олон улсад хүртээмжтэй байдлаасаа ямар ямар зүйлүүд хэрэгжиж байна гэдгийг маш их судлах хэрэгтэй болсон.


UXUI дизайныг сонирхож буй хүмүүст юуг зөвлөх вэ?

UXUI-г энгийнээр бусдад тулгарсан асуудлыг шийддэг гоё мэргэжил гээд л ойлгочих. 

Хамгийн гоё нь тухайн шийдлийнхээ хэлбэр, загварт нь ч утга агуулгад нь ч оролцдог учраас өөрийн мэдрэмжүүдээ ил гаргадаг төрлийн мэргэжил учраас би эмэгтэйчүүдээ энэ салбарт орж ирэхийг уриалж байна аа. 

UXUI-г сонирхож буй хүмүүс маань хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол эхлээд ямар нэгэн үйлдэл хийгээд, оролдож үзэж байж л  технологийн салбарт, UXUI дизайнер мэргэжил тохирох хүн үү, чадах болов уу гэдэгт хариултаа олох юм шүү. Тиймээс өөрийгөө багахан ч  болов сориод, үзээрэй гэж хэлье.


Хэрвээ UXUI дизайныг сонирхсон ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуус байвал гоё мэдээ дуулгая. Манай “Procraft” агентлаг санаачлан “Women in Tech” Монгол дахь салбартай хамтраад 10 эмэгтэйг UXUI дизайны сургалтдаа үнэ төлбөргүй хамруулах юм. 

Хэрэв сургалтад хамрагдахыг хүсвэл https://forms.office.com/r/pABvXWt260  линкээр зочлоорой.

Мөн "UXUI дизайнерын Мастеркласс" сургалтын мэдээллийг Procraft agency цахим хуудасаар холбогдоорой.