Б.Батхишиг: Хорт хавдраа даван туулсны дараа бусдад итгэл өгөхийн тулд дэлхийн 8 дахь өндөр оргилд авираад ирсэн

“Хөхний хорт хавдартай гэдгээ мэдээд ганцхан л өдөр уйлсан” гэж ярих энэ зоригтой  эмэгтэйг Б.Батхишиг гэдэг. Харамсалтай нь өнгөрсөн оны өдийд тэр энэ хүндхэн мэдээг сонсжээ. Гэсэн ч хувь тавилантайгаа эвлэрэн хүлцэж суулгүйгээр өвчнийхөө талаар судалж, хоол хүнсэндээ анхааран, эмчилгээгээ тогтмол хийлгэн хавдрыг амжилттай даван туулжээ.  Хөхний хорт хавдрыг ялан дийлэхэд ууланд авирах, гүйх, дугуй унах зэрэг хобби нь маш их итгэл, амьдрах урам зориг өгсөн талаар тэрбээр  ийнхүү ярьж байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

ХОРТ ХАВДАРТАЙ БАЙХДАА ДЭЛХИЙН 4 ДЭХ
 ӨНДӨР ОРГИЛД ГАРСНАА ХОЖИМ МЭДСЭН

Дэлхийн 4 дэх дээвэр оргил  8516 метр өндөр Лоцей  хайрханы оргил дээр гарч билээ, бараг жилийн өмнө. Тухайн үед бие тавгүйрхэж байсан ч үүнийг уулчдад тохиолддог өндрийн өвчин гэж бодоод тоогоогүй. 

Эх орондоо ирсний дараа ч ядраад байхаар нь шинжилгээ өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа шинжилгээний хариу гарав. Тэр үед л өөрийгөө хөхний хорт хавдартай болсныг мэдсэн. Сонсоод яахаа ч мэдэхгүй асгартал уйлсан, гэхдээ ганцхан өдөр уйлсан юм. /инээв/ Амьд хүн аргатай, арга учир хайя, өвчинтэйгээ тэмцэе л гэж дараа нь бодож шийдсэн.

Эргээд бодтол би  хорт хавдартайгаа ч мэдэхгүй Лоцей хайрханд оргилдсон байв. Бас л сонин хувь тавилан шүү.

АМЬД ҮЛДЭХЭД МИНЬ ТУСАЛСАН ХОББИНДОО ХАЙРТАЙ

Бусдын л адил амьдрал надад жаргал зовлонг бэлэглэсэн. Тэр хүнд мэдээг сонссон өдрөөс хойш өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг байлаа. 

Хорт хавдрыг даван туулсан хүмүүсийн талаар судалж, интернэтээс өвчнийхөө талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн л дээ. Дадал зуршлаа өөрчилж, хоол хүнсэндээ анхаарч, хоббигоороо дамжуулан өвчнөө эдгээх, тархалтыг нь сааруулахыг хичээсэн.

Завгүй байж, өвчнийхөө талаар бодохгүйг хичээхдээ найз нөхөдтэйгөө уулзаж, ууланд алхах, дугуй унах, гүйх зэргээр хийх дуртай зүйлдээ илүү их цаг хугацаа зарцуулахыг оролдож байлаа. 

Өглөө бүр содтай ус ууж, нүүрс ус ихээр агуулдаг гурилан бүтээгдэхүүн, хүнсийг хэрэглэхээс татгалзаж, амьдралын хэв маягаа эрс өөрчилсөн. Ингээд хавдрын онош сонсоод хоёр сарын дараа хагалгаанд ороход хавдар тархаагүй байна гэсэн сайхан мэдээг хүлээн авсан юм. 

ХОРТ ХАВДАРТАЙ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, 
ЭРТХЭН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ 

Хүн бүхэн надаас асуудаг юм. Та анх хорт хавдартай гэдгээ сонсоод яасан бэ, хэцүү байсан уу гээд…Би энэ хүндхэн мэдээг хэнд ч хэлж чадаагүй. Хагалгаандаа орсныхоо дараа ч гэсэн бусдад хэлэхээс санаа зовж байлаа. Хорт хавдрыг даван туулах гээд өөртөө хүч өгч, тэмцэж байгаа хэрнээ би хачин их ганцаардаж байснаа нуухгүй.

Хамгийн гол нь хорт хавдартай гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм билээ. 

Ингэснээр хүн асуудлаа ойлгоод, хүлээн зөвшөөрөөд сэтгэл амар тайван болчихдог юм билээ. Ингээгүй цагт хүн ганцаарддаг. 

Хорт хавдар хэдий биеийг зовоож байгаа ч бүхнээс өөрийгөө тусгаарлаж, сэтгэл зүйн хувьд шаналж, асуудлыг хүндээр хүлээж авах нь бүр ч илүү хэцүү байдалд оруулдаг. 

Хувь заяатайгаа эвлэрэн уйлж суух биш, арга хэмжээг шууд авч эхлэхийн ач холбогдлыг маш сайн ойлгосон. Мэдээж орондоо уйлаад хэвтэх мянган шалтгаан байлаа. Босмооргүй байх шалтгаан ч мундахгүй олон. Тэр үед босох сэтгэлийн хат гэдэг зүйлийг спортоор дамжуулан олж авсан. Спортын утга учир бол өөрөө өөрийгөө ялахад байдаг. Тиймээс энэ хобби минь хавдрыг даван туулахад хамгийн их тусалсан.

Магадгүй та хавдар хэмээх онош сонсоод сууж байгаа юм биш биз?

Өөрийгөө бүү ганцаардуул. Жаргалтай бас завгүй байлгах зүйлээ олоорой. Та ямар хоббитой вэ? Зурдаг зурдаг бол зурдаг найз нөхөдтэйгөө уулзаад үз. Ууланд алхах дуртай юу, тэгвэл алх. Энэ мэтээр нийгмийн харилцаанд орохыг хичээгээд үзээрэй. Гол нь хэзээ ч өөрийгөө өвчтэй гэж бүү тусгаарлаарай. Хайртай хүмүүсийнхээ өмнөөс өвдчихсөн юм шиг тэдэндээ уурлаж, уцаарлаж, дарамтлах биш өөрийнхөө дотор байгаа эдгэрэх  потенциал, энергид  гол анхаарлаа хандуулах нь хамгаас чухал санагддаг.

Хобби бол мөнгөөр хэмжигддэггүй маш үнэ цэнтэй зүйл. Тиймээс хоббигоо хөгжүүлж, үүндээ урамшиж баясаж байгаарай гэж хэлэхийг хүсдэг.

ХОРТ ХАВДАРТАЙ ХҮМҮҮСТ УРАМ ӨГӨХИЙН ТУЛД 
МАНАСЛУ ОРГИЛЫГ ЗОРЬСОН

Угаас уулын спортод хайртай учраас үүгээрээ дамжуулан хүмүүст урам зориг өгөхийг хүсдэг. Энэ хүсэлдээ хөтлөгдөж хоёр сарын өмнө дэлхийн 8 дахь өндөр оргил болох Манаслу \8163м\ хайрханд авираад ирсэн.

Надтай ижил хорт хавдрыг даван туулах гэж тэмцэж байгаа хүмүүст эдгэрнэ гэсэн итгэл өгч, урам зоригтой байгаасай гэж хүссэндээ үүнийг хийсэн юм.

Тэрбээр ярилцлагын төгсгөлд өөртөө хайртай байж, эрүүл мэнддээ цаг гаргаж байхыг хүссэн юм. Ажилтай гэх шалтгаанаар өөртөө хайхрамжгүй хандаж, илт зовуурь мэдрэгдэхгүй л бол эрүүл байна гэж явалгүйгээр жилдээ заавал нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

хөхний хорт хавдар эрүүлмэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.