П.Мөнгөнсор
11 сарын 17, 2022
Дижитал бүтээгдэхүүний UXUI дизайны шийдэл боловсруулдаг агентлагууд хамтран "Digital Product Conference" арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
UXUI дизайны салбарыг хөгжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд UXUI дизайнер, төслийн менежер, хөгжүүлэгч, дижитал бүтээгдэхүүний эзэмшигч зэрэг технологийн салбарын мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ үеэр технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихээр хичээнгүйлэн ажиллаж буй “Women in Tech Mongolia” байгууллагаас UXUI дизайнер болох хүсэл эрмэлзэлтэй 10 бүсгүйд батламж гардуулав. UXUI чиглэлээр суралцаж мэргэшихийг хүсэж буй 250 гаруй эмэгтэйгээс шалгарсан эдгээр оролцогчид дижитал бүтээгдэхүүний UXUI дизайны шийдэл боловсруулдаг “Procraft” агентлагаас зохион байгуулж буй мастеркласс сургалтад үнэгүй хамрагдах юм.
Ээж, багш, оюутан гээд янз бүрийн ажил мэргэжилтэй эдгээр эмэгтэйчүүд яагаад UXUI дизайнер болохоор зориглож буй түүхээ хуваалцлаа.
Б.Энхсайхан: Тэтгэлгийн эзэд маань технологийн салбарыг сонирхож буй охид, хөвгүүдэд үлгэр дуурайлал болно гэж итгэж байна
/"Women in tech" олон улсын байгууллагын Монгол дахь элч төлөөлөгч Б.Энхсайхан/
Бид сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн 250 гаруй эмэгтэйн өргөдлийг хүлээн авсан. Тэднээс шилдэг 10 эмэгтэйг шалгаруулан хөтөлбөрийнхөө тэтгэлэг өглөө.
Эдгээр эмэгтэйчүүд дунд орон нутгийн дунд сургуулийн багш, 3 хүүхдийн ээж, их сургуулийн оюутан зэрэг олон өнгө төрх бий. UXUI дизайны мастерклассаар дамжуулан зөвхөн дизайны салбарын ур чадвар эзэмшээд зогсохгүй технологийн салбарыг сонирхож буй охид, хөвгүүдэд үлгэр дуурайлал болж чадна гэж итгэж байгаа.
Монголын хувьд мэдээлэл технологийн салбар харьцангуй шинэ учраас компаниудын үйл ажиллагаа хотын төв хэсэгт л эргэлддэг нь үнэн. Харин UXUI дизайны сургалтад суусан бүсгүйчүүдээрээ дамжуулан энэ их мэдээлэл, мэдлэгийг орон нутгийн хүүхэд залуучуудад хүргэнэ гэдэгтээ ихээхэн олзуурхаж байна.
Эмэгтэй хүн байгалиасаа асуудлыг шийдвэрлэх, шийдэл олох өгөгдөлтэй гэж би хардаг. "Procraft" агентлагийн туршлагатай дизайнерууд маань чаддаг бүхнээ харамгүй хуваалцах учраас энэхүү боломжийг ашиглаасай гэж хүсэж байна.
С.Балжинням: Цаашид UXUI чиглэлээр өргөн мэдлэгтэй болно гэдэгтээ итгэлтэй байна
/Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан/
Women tech-ийн арга хэмжээг мэднэ. Гэхдээ UXUI чиглэлийг сонирхдог ч монголд эмэгтэйчүүд энэ салбарт ажилладаг эсэх дээр төдийлөн мэдээлэлгүй явсан юм.
Peak.mn сайтаас UXUI чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүдийн видео ярилцлагыг үзээд маш их урам авсан. Тиймээс ямар ч эргэлзээгүйгээр хатөлбөрт бүртгүүлсэн.
Гэтэл шалгарчихлаа, өнөөдөр батламжаа гардаг авч байгаадаа маш их баяртай байна. Технологийн салбарт хайртай олон охид байдгийг мэдлээ. Зохион байгуулагчдад талархал илэрхийлмээр байна. Цаашид UXUI чиглэлээр өргөн мэдлэгтэй болно гэдэгтээ итгэлтэй байна.
Б.ДОЛГОРСҮРЭН: UXUI-ИЙН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ОЮУТНУУДДАА ХҮРГЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
/ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн багш/
Миний үндсэн мэргэжил бол программ хангамжийн инженер, мэргэжлээрэээ Солонгос улсад суралцаж докторын зэргээ хамгаалсан. Одоо ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуульд багшаар ажилладаг. Сүүлийн хоёр жил UXUI чиглэлээр оюутнуудад хичээл заахдаа нэлээд судалсан. Залуучууд энэ чиглэлийг маш их сонирхож байна.
Ялангуяа 3,4 дүгээр курсын эмэгтэй оюутнууд дизайны мэдрэмжтэй санагдсан. Миний хувьд энэ сургалтаас олж мэдсэн бүх зүйлээ оюутнууддаа зааж сургахыг хүсэж байна.
