Японы хөрөнгө оруулалттай “Фронтиэс Монголиа” компаниас зохион байгуулдаг “Инвест Монголиа” чуулга уулзалт өнөөдөр Шангри Ла-д эхэллээ. 11 дэх жилдээ болж буй, 1100 орчим төлөөлөгч оролцож байгаа уг чуулга уулзалт маргааш өндөрлөнө. Энэ өдрийн хуралдааны үеэр нийтлэлч Баабарын тавьсан “Төлөвшихөд бидэнд ахиад олон жил хэрэгтэй байна” сэдэвтэй илтгэлээс тоймлон хүргэе.

Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой...

Хөгжиж байгаа орнуудын нийгмийн сэтгэлгээнд нийтлэг хэдэн зовлон байна. Орчин үеийн төр байгуулаагүй, байгуулах эхний шатандаа явж буй, иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой, өмнөх түүхэнд нь гялайх гялтайх юм байвал үндэсний бахархал болгох гэж тэмүүлдэг, өнөөдрөөрөө амьдарч, өчигдрөөрөө бахархдаг, маргаашаа боддоггүй, хоцрогдлынхоо шалтгааныг юуны түрүүнд гаднаас хайдаг, хайгаад маш амархан олдог зовлон байна. Хоцрогдлынх нь буруутан нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэгэн цагт үзэл суртлын дайн байлдаанаар зөрчилдөж явсан улс байдаг.

Асар их баялаг, бололцоотой гэж боддог, баялгийг нь булаах гээд байгаа гадны хүчин бий гэдэгт итгэдэг, сонгогдсон ч бай, диктатурын ч бай төрөө үргэлж харддаг, ямар ч шийдвэрийг нь хардах эсэргүүцэх хандлагатай, дотроосоо дайсан эрэмтгий, баялаг бүтээгчдэдээ дайсагнан ханддаг, худалдаа зуучлал, банкны үйлчилгээг мөрдлөгө гэж хардаг шинж ажиглагддаг.

Зорилготой зорилгогүйгээр тараасан хуйвалдааны онолын маягийн цуурхал болоод зориудын мушгин гуйвуулалтанд нэн автамхай шинжүүд бас байна. Үүнээсээ болоод сул дорой төртэй, үйл ажиллагаа нь давхацсан институтуудтай байдаг. Аль нь ч байсан төрийн шийдвэр цуцлагдах эргэж буцах нь амархан байдаг. Авлига, бялуу хуваадаг. Нийгмийн баялгийн хуваарилалт нь шударга бус. Хоцрогдсон орнуудын энэ нийтлэг зовлон байгалийн баялагтай, баялаггүй гэж хоёр хуваагдаж байна. Хэдийгээр өөр өөр шалтгаантай ч хариу нь адил гардаг. 

Өөрсдөд нь ашигтай, унацтай учраас зөв бодлого явуулахыг хүсдэггүй

Эрнандо Сато нарын эдийн засагчдын үзэж байгаагаар эрүүл эдийн засгийн бодлогыг хоцрогдсон орны улстөрчид маш сайн мэдэж байдаг. Гэхдээ хүлээж авдаггүй. Хүлээж авдаггүй нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт хоцрогдсон нийгмийн иргэдэд хүлээж авдаггүй зовлон байна. Хоёрдугаарт буруу бодлого явуулах нь өөрсдөд нь ашигтай, унацтай байгаа учраас зөв бодлого явуулахыг хүсдэггүй.

Оюу толгойн гэрээг маш шударга биш болсон, ясандаа тултал дээрэмдүүлсэн гэж хүн амын 90 хувь үзэж байгаа. 1990-2000 оны хооронд Япон улс ЗХУ-ыг орлож манай улсад тусламжийн гараа сунгасан. Гэтэл үүнийг нь бид “Японы арал удахгүй живэх гэж байгаа. Тийм болохоор л Монголд суурьших санаагаар тусалж байна” гэцгээж л байсан. Бид Монголд хөрөнгө оруулж, олон улсын бирж дээр мөнгө босгосон олон тохиолдолд цугласан мөнгийг нь өөрсдийнхөө хөрөнгө гэж ойлгодог, үүнийгээ дээрэмдүүлчихлээ гэж үздэг. Бидний хийсэн хамгийн том нээлт бол гадаадынхан туслах гэж биш цөлмөх гэж ирсэн гэх аксиом. Мэдээж хэн ч туслах гэж ирээгүй. Хамтарч ажиллаад ашгаа шударгаар хуваая гэж байгаа. Шударгаар хуваана гэдгийг шууд л шулна гэж ойлгодог учраас дайсагнаж хөөдөг. Энэ нь нийгмийн тодорхой хэсэгт ашиг болж очдог учраас оршоод байна.

