/ЕБС-д ажиллах “Боловсролын сэтгэл зүйч” бэлтгэх санаачилгыг “ТХБ-II” төслийн хүрээнд туршин хэрэгжүүлсэн үр дүнгээс./

Зөөлөн чихмэл тоглоомоор гоёсон тод өнгөтэй гоё буйдан, загварлаг ширээ, сандал, бас дээр нь эвлүүлдэг, өрдөг тоглоом. Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл тухалж суугаад хөөрөлдмөөр. Яг ийм өрөөтэй 60 гаруй улсын сургууль таван аймаг, хоёр дүүрэгт бий. Цүнх нь томдсон балчир жаалууд сониучирхан байн байн өрөөгөөр нь шагайдаг бол тэдэнд ахархсан дунд ангийнхан бие биенээ түлхэн барин ээлжлэн орох бас дуртай. Харин ахлах ангийн ах эгч нар энэ өрөөгөөр цөөхөн үзэгдэх ч ярилцах сэдэв, асуух асуулт нь “том” тул тухлавал бас чиг удна. Ингэж л өрөөгөөр нь хүүхэд холхиж, хаалга үүдийг нь онголзуулж байвал “эзэн” нь баярлана. 

Хичээлийн жилийн эхэнд сурагчдын “хэн бэ” гэсэн асуултад өөрийгөө таниулах гэж хичээж байсан сургуулийн сэтгэл зүйчид өнөөдөр сурагчдын нууцыг нь чанд халгалдаг найз нь, сэтгэл засалч нь болжээ. 

БШУЯ-наас батлан хэрэгжүүлж байгаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-ний хүрээнд сурагч, багш, эцэг эх, сургуулийн хэрэгцээг тодорхойлж, эргэн холбогдох сэтгэл зүйн орчин бүрдүүлэхээр ажилласан. Үүний тулд сурагч, багш, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн сэтгэл зүйчдийг бэлтгэх санаачилгыг “ТХБ-II” төслийн хүрээнд загвар 30 сургууль дээр 2021-2022 оны хичээлийн жилд туршин хэрэгжүүллээ. 

Монгол Улсын хэмжээнд бүх ЕБС-дад мэргэшсэн сэтгэл зүйч ажилладаг тогтолцоог бий болгох зорилгоор БШУЯ-ны удирдлага дор төслийн үндэсний түшиц байгууллага болох Боловсролын сждалгааны үндэсний хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ гээд төрийн, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна. 

Төслийн зорилтот 6 аймаг, 2 дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 64 мэргэжилтэн “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгсөж, сургуулиудад ажиллаж байна. 

БШУЯ-наас батлан хэрэгжүүлж байгаа “ЕБС-ийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд сурагч, багш, эцэг эх, сургуулийн хэрэгцээг тодорхойлж, эргэн холбогдох сэтгэл зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд сурагч, багш, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн сэтгэл зүйчдийг бэлтгэх санаачилгыг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд гаргаж, загвар 30 сургуульд энэ хичээлийн жилд туршин хэрэгжүүлж байна.

Д.АЛТАНСОЛОНГО "ХҮҮХДҮҮДЭЭС ГАДНА СУМЫН ИРГЭДТЭЙ АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн сэтгэл зүйч Д.Алтансолонго тус сургуульдаа хоёр жилийн гэрээтэй ажиллаж байна. 

-Сургуулийн сурагчдад сэтгэл зүйтэй холбоотой ямар асуудлууд тулгарч байна? 

-Хүүхэд бүрийн нас насны онцлогтой холбоотой асуудлууд байдаг. 

Бага ангийн хүүхдүүдэд сурах үйлийн бэрхшээл, анги хамт олонтойгоо нийцэхгүй байх, ковидтой холбоотой хүүхдүүдийн нийгэмших үйл явц удааширч үзэл бодлоо илэрхийлэх тал дээр дутмаг байна. 

Дунд ангийн хүүхдүүдийн хувьд хамгийн чухал орон зай нь найз нөхөд. Иймээс найз нөхөд нь өөрийг нь тоохгүй байх, үл хүндэтгэх ч гэдэг юм уу, ганцаардсан мэдрэмжийг их авч байна. Миний хувьд дотуур байранд амьдарч байгаа давуу талаа ашиглаад, амралтын өдрүүдээр байрныхаа хүүхдүүдтэй ажилладаг. 

Нийтлэг асуудал нь үе тэнгийн дарамт. Үе тэнгийн дарамт гэдэг нь би багадаа дарамтлуулдаг байсан, би дунд ангидаа ингэдэг л байсан гэдэг байдлаар хэн нэгнийг дарамтлах асуудал гарна. Нэг ёсондоо сэтгэл зүйн гэмтэл нь эдгэрэхгүй явсаар байгаад эргээд хэн нэгнээс хариу авах гэсэн хандлагатай болдог. 

Харин охидын хувьд гэр орноосоо хол байх нь ганцаардсан мэдрэмжийг өгч, намайг хайрлахгүй байна, тоохгүй байна, би ганцаараа шүү дээ гэсэн гомдол, хандлага ажиглагддаг. Сургуулийн сэтгэл зүйч гэдэг сумын сэтгэл зүйч л гэсэн үг гэж нэг сумын Засаг дарга тодорхойлж байсан гэсэн. 

-Ажлын хүрээ хамаарал зөвхөн сурагчдаар, сургуулийн хамт олноор хязгаарлагдахгүй байгаа болов уу? 

-Тийм ээ. Сэтгэл зүйн зөвлөгөө авъя, тусламж хэрэгтэй гэсэн бүгдэд нээлттэй. 

Томчуудын тухайд архидан согтуурах, хулгайд холбогдох, гэр бүлийн хүчирхийлэл гээд асуудал гарна. Тэдэнд зөвлөгөө өгөх гэхээс илүү үйлчлүүлэгчийнхээ асуудлыг тодруулж, мэдрэмжийг нь хуваалцах нь миний ажлын гол зорилго. Тиймээс тэгэх ёстой гэж шууд чиглүүлэхийг урьтал болгодоггүй. Мэдрэмжээ л хуваалцана. 

Сум орон нутгийн онцлогоос хамаараад томчуудын хувьд хэн нэгэнд шууд нууцаа хуваалцах нь маш хэцүү зүйл. Ярих хэрэгцээ байсан ч итгэлийг нь даах хүн ховор гэдэг утгаар нээлттэй байж чаддаггүй. Иймээс нэгэнт энэ суманд ажиллахаар ирсэн учраас хүүхдүүдээс гадна эцэг эхчүүд, сумын иргэдтэй давхар ажиллахыг хичээж байна. 

ТОВЧХОН
• “ТХБ-II” mөслөөс боловсролын сэтгэл зүйчдийн сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаанд 60 сая, 25 сургуулийн 26 сэтгэл зүйчийн өрөө тасалгааны тохижилт, тоног төхөөрөмжид зориулж 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт, нийт 180 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ. 

• 26 сэтгэл зүйчийн цалин, урамшууллыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж одоогийн байдлаар 130 гаруй сая төгрөг зарцуулаад байна. 

• ШХА, “ТХБ-II” төслийн дэмжлэгтэй “ЕБС-ийн багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид үзүүлэх нийгэм сэтгэл зүйн үйлчилгээний талаар баримтлах бодлого боловсруулах” олон талын төлөөлөл бүхий БШУЯ, Боловсролын хүрээлэн болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /хуучин нэрээр/ Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг ТББ, “Бадамлин” ТББ, Сэтгэл судлалын үндэсний төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Гэр бүл анхаарлын төвд” сэтгэл зүйн төв, “Мета” сэтгэл судлалын хүрээлэн зэрэг төр, төрийн бус байгууллага тууштай хамтран ажиллаж байгаа нь энэхүү үйл ажиллагааг тогтвортой үргэлжлэн тасралтгүй ажиллахад таатай нөлөө үзүүлж байна.


ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын Үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч А.Заяасайхан:

-Швецарийн хөгжлийн агентлагаас тус төслийг дэмжин ажилласан шалтгаан нь цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдлаа. Гэтэл үүнд ач холбогдож өгч байсан улс орон ховор байна. Ковидын энэ хэцүү цаг үед сэтгэцийн эрүүл мэнд маш чухал гэдгийг бүгд харлаа. Тиймээс манай улсын баялаг болсон хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарч ажиллах нь чухал гэдгийг ойлгосон. 

Монголын нийт хүн амын 38 хувийг 0-18 насныхан эзэлж байна. Тиймээс хүүхэд залуучуудынхаа сэтгэл зүйг анхнаас нь усалж тордон, хайрлах хэрэгтэй гэдэг утгаар энэ төслийг дэмжиж, томоохон үр дүнд хүрээд явж байна.

Сэтгэл зүйчдийг бэлтгэх үйл ажиллагааг бид тэднийг мэргэшүүлэх сургалтаар боловсролын болон мэргэжлийн байгууллага болох Сэтгэл зүйн нийгэмлэг зэрэг бусад газруудтай хамтран дэмжин ажиллаж байна. 


Хөтөлбөрт хамрагдсан 141-р сургуулийн боловсролын сэтгэл зүйч Б.Пүрэвмаа:

-Манай сургууль нийт 3200 гаруй сурагчтай. Анх сургуульд ажиллах гээд ирэхэд сэтгэл зүйчийн талаар ямар ч ойлголтгүй, заавал ямар нэг асуудалд орсон хүн сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэж хүүхдүүд боддог байсан. 

Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэж байгаа сурагчийг "чи ямар нэг сэтгэцийн өвчтэй учраас орж байгаа юм уу" гэх байдлаар хандах байдал түгээмэл байсан. Харин одоо бол сурагчдын маань хандлага өөрчлөгдөж, бага зэрэг сэтгэл нь тавгүйтсэн үедээ сэтгэл зүйчээс зөвлөгөө авахыг илүүд үздэг болсон. 

Эхний хэдэн сард 10 орчим хүүхэд л сэтгэл зүйн зөвлөгөө авдаг байсан бол одоо өдөрт 3-4 хүүхэд тогтмол зөвлөгөө авч байна гэсэн юм.

Сүүлийн үед гэр бүлийн харилцааны асуудал, тэр дундаа гэр бүл салалт нэлээд их байгаа учир бага ангийн сурагчид ихэвчлэн энэ чиглэлийн зөвлөгөө мэдээлэл авдаг байна. Учир нь хүүхэд эцэг эхийнхээ салалтад өөрийгөө буруутгах хандлага түгээмэл байдаг аж. Харин дунд, ахлах ангийн сурагчид ихэнхдээ мэргэжил сонголт, үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотойгоор сэтгэл зүйн зөвлөгөө авдаг. 

Сэтгэл зүйч ярьж байна. 

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ГЭДГИЙГ СУРГУУЛИЙНХАН ОЙЛГОСОН

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ЕБС-ийн сэтгэл зүйч Ц.Нарангэрэл: 


-Анх сургуульд ирээд ажиллахад төсөөлж байснаас өөр байв уу? 

Миний хувьд ахлах, дунд ангийн сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс гадна бага ангийн хүүхдүүдэд сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан сэтгэлзүйн боловсрол олгож байна. Өмнө нь сургалтад суусан ч ажлын талбар дээр хүүхдүүдтэй ажиллахад арай өөр байсан. 

Сурагчид маань сэтгэл зүйч гэж барагмэдэхгүй, сургуулийн коридороор явахаар хэн юм бол оо, хэн юм бол оо гэсэн нүдээр хардаг байсан. Эхний нэг сард хүүхдүүдээ ажиглаж танилцлаа. Сарын дараагаас ангиуддаа сургалт орж эхэлсэн. 

Бүх хүүхдийг нэг танхимд оруулаад сургалт явуулна гэхээр үр дүн тааруу санагдаад анги болгонтой тулж ажилласан. Өнөөдөр 9б ангид сургалт орлоо гэхэд дараа нь тухайн орсон агуулга дээрээ суурилсан сэдвээр эцэг эхчүүдтэй уулзаад харилцан уялдаа холбоотой явдаг.

Энэ хугацаанд хүүхдүүд намайг сэтгэл зүйч гэж таньж мэддэг болж, та хэзээ манай ангид сургалт орох вэ, одоо ямар сэдвээр орох гэж байна, бүгдээрээ юуны талаар ярилцах вэ? гэх зэргээр нээлттэй харилцдаг болсон. Тэр тусмаа бага ангийн хүүхдүүдийн хувьд сургалт зөвлөгөөнд суухаараа илүү их нээлттэй болдог. Тэгээд гэртээ очоод аав ээжтэйгээ ярилцана. Аав ээж нь хүүхдээ дагаж ирээд уулзаж байх жишээтэй.

-Сэтгэл зүйчийн хаалгыг татаж орж ирнэ гэдэг хүүхдүүдэд тийм ч амар биш байх даа? Дуртай биш л болов уу? 

-Манай өрөөнд орж ирж зөвлөгөө авдаг хүүхдүүд ихэвчлэн 6-9 дугаар ангийн охид. 

Хөвгүүд бас чи сэтгэл зүйчтэй уулзчих аа оръё оо, оръё гээд нэг нэгнийгээ татаж чангааж, хаалгаар түлхэлцэж байгаад орж ирдэг ч гэдэг юм уу янз бүр л байдаг. Энэ насныханд найз нөхөд, үерхэл нөхөрлөл, гэр бүлтэй нь холбоотой харилцааны асуудлууд бий. Жишээ нь ээжтэйгээ ойлголцохгүй байна, тэгээд хэлсэн чинь ээж минь надад гомдлоо гэнэ. Эсвэл найзууд маань намайг тоохгүй байгаа юм шиг гадуурхаад байна гэж ханддаг. 

