Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 05, 2022
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеришийн ивээл дор зохион байгуулагдах "Хувьсаж буй боловсрол”дээд хэмжээний уулзалтыг угтан БШУЯ-аас НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад төрөлжсөн байгууллагуудын тусламжтайгаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг хагас сарын хугацаанд зохион байгуулжээ. Хэлэлцүүлэг хүүхэд залуучууд, багш, судлаачид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн болон үндэсний, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөлүүдийн гэсэн хэд хэдэн үе шаттай болсон бөгөөд өнөөдөр нэгдсэн хэлэлцүүлэг хийж байна.
Өнгөрсөн хугацаанд хийсэн салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд дараах санал, дүгнэлтийг гаргажээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд үүрэг амлалтаа биелүүлж байна
Монгол Улсын Засгийн газар боловсролын талаар дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа чанар, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, зарим ахиц амжилтад хүрснийг онцолсон байна.
Тухайлбал, Боловсролын салбарын санхүүжилт 2022 онд ДНБ-ний 4.4%, улсын төсвийн нийт зарлагын 12.8%-ийг эзэлж байгаа бөгөөд НҮБ-ын гишүүн орны хувьд үүрэг амлалтаа биеүүлж байна.
Хөл хорионы үеийн сэтгэл зүйн нөлөө удаан үргэлжилбэл бие хүний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна
Цар тахлын үеийн хөл хорио нь суралцагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж ганцаардах, уйтгарлах, бухимдалтай болох, сурлагаар хоцрогдохоос айх зэрэг сөрөг үр дагавар үүсэхэд хүргэсэн.
Эдгээр асуудлууд нь цаашид удаан үргэлжилбэл тэдний бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүй болоод бие хүний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Сурлагын хоцрогдлыг нөхөхөд дараах чадварууд нэн чухал
Цар тахлаас үүдэлтэй сурлагын хоцрогдлыг нөхөх, хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд ажиллаж амьдрахад чухал ач холбогдолтой чадваруудыг сургалтын үйл ажиллагаанд тусган хөгжүүлэх шаардлагатай.
Үүнд:
✔ Мета-танин мэдэхүй (thinking about thinking), ✔ Суралцахуйд суралцахуй (learning to learn), ✔ Сэтгэл хөдлөлөө удирдах (emotional regulation), ✔ Аливаа зүйлд зорилго тавьж (goal orientation), ✔ Тууштай байх (perseverance), ✔ Бусдыг ойлгох (empathy) зэрэг |
Газар зүйн байршил, хэл соёлын ялгаа зэргээс хамаарсан боловсролын үйлчилгээг зохих түвшинд авч чадахгүй байна
Монгол Улсад боловсролын хамран сургалт өндөр байгаа ч хүүхэд бүр өөрт тохирсон чанартай боловсролын үйлчилгээг зохих түвшинд авч чадахгүй байна.
Газар зүйн байршил, хэл соёлын ялгаа, хөгжлийн бэрхшээл, үндэсний цөөнх, нийгэм эдийн засгийн ялгаа, жендэр, шилжилт хөдөлгөөн, дижитал хуваагдал зэрэг нь боловсролын бүх түвшинд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авахад нөлөөлж байна.
Монгол Улсын боловсролын салбар дахь төсөв, санхүүгийн хүртээмж сул
Боловсролыг бүх нийтийн зорилго болгож төр, хувийн хэвшлийн байгууллагууд ч өөрийн үйл ажиллагаандаа боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх тогтолцоо, соёлыг бүрдүүлэх, түүнийг урт хугацаандаа тасралтгүй, тууштай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл зоригтой байна.
Монгол Улсын боловсролын салбар дахь тэгш бус байдал, багшийн чанар, нэр хүнд, үнэлэмж төгсөгчдийн ур чадвар, төсөв, санхүүгийн хүртээмж сул байна.
боловсрол бшуя нүб тогтвортойхөгжил тэгш бус байдал чанартай боловсрол хувьсаж буй боловсрол
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.