Монгол улсын Төрийн соёрхолт, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Нүнжиг" өгүүллэгийг хүргэж байна.

НҮНЖИГ

Үүрээр Халуун хөнжил хуу татахад уулын сэруүн цэнгэг агаар намайг тэврэн авна. "Эр хүн шиг эрвэлзэнэ ээ, хө. Морьдоо татах боллоо" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. Хэлтгий саран баруун уулын шил дээр очиж, цолмон хөөрчээ. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд уулын хүүшид таван алдын аргамжаатай бага зээрд намайгтаньж, аяархан үүрсэнэ. Болжмор жиргэж, хөх агийн үнэр үүлэн сүүдэр шиг унана.

Наадмын замд. Цогоо ах загалаа хөтлөөд, морин цагаан шүд гарган "Бор борын бялзуухай"-г салхи сэвэлзтэл исгэрнэ. Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадаж харагдана. Би шагай зээрдийг хөтөлж, бага зээрд хантайргатай сул дагана. Маргааш яах бол гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэнэ. "Хүний газар нэрээ хичээнэ. Морьдоосоо нүд салгаж болохгүй" гэж Цогоо ах захина. Наадмын замд явахад газар дэндүү холдож, уулс хэтэрхий томдож үзэгдэнэ. Наадмын хоёр дахь өдөр. Инээхийн дон туссан Цогоо ах хоёр зээрдийн хооронд хотонгийн хошуун хусуураа барин гүйж, "хөдөлгө хөдөлгө" гэж бахардан хэлнэ. Би бага зээрдээ хөтлөн тойрон шавсан олны дундуур зай гарган явахад гайхан биширсэн түмэн харц өвдөг чичрүүлнэ. Хоолой арган нүдэнд чийг даана. "Бугатын хоёр зээрд", "Өчигдөр их насанд удаа ташаа түрүү манлайлсан хоёр загалын дүү морьд юм гэнээ" гэх үгс чихэнд там тум атлаа цээжинд яруу. Монгол эр, хүлэг морь хоёр аз баярын тэнгэр нэгтэй юмсан уу даа.

Наадмын нөгөөдөр. Намайг нутгийн улс бараадуулж өгөөд Цогоо ах шагай зээрдээ хөтлөн зам салан давхиж одлоо. Будар будар тоос нь миний цээжинд суунаглана. Аргагүй шүү дээ, миний ах биш юм чинь. "Эрхэлж дагадаг бага зээрд минь танихгүй хүнд хөтлүүлэн хаа газар янцгааж яваа бол" хэмээн санахад дотуур мэгшинэ. Их хоёр загал ч гэсэн дээ. Буга хайрханыхаа мөнх цасан усаар ундаалж өссөн болохоор бусдын газрын ногоо нь хүртэл амнаас унаж байгаа биз. Цогоо ахын" түнтгэр хар түрийвч ямар үнэртэйг мэддэг болов уу. Уг нь Цогоо ахын л үнэр шүү дээ. Гэртээ харина гэхээс газар дэндүү ойртож, уулс хэтэрхий намсана. Дүү нартаа авсан хайрцаг ёотон хавирга холгоно.

Сар өнгөрлөө. "Цэнхэр Цогоогийн азаргатай адууг Цахирын хясаанд аянга ниргэчихэж гэнэ. Юм мөн ч нарийн учиртайяа. Хайран сайхан хурдан удмын адуу. Цэнхэр Цогоод хүлгийн тэнгэр аргагүй л гомдож дээ" гэж хөгшид хөөрөлдөн, буурал толгойгоо сэгсэрнэ. Шагай зээрд нь яасан бол гэж асуух гэвч өвгөдөөс дальдарна. Ижилдээ ганц хурдан хүлэг үлдсэн юмсан. Хүлгийн тэнгэр гэдэг нь нүдтэй болов уу, үгүй болов уу гэж бодоход тарвага хошгирч, царцаа шаргин, нохой хуцаж сэтгэл үймүүлнэ.