Ярилцаад үзсэний дараа би ер нь өөрөө ингэж бодоод юм болгоныг хүндээр тусгаж аваад байгаа юм байна. Энэ чинь харилцааны энгийн хэлбэр юм байна, намайг ялгаварлаагүй, харин миний бодол юм байна гэж ойлгох тохиолдол гардаг. Бага ангийнхны хувьд ямар нэгэн байдлаар айж ичих, санаа зовох нь бага байдаг. Завсарлагаанаар ч юм уу, эсвэл хичээл орохынхоо өмнө орж ирээд манай гэрт тийм юм болоод, би ингээд гээд хамаг бүхнээ л ярьчихдаг. 

Харин ахлах ангийн хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйчтэй дасан зохицох үйл явц нь арай удаан. Тэд эхний улиралд над руу хандаж ирэх нь цөөхөн байсан бол одоо тантай ярилцах гэсэн юм аа гээд орж ирдэг болсон. Эхлээд айж ичиж байсан бол дараагийн удаа бие биенээсээ айж, ичихгүй уулздаг болсон. Ер нь манай сургууль дээр нэг гоё давуу чанар байгаа. Хүүхдүүд нэг нэгнийгээ сэтгэл зүйчийн өрөөнд орлоо,юу ярьсан бол гэх зэргээр хувийн хэрэгт нь оролцдоггүй. Тэгэхээр ямар ч хүүхэд надтай уулзчихаад гараад явахдаа айдасгүй байна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч л байдаг, орж л байдаг, гарч л байдаг нь хэвийн үзэгдэл гэдгийг бүгд ойлгосон. 

-Урт удаан хугацаанд ажиллах шаардлагатай асуудал бий л байх даа?

-Хэн ч намайг хайрлахгүй байна, би угаасаа өөрчлөгдөхгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар өөрийгөө бусдаас тусгаарлах тохиолдлууд гардаг. 

Магадгүй үүнээсээ болж амиа хорлох, өөрийгөө гэмтээх тухай бодох ч юм уу. Энэ тохиолдолд хэд хэдэн удаа уулзаж ярилцсаны дараа аливаа асуудал бэрхшээлийг арай өөр өнцгөөс харах ёстой гэдгийг ойлгодог. 

Хамгийн үр дүнтэй зүйл нь юу вэ гэхээр тэр бүхнийгээ сэтгэл зүйчид орж ирээд нээлттэй ярьж чадаж байгаа нь хамгийн чухал. Миний хувьд өглөө сургуулийн босгоор алхаад л бүх хүүхдүүдтэйгээ мэндэлдэг. 

Гэтэл зарим хүүхдүүд надтай харилцахаас төвөгшөөсөн юм шиг заримдаа дуугүй өнгөрнө. Дараа нь “сэтгэл зүйчээ өглөө би харин тэгчихсэн байсан байхгүй юу” гэдэг ч юм уу өрөөгөөр орж ирээд учир байдлаа ярина. Хамгийн гол нь тухайн хүүхэд өөрөө ирэх ёстой. 

Ямар нэг байдлаар хүүхдийг шууд дагуулж ирэх ч юм уу, багш нь шууд сэтгэл зүйчтэй уулз гэдэггүй. Хүүхэд өөрөө л хүсч ирдэг. Энэ бол манай сургуулийн багш, ажиллагсдын баримталдаг зарчим. Чамд хэцүү байгаа бол сэтгэл зүйчтэй уулзаад үзээрэй гэж санал болгодог. Магадгүй хүүхэд зориглохгүй явсаар байгаад сарын дараа ч ирэх тохиолдол бий. Баярлалаа.

ТОВЧХОН

• ЕБС-дад боловсролын сэтгэл зүйч ажилласнаар нийт давхардсан тоогоор 74 000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэв. Тэдний 53 мянга орчим нь сурагч, 13447 нь эцэг эх, 7535 нь багш ажилтан байна. 

• Таван ментор сэтгэл зүйчийг ажиллуулж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, кейс илрүүлэлт, холбон зуучлах үйл ажиллагааг чиглүүлж, онцгой кейс 74-ийг илрүүлж холбон зуучлах үйл ажиллагаа явуулснаар эрсдэлт үйлдэл болохоосурьдчилан сэргийлж чаджээ. 

• ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын их дээд сургуульд элсэлтийн шалгалтын өмнөх стресс менежмент, шалгалтын үеийн сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх, “Ковид-19” халдварт цар тахлын сурагчдад үзүүлэх сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор сурагчдад чатбокс үйлчилгээ үзүүлэв. Сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл зүйн анхан шатны тест оношилгоог цахимаар хийх, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн болон бусад мэргэжлийн үйлчилгээтэй холбон зуучлах зэрэг ажлыг богино хугацаанд цаг үеэ мэдэрч түргэн шуурхай зохион байгууллаа. Нийт 1300 гаруй сурагчдад сэтгэл зүйн тусламж-үйлчилгээг хүргэлээ.


Эх сурвалж: “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн “ТХБ” цахим сонингоос нийтлэв.