Уламжлалт спортын төрлүүд хөгжлийн олон шатыг даван туулсан ч цахим спорт гэрлийн хурдаар зэрэгцэн ирсэн. Цахим спорт гэдэгт гэхээр  Дota2, CS:GO, Warcraft, PUBG, Call of Duty зэргээр ойлгодог. Дээрх тоглоомуудаас гадна  плейстейшен болон виртуал төхөөрөмж ашиглан тоглодог тоглоомууд энэ төрөлд багтдаг. Олон улсын олимпын хорооноос цахим тоглоомуудыг cпорт гэсэн утгаар нь хүлээн зөвшөөрч эхэлсэн. Хэдийгээр "Токио 2020"-д цахим спортыг албан ёсоор бүртгэсэн гэх мэдээ байхгүй ч, ойрын хугацаанд медалийн төрөлд багтах нь дамжиггүй. Тодруулбал, ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл 2025 он хүртэлх стратегийн зураглал болгож "2020+5" олимпын төлөвлөгөөг танилцуулсан. Уг баримт бичигт олимпын цаашдын чиг хөгжилд зориулсан 15 зөвлөмжийг тусгасан байна. 

Үүнд виртуал спортын хөгжлийг дэмжиж, видео тоглоомын нийгэмлэгүүдтэй харилцаа холбоо тогтоохыг зорилго болгожээ. Уг ажлын эхлэл болгож "Виртуал олимп" цуврал тэмцээнийг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Виртуал олимпийн цуврал тэмцээнд оролцож буй 5 төрөл:

Төрөл 1. И-Бейсбол

Зохион байгуулагч: Дэлхийн бейсболын софтын холбоо (WBSC)


Төрөл 2. И-Дугуй 

Зохион байгуулагч: Олон улсын дугуйн холбоо


Төрөл 3. E-Row

Зохион байгуулагч: World Row


Төрөл 4. И-дарвуулт завь

Зохион байгуулагчид: Дэлхийн дарвуулт завины холбоо


Төрөл 5. И-авто уралдаан

Зохион байгуулагч:Oлон улсын автомашины холбоо


Цахим спорт олимпын наадмын нэг хэсэг болох талаар Монголын цахим спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргал үзэл бодлоо хуваалцсан юм.

А.Амаржаргал: 2028 оноос хойш цахим спортыг медалийн төрөлд оруулахгүй байх нь ОУОХ-нд өөрт нь хортой

“Цахим спорт олимпын хөдөлгөөний нэг хэсэг болох гэж олон жил оролдсон. Энэ нь цахим спортынхны хувьд давуу тал болох учраас тэр. Харин сүүлийн жилүүдэд ОУОХ хөгшин байгууллага болж харагдаж эхэлсэн учраас цаг үеэ даган залууст ойр байж, технологиор дамжуулан уламжлалт спортын төрлийг цахим спорттой нэгтгэх ажлыг эхлэл болгосон.  Жишээ нь л гэхэд “Токио 2020” зуны олимпын наадмыг угтсан “Intel world open” цахим спортын тэмцээн долоодугаар сард болно. “Intel” компани нь ОУОХ-ны хамгийн том хамтрагчдын нэгээс гадна цахим спортын томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Уг тэмцээн олимпын наадмын үеэр зохион байгуулагдаж байгаа нь зүгээр ч нэг санаандгүй хэрэг биш юм. Цаашлаад 2028 он гэхэд цахим спорт олимпийн төрөлд батгах нь баттай гэж бодож байна. Хэрвээ 2028 оноос хойшхи олимпын наадамд цахим спортыг медалийн төрөлд оруулахгүй байх нь ОУОХ-нд өөрт нь "хортой". Учир нь олимпын мундаг тамирчидтай адил цахим спортын шилдгүүд дэлхийд танигдах болсон” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

Ийнхүү ОУОХ-ны зүгээс цаашдаа уламжлалт спортуудыг виртуал хэлбэрт оруулан хоорондын холбоо үүсгэхийг эрмэлзэж байна. Нөгөө талдаа хүчирхийлэл, тулаан байлдаан харуулсан зарим цахим тоглоомуудыг олимпын энх тайван, эв найрамдлыг түгээх үзэл санаатай зөрчилдөж байгаа гэж үздэг. Тиймээс эдгээр төрлийн тоглоомуудыг олимпын цахим спортын төрөлд багтаахгүй гэсэн хатуу байр суурьтай байна.