Хоёр жилийн өмнө Засгийн газрын 355 тоот тогтоол гарсны улмаас албан ёсны хяналттай бичил уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд орж хууль бус олборлогчид эрс нэмэгджээ. Энэ талаар “Бичил уурхай-бодит шийдэл” уулзалтыг зохион байгуулсан хариуцлагатай бичил уурхайчид ийнхүү онцлон хэлж байна.

Бичил уурхайн үйл ажиллагаа албажуулалт зогссоны балаг үүгээр дуусахгүй. 2019-2022 оны байдлаар хууль бус олборлолттой холбоотой гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ. Бүр 300 хувиар нэмэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллагын гаргасан тоо батална. Ажилгүйдэл, ядуурал, хүний эрхийн зөрчил гээд нийгмийн шинжтэй сөрөг үр дагавар тоогоо алдсан байна.

Бичлэг үзэх: 

Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооны дотоодын судалгаа мэдээллээс үзвэл дээрх тогтоол батлагдан гарснаас хойш 30 орчим удаагийн томоохон хэмжээний хууль бус олборлогчдын бөөгнөрөл болжээ. Давхардсан тоогоор энэ нь 32 мянга орчим хүнийг хамарч, 15 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан гэнэ. Засгийн газрын буруу шийдвэрийн үр дагавар одоо ч үргэлжилсээр...


Тэд төрөөс халамж бус бичил уурхайн хууль журмыг баталж, тодорхой газар олгоод хариуцлагатайгаар ажиллахыг л хүсэж байна. 

Ингэхийн тулд бичил уурхайг цаг алдалгүй албажуулж зохион байгуулалтад оруулах шаардлагатай тулгарсныг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны зөвлөх Г.Мөнхцэцэг дурдлаа. 

Манай улсад 40-60 мянган  иргэн хувиараа ашигт малтмал олборлодог.

Бичил уурхай ганц манай улсад л байгаа зүйл биш. Өнөөдөр дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим иргэн бичил уурхайгаас амьжиргаагаа залгуулж байна. 

Манайд ч ялгаагүй нэгэнт ажлын байргүй сум орон нутагт амьжиргааных нь эх үүсвэр болж ирсэн. Өнгөц харахад өнөөдөртөө тэдний амин зуулга мэт боловч бичил уурхай эрхлэгч иргэд Монголбанкны эрдэнэсийн сангийн 50 орчим хувийг нь бүрдүүлдэг гэдгийг хүмүүс мэддэггүй. Нинжа хэмээн ад үзэгдэн сайн муу хэлэгддэг тэд ийнхүү гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн үнэ цэнтэй байдлыг хадгалдаг.

Үүнээс гадна ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 50 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн статистик ч бий. Орон нутагт гэхэд бичил уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг долоон суманд тээвэр худалдаа, үйлчилгээний газар, алтны боловсруулалтаар дамжаад 7917 ажлын байр бий болгосон талаар судалгаа гарчээ.

Энэ бол бичил уурхайчид алт тушаалтаар дамжуулан эдийн засагт өөрсдийн хувь нэмэр оруулж байгаагийн бодит жишээ юм.


Хариуцлагатай бичил уурхайчид гэж хэн бэ?

Томоохон уул уурхайн компаниуд техникийн хүчээр ашигт малтмалыг сорчлон олборлодог. Үлдсэн буюу нөхөн сэргээгдээгүй хаягдсан талбай дээр нь ажиллаж олборлолт хийж нөхөн сэргээлт хийж буй хүмүүс бол бичил уурхайчид юм. Тэд нөхөрлөл хэлбэрээр хамт олон болж ажилладаг, нийгмийн даатгал төлдөг, өөрсдийн ажилласан талбайд нөхөн сэргээлт хийдэг, олборлосон алтаа Монголбанканд тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажилладаг, байгалийн баялгийг хууль журмын дагуу олборлон амьжиргаагаа залгуулж байгаа жирийн л иргэд юм.
Тиймээс бичил уурхайчдыг ад үзэж шууд хааж боохоос илүү төрийн бодлогоор урт хугацаанд анхаарах шаардлагатай тулгараад байгаа талаар тэд ийнхүү ярьж байна.

 

Албан ёсны, хяналттай бичил уурхайн үйл ажиллагааг зогсоосноор ядуурал, гэмт хэрэг нэмэгдсэн

/"Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа/

Орон нутгийнхан ажил нэлээд завхруулж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2019 оноос өмнө байгуулагдсан нөхөрлөлийг ажиллуулах чиглэл өгчихсөн шүү дээ. Өнгөрсөн сарын 19-нд. Хоёр жилийн өмнө АМГТГ-ын дарга Х.Хэрлэн томилогдож ажиллаж байхдаа энэ даалгаврыг бас явуулчихсан.  Гэтэл одоо болтол хэрэгжихгүй байгаад харамсаж байна.

Энэ хариуцлагатай бичил уурхайчдын цаана өчнөөн хүний амь амьдрал явааг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна. Албан ёсны, хяналттай бичил уурхайн үйл ажиллагааг зогсоосноор насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, гэр бүл салалт, хүчирхийлэл эрс нэмэгдсэн гээд өчнөөн олон зүйл болж байгааг дээд шатны дарга нар газар дээр нь очиж танилцаасай. 

Яаралтай Засгийн газрын 355 дугаар тогтоолоо цуцалж, журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Бас орон нутагт нь хяналтыг нь өгөх хэрэгтэй байна. Ингэснээр хэн ямар техникээр газар ухав, хэн нь хэн гэдэг даргатай хуйвалдав, ямар компани нөхөн сэргээлт хийлгүй орхисныг хянах боломж бүрдэнэ.

Ер нь төрийн албан хаагчдын шат дамжлага эхний шатандаа байх тусмаа дур зоргоороо авирлаж байна шүү. Энэ байдал нь иргэдийг өөрсдийг нь хууль бус зүйл рүү түлхэх шалтгаан болдог.

Мөнгөн ус, цианит зэрэг хорт бодис хэрэглэхээ огт больсон. Мөнгөн усгүй технологиор баяжуулах цехүүд баригдсан, мэргэжлийн байгууллагын хяналттай ажиллаж байлаа. Гэтэл одоо энэ бүхэн далд хэлбэрт орчихлоо. Тэр хэрээрээ далд эдийн засаг цэцэглэж, авилга дээд цэгтээ хүрнэ. Энэ байдалд хэдийн үүсээд эхэлчихлээ.

Ер нь хариуцлагатай бичил уурхайчдыг очсон газраа сэндийчээд явдаг юм биш. Тухайн үедээ ашигт малтмалын газраас дүгнэлт гарчихсан талбайнуудад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон нэг ширхэг ч талбай байхгүй. Бүгдийг нь нөхөн сэргээх төлөвлөгөөний дагуу актаар албан ёсоор комисст нь хүлээлгэж өгсөн.  

Эдийн засгийн хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамтран давах боломж гэдгийг санах ёстой

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны зөвлөх  Г.Мөнхцэцэг:

Бичил уурхайчид хариуцлагатай гэдгийг нөхөн сэргээлтийн дүнгээс харж болно. Нөхөн сэргээлт гэхэд хоёр жилийн өмнө гэхэд 10 дугаар сарын байдлаар 480 га газрыг албан ёсоор хүлээлгэж өгсөн. 

Үнэндээ бид бичил уурхайг ад үзэх биш харин ч эсрэгээрээ орон нутгийн иргэдийн ажлын байр, амьжиргааны эх үүсвэр гэж хармаар байна. Гол нь албажуулж зохион байгуулалтад оруулснаар хулгайгаар, нууцаар, хууль бусаар явж иргэд амь насаа эрсдэлд оруулахгүй байх боломж бүрдэнэ. 

Татвар, нийгмийн даатгал төлж үр хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх, далд эдийн засгийг ил ил болгож дахин саарал жагсаалтад орохгүй байх цаашлаад эдийн засгийн хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамтран давах боломж гэдгийг харах хэрэгтэй байна.