Тогтвортой хөгжлийн зорилгыг /ТХЗ/ олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөг маргааш /2022.09.10/ өдөр “Сүхбаатарын талбай”-д болно. 

Энэхүү өдөрлөгийг Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохиож буй юм.

Манай улс Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг билээ. УИХ-аас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж байна.


Нээлттэй өдөрлөгт оролцогчдод Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ололт амжилт болон нийгэмд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, сайн туршлагаа олон нийтэд сурталчлан танилцуулах боломж олгоно. 

Ингэснээр иргэд, олон нийт, байгууллага, хамт олонд сайн жишиг түгээх, байгаль орчин болон хүнд ээлтэй зан үйл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, төлөвшүүлэхийг зорьж байгаа аж.


Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь НҮБ-ын гишүүн болох 193 улс орны нэгдэн орсон бүх нийтийн зорилго юм. 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх мөн тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар эдгээр улс орнуудын удирдагчид үүрэг амлалтаа өгч нэгдсэн байна.


Энэхүү өдөрлөгийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, боловсролын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-д чиглэсэн үйл ажиллаагаа, санаачилгуудынхаа үр дүнг танилцуулахаар нэг дор цуглах болно. 


Өдөрлөгийн үед ТХЗ-ыг сурталчлан таниулах, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Тухайлбал:

  • Зохистой хөдөлмөрийг дэмжих Хөдөлмөрийн яармагаар ажил хайж буй иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ хүргэнэ.
  • Дахивар хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах талаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг хог хаягдлын менежментийг бий болгоход манлайлж буй иргэдийн сайн дурын санаачилга хөдөлгөөн болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн хүргэхээр төлөвлөж байна.
  • Гадаад, дотоодын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг оюутан залууст нэг дор цогц байдлаар хүргэх тэтгэлэгт хөтөлбөрийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
  • Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан виртуал орчинд ТХЗ-ын талаар мэдээлэл авахаас гадна e-mongolia үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.