Та нарын дунд Америкийн цагдааг машинтай араас нь хөөж зогсоогоод, замын хажуу руу шахаж гаргаж үзсэн хүн байна уу? 

Байхгүй л байх..., Харин би үзсэн. 

*** Энэ явдал нэлээн хэдэн сарын өмнө болсон юм. 

Тэр өглөө хүү бид хоёр заншил ёсоороо замын түгжрэлд орчихсон, хичээлээсээ хоцорчих вий гээд сандран, байн байн цагаа хараад их л түгшүүртэй явж байлаа. Гэтэл яг урд нэг хар машин тээглэчихээд явж өгдөггүй ээ. 

Ойр ойрхон сигналдлаа, ард нь тулж ирлээ, баруун талаар нь гүйцэж түрүүлж, урд нь орох гэж үзлээ. Явдаггүй шүү. Тэгтэл нэлээн хэдэн уулзвар өнгөрсний эцэст ашгүй нэг замын хажуу руу гарч, надад бууж өгөх нь тэр. 

Би ч гавьяа байгуулсан аятай чимээгүйхэн мушилзаад “аль хэзээний л ингэх байсан юм” гэж бодон, гэрлэн дохион дээр зэрэгцээд иртэл дотроос нь цагдаагийн хоёр офицер буугаад ирэв. Пал хийгээд л явчихлаа. 

“Одоо яанаа, зүгээр ч нэг торгоод өнгөрөхгүй эрх хасчихвал яана..., Эрх хасах ч яамай бүр тэрнээсээ эс юм болоод баривчлаад хэсэг рүүгээ аваад явна гэвэл яана.., “ гээд л тэр хооронд олон юм бодож амжив. Бүр болохгүй бол хүүгээрээ түрий бариад “бид хоёр шалгалтнаасаа хоцорчих гээд яарч явлаа” гээд матрын нулимс унагана даа хэмээн башир арга зохиож, гэмгүй царайлан сууж байлаа. Тэгтэл цагдаа нар ч ирлээ. 

“Өглөөний мэнд, та зүүн эргэдэг эгнээгээр зүүн эргэхгүй, чигээрээ яваад байх юм. Хэрэв та чигээрээ явбал баруун эгнээгээр явах ёстой” гэв. Уурласан ч үгүй, бичиг баримт ч шалгасангүй. Надад жолооны хамгийн энгийн дүрмийг хялбархан тайлбарлаж өгчихөөд өөрсдийнхөө замаар яваад өгөв. 

Хэдхэн хормын дотор амьдрал нүдний урдуур жирэлзээд л өнгөрлөө. 

Хууль дүрэм чанга, ёс суртахууныг чинээнд нь тултал дээдэлдэг улсад арын хаалга, таньдаг мэддэг хүнээрээ яриулна, зохицуулна гэх ойлголт ямар байх биш. Буруу юм хийсэн л бол буруу байдаг хойно, яах ч арга байхгүй. Гэтэл хоёр цагдаа зүгээр л яваад өглөө. 

Хүн буруу юм хийчихээд зэмлэл хүртэлгүй өнгөрөхөөр гэмшиж, ичиж, өөрийгөө гэсгээдэг юм билээ. Тэр мөчид өглөө бүр өөрийгөө ч, хүүгээ ч зовоон гэрээсээ хол, харьяаллын бус газарт сургуульд зөөж, хотын  түгжрэлд нэрмээс болон ухамсаргүйтэж яваагаа ухаарав. 

“За болъё, хүүгээ гэрийнхээ хажууд сургуульд явуулъя эсвэл сургууль руу нь ойртож нүүе” гэж хатуу шийдлээ. 

Тун удалгүй манайх нүүн, дотор минь бугшаад байсан тэр асуудлууд ар араасаа шийдэгдэж, санаа минь нэг мөсөн амарсан. 

Өглөө бүр түгжирч явсан тэр хэдэн сард хүүгийн маань сурлага муудаж, хичээлээсээ хоцрох бүртээ ангийнхнаасаа ичин, багшийнхаа царайг харахаас яс нь хавтайж, ангийнхаа хаалгыг нээх бүртээ айдас мэдэрдэг байсан гэдгээ хожим надад ярьсан. Бас найз нөхөд ч үгүй хэдэн сар явсан байв. 

Би ч мөн ялгаагүй асуудал ихтэй байдаг байлаа. Хүүгээ хичээлээс нь хоцроох бүртээ өөртөө буруу өгч, сэтгэлээр унан, уруу царайлан ажил дээрээ орж ирнэ. Үс гэзгээ янзалж, нүүрээ ч олигтой будахаа байж, цайгаа ч уулгүй, нүдээ нээх төдийд өнөөдөр яаж сургууль руу нь хоцрохгүй очих вэ гэдэг ганцхан бодолтой өглөөг угтдаг байлаа. 

Тэгэх мөртөө “хүүгээ сайн сургуульд явуулдаг” гэх хоосон бодлоор өөрийгөө тэжээж, цаг алдан явснаа ухаараагүй байж. 

Хүн л юм болсон хойно үр хүүхдээ сургалт, орчин сайтай сургуульд боловсрол эзэмшүүлье гэж бодоод ажлын газрынхаа хаягаар хүүгээ сургуульд өгсөн нь тэр байлаа. Учир нь тэр сургууль улсынхаа 130,000 сургуулиас эхний шилдэг 100-д багтдаг сургууль байсан юм. 

Гэтэл гэрээсээ хол сургуульд сургана гэдэг миний л хүсэл байснаас хүүгийн минь хүсэл ер байгаагүй. Түүнд хичээлээ хийгээд мөрөөрөө явахаас илүүтэй  “мундаг, шилдэг, сайн” гэсэн хоосон амбиц огт байгаагүй нь лавтай. 

Заримдаа эцэг эхчүүд бид өнгөц харахад үр хүүхдийнхээ төлөө зөв юм хийж байгаа мэт харагдавч үнэн чанартаа буруу зүйл хийсэн байх нь олонтаа. 

Замын цагдааг араас нь хөөж зогсоосон миний бүдүүлэг үйлдэл, юу ч хэлэлгүй намайг зүгээр өнгөрөөсөн сайхан сэтгэлт цагдаа нарын ачаар би буруу зүйл хийж явснаа ойлгосон. Миний энэ түүх зарим нэг хүнд тун танил санагдаж магадгүй. 

Одоо хүү маань хичээлдээ тун сайн байгаа. Найз нөхөдтэй ч болж, сургуульдаа аз жаргалтай явдаг болсон. Хичээлийнхээ хажуугаар сургуулийнхаа усанд сэлэлтийн багийн тамирчин болж, өглөө бүр 5:00 цагт босч, бэлтгэлдээ явдаг. Биеэ дааж, бүх юмаа өөрөө хийнэ. Би ч бас өглөөд цайгаа уугаад үс зүсээ янзлаад, ажилдаа тайван явдаг болсон. 

Гэв гэнэт сурлага нь дээшлээд, цовоо сэргэлэн болсонд багш нар нь ч тун талархалтай байгаа. 

Эндээс би нэг л зүйлийг ойлгосон. Бүх зүйл төгс байх албагүйг, зөв гэж бодсон зүйл заримдаа буруу ч байж болдгийг мэдэрсэн. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа золиос гаргаад ч хамаагүй засах алхмыг хийх хэрэгтэйг ойлгосон. Бас хамгийн чухал нь хүүхэд гэрийнхээ ойролцоо сургуульд явах хэрэгтэйг ухаарсан.