Тэр нэгэн шөнө. Аав, Цогоо ах хоёр халамцуухан ярилцаж суув. Ээжийн цайны ааг ханхлана. Би тоононы даага тэгнэсэн хоёр цагаан одыг ширтэн, алин дээр нь хүлгийн тэнгэр байдаг бол гэж бодно. "Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ" гэж аав хэлнэ. "Яадаг юм надад мөнгө хэрэгтэй. Нутгийн та нар л намайг ойлгохгүй болохоор би хаачих болж байна. Би уг нь захчины нутгаас нэг хүүхэн босгож ирэх гэсэн юмсан. Сайн ч хүний үр, сайхан ч хүүхэн. Хүний тийм үрийг авчраад би янгиа толхуулж, ямбуу эдлүүлж, адсага унуулахгүй гэсэндээ л гурван морио зарсан юм. Би хүнээ бодох уу, адуу бодох уу" гэж Цогоо ах цээж турэхэд уулын чинээ хар сүүдэрт нь унийн толгой үзэгдэхгүй болно.

Намайг дахин сэрэхэд. Тооно тэгнэсэн хоёр од хэлтийжээ. "Шагай зээрдэд хичнээн их үнэ хаясан гээч. Гэтэл Борхүү уйлаад салдаггүй. Ерөөсөө эхлээд л загалаа хүнд өгөхөд мэлтэлзүүлж эхэлсэн юм. Аргадаж, аашилж ядлаа. Сүүлдээ бүр дотор эвдрээд... тэгээд шагай зээрдээ аваад үлдсэн юм. Тэгтэл арван найман адууг минь хүйгээр нь аянга ниргэчихсэн мөртлөө ганц шагай зээрд зүгээр шүү. Нөгөө хэдийгээ санадаг ч юм уу, адгуусны зөн ч юм уу, адуу захлаад, салж зогсоод нэг л биш байсан юм" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. "Эр хүний гундаж, гонсойж явах өдрийн алийг тэр гэхэв дүү минь" гэж аав сэтгэл засна. Тэгснээ дууллаа.

"Талын шар цэцэг нь

Сайхан нарандаа гандана" гээд л Цогоо ах, аав хоёр хоолой нийлүүлэн цангинуулахад эрхлэн дагадаг бага зээрдийн минь мэл хар нүд тоонон зайцаар харагдаж, цоргио хонгор янцгаалт нь уулын чанадаас сонсогдов. Ай хөөрхий. Сайхан нарандаа гандах заяатай шар талын цэцэгээ гэж...

Өглөө нь айргаар мялаалгасан юм шиг билэгт цагаан сортой, хана сайхан хавирга, хаан суудал ташаатай шагай зээрд морь манай шузганд уяатай байх юм гэж хэн ч санасангүй. Амгай зуузайд нь алд цэнхэр хадаг зүүгээд орхижээ. Шагай зээрд намайг танив уу, эвшээн тамшаагаад, толгойгоо өгөн маажуулах гэж шөргөөнө. Тэр тоолонд хадаг намирна. Мичид гудайлгаад мордсон Цогоо ах маань хаана дуулж яваа бол гэж санахад дуртмал нарны туяанд уул тал налайвч, тэртээ хөндийн хөх униар хүүхэн хутагтын хөөсөн гучин гурван шаргын тоос уу гэлтэй балартан суунаглана. Бор бор бялзуухай нь босон суун жиргэнэ.

Тав хоног өнгөрөв. Цогоо ахыг ятгаж, шагай зээрдийг нь буцаахаар мордсон аавын бараа дурангийн аманд тодорч, тодрох тусмаа томорно. Дэргэтэл хатирах морины салхинд шагай зээрдийн зуузайн дахь цэнхэр хадаг дэрвэлзэнэ. Уяан дээр угтсан ээжид хэлсэн угийг нь сонсвол ирээд буцсаныхаа маргааш Цогоо ах сайхан захчин хүүхнийхээ нутаг руу аймаг дамжаад нүүгээд явчихсан байна гэнэ. Талд таана хэнзэлж, ууланд тошлог хүрэнтэж   эхэлсэн тэр цагт орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ.