“Ингэн нулимс”, “Шар нохойн там”, "Эзэн богдын хоёр загал" киногоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч Д.Бямбасүрэн Францийн Весүүлийн Азийн кино наадамд анх удаа Монгол киног танилцуулж байна. Өнөөдөр эхэлж буй уг наадамд тэрбээр Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Жигжидсүрэнгийн "Мөхлийн ирмэгт" нэртэй гурвал кино болох "Хүн чулууны нулимс", "Бүлээн нурам", "Амин мөр" кинонуудыг өрсөлдөхгүйгээр давуу эрхээр оролцуулж байна. Мөн “Монгол хүү” киног танилцуулж буй. Энэ тухай Германы найруулагч Bastian Meiresonne найруулагч Г.Жигжидсүрэнг МОНГОЛ Акира КУРОСАВА хэмээн онцлоод  “Эдгээр кино бол миний үзсэн хамгийн гайхамшигтай Ази кинонуудын тоонд зүй ёсоор орох бүтээлүүд юм. Монгол кино түүхээрээ маш баялаг мөн гайхалтайд тооцогдох хэдий ч Азийн Киноны нүүр царай гэдгээрээ дэлхийд огт танигдалгүй өдий хүрчээ. Монголын киночид өнөөдөр жил бүр 50 кино дэлгэцнээ гаргадгаараа Азийн кинонд томоохон байр суурийг эзлэнэ. Бид Монголын киноны энэхүү баялаг өв сангаа нээхээс татгалзах ямар ч боломжгүй юм” хэмээн нүүр номондоо бичжээ.

Тэрбээр эдгээр киног Вэсүүлийн кино наадамд оролцуулахын тулд эдгээр бүтээлийг анх удаагаа 35 мм хальснаас дижитал болгосон бөгөөд энэхүү ажилд Монгол дах Франц улсын ЭСЯ, Монгол Кино Нэгтгэл, Монгол Киноны төв Архивынхан туслалцаа үзүүлжээ.

"Монгол хүү" киноны тухайд 1936 онд гарсныхаа дараа Монголын нутаг дэвсгэрт үзүүлэх эрх нь хаагдаад тэр тогтоол нь 1990 он хүртэл хүчин төгөлдөр хэвээр байсан гэдэг. Монгол хэмээх орны оршин буйг дэлхий дахины сонорт зарласнаараа энэхүү кино Монгол киноны төдийгүй, Монголын түүхэнд том ач холбогдолтой хэмээн яригддаг. 

Тус кино 1936 онд Америкийн дэлгэцнээ олны хүртээл болж байсныг "The New York Times" сонины хуудсанд "Монголчууд саран дээр байгаа мэт, нүцгэн толгодуудын дунд жижигхэн морьдтой, маш өвөрмөц амьдралтай хүмүүс юм байна. Энэ улсын хувь заяа Орос Хятадын аль нэгний гарт орох болно. Гэхдээ Монголчуудын нүд нь гал цогтой юм. Тиймээс энэ ард түмэн ирээдүйтэй байж магад" хэмээн бичиж байжээ.