“Фронтиер” компанийн гүйцэтгэх захирал Маса Игататай “Инвест Монголиа-2017” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаар ярилцлаа.

-“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын энэ жилийн онцлог нь юу байв?

-Онцлог гэвэл Засгийн газартай хамтарсан явдал байлаа. Засгийн газартай хамтран зохион байгуулах нь хоёр талтай. Чуулганд оролцох засгийн төлөөллүүд хийж буй ажлаа сурталчлах гээд байдаг асуудал бий. Хөрөнгө оруулагчдад сайхан харагдахын тулд хэтэрхий гоё амлалт, ажил ярьдаг. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид хүсээд байгаа бодитой мэдээллээ авч чаддаггүй эрсдэл бий. Сул тал нь гэвэл энэ. Давуу тал нь гэвэл төр, засгаас баримтлах бодлого, шийдвэрийн тухай мэдээлэл хөрөнгө оруулагчдад чухал байдаг. Миний хувьд Засгийн газартай хамтрахдаа энэ талаар бодолцсон. Бодитой мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлд хамтарч ажиллах зарчмыг анхнаас нь ярьсан. 

-Нийтлэлч Баабар нэлээд ширүүн, шүүмжилсэн агуулгатай илтгэл тавьсан. Баабарыг ямар шалтгаанаар илтгэгчээрээ сонгосон бэ?

-Засгийн газрын төлөөлөл мэдээж хийж байгаа ажлаа сурталчилсан агуулгатай илтгэл тавина. Гэтэл яг үнэн хэрэгтээ байдал ямар байгааг нөгөө талаас харсан анализ, дүгнэлт хэрэгтэй. Тэгж байж мэдээллийн тэнцвэртэй байдал хадгалагдана. Баабарын хувьд ардчилал ялсан үеэс хойш өдий хүртэл асуудлын дунд явж ирсэн хүн. Хөндлөнгөөс харж ярих хүмүүсийн нэг. Энэ утгаар нь илтгэл тавиач гэж урьсан. 

-Хөрөнгө оруулагчид юунаас илүү болгоомжилж байна вэ?

-Хөрөнгө оруулагчид монголчуудын хандлагаас, харж байгаа өнцгөөс болгоомжилж байна. “Инвест Монголиа”-гийн хоёр дахь өдрийн үдээс хойшхи хуралдааны үеэр их тод анзаарагдсан. Уул уурхайн салбарын сайд асан Д.Зоригтыг маш олон хүн шүүмжилсэн л дээ. 

-Оюу толгойн гэрээг хийсэн хүний нэг гэдэг утгаар нь уу?

-Харин тийм. Хөрөнгө оруулна гэдэг маш том эрсдэл гэдгийг нийгмийн олонхи ойлгохгүй байна л даа. Тэр дундаа Монгол шиг эрсдэл ихтэй улсад хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчид тэр хэрээр өндөр шаардлага, босго тавьдаг. Хадгаламж, зээлийн хүүгээр жишээ татъя. Монгол эрсдэл өндөртэй улс учраас хадгаламж, зээлийн хүү өндөр байдаг. Японы хувьд эрсдэл бага учраас зээл, хадгаламжийн хүү маш бага байдаг. “Рио тинто”-г би маш зоригтой алхам хийсэн гэж хардаг. 

-“Рио тинто”-той хийсэн гэрээ тойрсон шүүмжлэл өнөө ч хүчтэй байна. Таны хувьд гэрээн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хэлэх нэг л зүйл бий. Хэтэрхий урт хугацаагаар байгуулсан байж магадгүй. Гурав, таван жил гэх мэт богино хугацаагаар байгуулаад, сунгаад явдаг байвал зүгээр байх. 

-Хөрөнгө оруулагчид Монголоос үргэлээ гэж ярьдаг. Монгол тэгтлээ үргэхээр улс мөн үү. Та юу гэж боддог вэ?

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохиуулах тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш хөрөнгө оруулалтын орчин муудсан. Энэ хууль батлагдсанаас хойш Монголоос гарч явсан хөрөнгө оруулагчид олон бий. Гэхдээ урт хугацааны хөрөнгө оруулагчдын тухайд байдал өөр байсан болов уу. ТэдэндМонголоос гарах тухай бодол байхгүй. Жишээ нь би урт хугацааны хөрөнгө оруулагч. Мэдээж гэнэтхэн нэг өдөр бүх зүйл сайжирна гэж байхгүй. Жил ирэх бүр нааштай өөрчлөлт бага багаар гарч байвал хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна гэсэн үг. Монголын хувьд нааштай, эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. 

-Хонгконгод жил бүр болдог “Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” энэ жил болсонгүй. Хөрөнгө оруулалтын орчин, зах зээлийн нөхцөл гэх мэт олон шалтгаан байсан байх. Таны хувьд “Инвест Монголиа”-г зохион байгуулахгүй өнжье гэж бодож байв уу, энэ арга хэмжээ цаашид хэчнээн жил үргэлжлэх бол?

-“Инвест Монголиа”-г зохион байгуулахгүй өнжье гэсэн бодол төрж байгаагүй. Цаашид ч маш олон жил зохион байгуулах байх (инээв). “Инвест Монголиа”-гаас орж ирсэн мөнгө зохион байгуулалт, чуулганы дараа гардаг репорт зэрэг ажилд зарцуулагддаг. Ер нь өөрөөсөө мөнгө нэмж байж “Инвест Монголиа”-г зохион байгуулдаг. Энэ арга хэмжээг зохион байгуулах нь надад сонирхолтой байдаг. Чуулганыг зохион байгуулах ажил гурван сарын өмнөөс эхэлдэг юм. Засгийн газар, компаниуд гээд чуулганд хамтрах, оролцох хүмүүстэй уулзаж ярилцаад явахдаа маш олон мэдээлэл цуглуулдаг. Жилээс жилд ямар өөрчлөлт гарч байгаа нь тод анзаарагддаг.