Б. ЭНХЖАРГАЛ: МӨРӨӨДЛИЙГ МИНЬ БИЕЛҮҮЛЭХЭД UXUI ТУСАЛНА
/Эрхзүйч/
Би МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хэдийгээр өөр мэргэжилтэй ч дизайны чиглэлийг сонирхдог. Энэ чиглэлд мэдрэмжтэй гэж боддог. Иймээс хобби, сонирхлоороо энэхүү сургалтад бүртгүүлсэн, тэнцсэндээ маш их баяртай байна. Надад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ямар нэгэн зүйл хийхсэн гэсэн мөрөөдөл бий. Энэ мөрөөдлийг минь биелүүлэхэд UXUI-ийн сургалт тус болно гэж итгэлтэй байна.
Ш.Лхамсүрэн: Монголдоо гэлтгүй олон улсад ч ажиллах боломжтой
/График дизайнер/
Би Эрдэнэтээс энэхүү тэтгэлэгт бүртгүүлж тэнцсэн. График дизайн мэргэжилтэй тул UXUI чиглэлээр суралцахад илүү дөхүү байх болов уу. Цаашид улам бүр хөгжих шинэ салбар учраас зөвхөн Монголдоо гэлтгүй олон улсад ч ажиллах боломжтой гэж харж өөрийгөө хөгжүүлэхээр энэхүү сургалтад бүртгүүлсэн.
Нэлээд хэдэн жил мэргэжлээрээ ажилласны хувьд гацалтад орж, өөрийгөө шинээр хайж яваа үедээ яг сонирхож байсан хөтөлбөртөө хамрагдсандаа баяртай байна.
Хаанаас ч ажиллах боломжтой нь хамгийн чухал давуу тал нь шүү дээ.
Г.ШИНЭчимэг: UXUI дизайны сургалтыг өөрийгөө хөгжүүлэх шинэ боломж гэж харж байна
/Дорноговь аймгийн математик, мэдээлэл зүйн багш/
Би Дорноговь аймгийн дунд сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар ажилладаг. Технологийн талаас өөрийгөө хөгжүүлэх боломж байна, сурснаа эргээд сурагчдадаа түгээх боломж байгааг ойлгоод UXUI дизайны чиглэлийг сонирхож эхэлсэн.
Орон нутагтаа мэргэжил сонголтын ментор хөтөлбөрийг явуулахад дизайны чиглэлийг сонирхож буй сурагчид олон байгааг анзаарсан. Гэвч үнэндээ техник технологийн боломжоос хамаараад орон нутгийн хүүхдүүд хүссэн мэдээллээ хангалттай хэмжээнд олж авах боломж хомс шүү дээ. Тиймээс л тэднийхээ хүсэл сонирхлыг дэмжиж, дэм болохыг хүсэж байна.
Р.Мөнгөнцэцэг: Нягтлан бодогч мэргэжлээ орхиод UXUI дизайнер болохоор шийдсэн
/Нягтлан бодогч/
Би Япон улсад суралцаж байхдаа технологи ямар хурдацтай хөгжиж, хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч байгааг анзаарсан. Хүний амьдралыг хөнгөвчлөх бүх боломжууд технологийн тусламжтай л бий болж байна шүү дээ. Тиймээс нягтлан бодогч мэргэжлээ орхиод UXUI дизайнер болохоор шийдсэн.
Монголдоо буцаж ирэхэд технологийн салбар асар хурдацтай хөгжиж байгааг хараад урам зориг авч, сэтгэл шулуудсан даа.
Би “Procraft” агентлагийн дизайнерын сургалтад суусныхаа дараа боловсролыг илүү хүртээмжтэй болгох аппликейшн хөгжүүлэхээр зорьж байгаа. Санаагаа бодит үйл хэрэг болгоход эхлэлийг энэхүү сургалт тавьж өгнө гэж бодож байна.
Ч.Номин-Эрдэнэ: Чөлөөтэй сэтгэж, бүтээлчээр ажиллах дуртай хүн учраас UXUI дизайны чиглэлийг сонирхож эхэлсэн
“Women in Tech”-ээс залгаж, тэтгэлэгт тэнцсэнийг минь хэлсэн өдөр би өдөржингөө догдолсон. Би барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй. Барилгын төслийг нарийн стандартын дагуу зурах шаардлагатай байдаг юм. Гэвч би өөрөө илүү чөлөөтэй сэтгэж, бүтээлчээр ажиллах дуртай хүн учраас UXUI дизайны чиглэлийг ихээхэн сонирхож эхэлсэн.
Би гурван хүүхдийн ээж учраас бяцхан үрсээ хараад одоохондоо гэртээ байгаа. Тиймээс UXUI дизайнер гэрээсээ ажиллаж болдог нь үнэхээр их таалагдсан.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.