Гадны хөрөнгө оруулалтад халтай орчин 10 жилдээ лав засрахгүй

Ер нь байгалийн баялаг ихтэй хоцрогдсон улсад хөрөнгө оруулна гэдэг эрсдэлтэй. Ийм нийгэмд нэр хүндтэй компани орж ирдэггүй. Орж ирсэн ч нэг удаа алдаад ахиад шагайдаггүй. Харин элдэв заль мэхтэн хуурамч нэр зүүгчид олноороо ханддаг. Коммунизм задарч байхад маш элбэг харагдсан зүйл. Сүүлийн хориод жилийн туршлагааас харахад Монгол Улс гадны хөрөнгө оруулалтад нэн эрсдэлтэй орон гэдгээ харуулсан. Эндээс нэг бус гадны хөрөнгө оруулагч маш их хохирч гарсан. Лавтай ойрын 10-15 жилд засрахгүй байх.

Бүлэглэлүүд биенээ илчилдэг нь бас л нэг сайн тал

Монголд хөрөнгө оруулж байгаа ганцхан салбар нь уул уурхай. Бидэнд гадагшаа зарах өөр юу ч байхгүй. Хивс, мах, гэр, ноолуур, жамц давс гэж тоолж болох ч нийлбэр нь ганц уурхайд ч хүрэхгүй. Гэхдээ бидэнд давуу тал бий. Нэгдүгээрт нийтээрээ бичигтэй болоод 60 жил болж байна. Оюутан профессор докторын нийт хүн амд харьцуулсан тоогоор дээгүүр давхидаг. Ямар ч хүнд үед өөрийгөө аваад явах чадвартай, аливааг хурдан сурах авъяастай. Маш их бардам, биеэ тоосон сэтгэлгээ нь зөв гольдиролд орвол хөгжлийн асар том капитал болно. Шинэ содон юм, техник технологийн хөгжилд шимтэх нь бидний өөр нэг сайн тал.

Эрх чөлөөний мэдрэмж бараг төрөхтэй нь хамт бий болдог. Ямар нэг шашин, үзэл суртлын дарамтаас үргэлж ангид байж чаддаг. Хэрвээ тийм дарамт ирвэл аргалж өнгөрөөгөөд ард нь гарах чадвартай. Өөр нэг сүрхий сонирхолтой онцлог гэвэл хэдийгээр авлига луйврын олон бүлэглэлтэй ч аль нь ч удаан ноёрхож чаддаггүй. Монгол бол чөлөөт ардчилалтай орон. Чухам үүний буянаар бүлэглэлүүд хэнийгээ ч дээш нь гаргах хүсэлгүй. Тийм учраас харилцан биенээ илчлээд ямар нэг гэж хэлж болохуйц шударга байдлыг тогтоогоод байдаг. Энд биенээ хэлмэгдүүлээд байгаа юм ерөөс үгүй. Шударга үнэний нэр дор биенийхээ булхайг амархан илчилдэг. Энэ бол бас л нэг сайн тал. Үндэсний эдгээр онцлог давамгай чанарууд нийлж, нийгмийн хөгжил дэвшил рүү ханддаг цаг үе ирнэ гэж найдаж байна. 

Эдгээр давуу талаа ашиглаад Монгол Улс, монгол үндэстэн мандан бадрах байх. Гэхдээ өнөө маргаашдаа биш. Үүнд дор хаяж дараагийн 27 жил хэрэгтэй байна. иргнэшсэн залуу үе нийгмийн удирдлганад гарах, тэрийг гаргаж ирэх иргэншсэн иргэдтэй болох л бидэнд нэлээд олон жилийн туршлага, зүтгэл, тэвчээр шаардлагатай. 

Дэлхийн хандлага, тогтолцоонд манай нийгэм дэндүү нялхдаж байна

Өнөөгийн хөгжингүй орнууд орчин үеийн төр байгуулж, төр нь институтчлэгдэж, нийтээрээ нийгмийн зөвшилцөлд хүрч чаддаг болох гэж нэлээд цаг хугацааг барсан. Монгол орны алс ирээдүйг бид маш өөдрөгөөр харж байна. Гэхдээ XXI зууны дэлхийн хандлага, нөхцөл байдал, соёл иргэншил, тогтолцоо авир ааш, эрэмбэ дараанд манай нийгэм дэндүү нялхдаж байна. Өсөлтийн өвчин нялхсын гэнэн авираа засч залруулан хөлөө дөрөөнд гараа ганзаганд хүргэхэд нэлээд хол байна. Ийм байдал саяны хурал дээр ч ажиглагдаж байгаа байх. Манай Ерөнхий сайд, бүх дарга нар ирж маш сайхан амлалт хэллээ. Одоо огцрох гэж байгаа шүү дээ.

Сая энд нэг том дарга ярилаа. Та нартай хөрөнгө хамгаалах гэрээ хийчихлээ гэж. Хийсээн, баяр хүргэе. Долоо хонолгүй Канадын хамгийн том хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг түдгэлзүүлчихээд сууж байгаа. Англид их олон жил суусан хүн бас их сайхан ярилаа. Хөрөнгө оруулъя гэж гуйгаад арван жил болсон гэнэ. Хаана байна тэр Английн хөрөнгө оруулалт. Элдэв асуултад хариулж шуугиан үүсгээд яахав, анхаарал тавьсанд баярлалаа.