Cургуульд заадаггүй, гэхдээ ажилд ороход шаардлагатай, мэддэг байх зүйлс байдаг. Эсвэл ажлын дараагийн шинэ карьерээ эхлүүлэх гэж байгаа тохиолдолд юун дээр анхаарах вэ?

Гадны орнуудын жишигийг харахад их дээд сургуульд ажлын байранд хэрхэн яаж өөрийгөө бэлдэх вэ гэдэгт асуултанд зөвлөгөө өгдөг төвүүд байдаг. Манай улсын хувьд ч томоохон сургуулиуд, жишээ нь МУИС, ШУТИС дээр тийм төвүүд байна.

Гэхдээ төгсч буй оюутнууд заримдаа ажил дээр гарчихсан хүмүүс ч гэсэн өөрийн давуу болон сул талыг мэддэггүй юм байна. Түүнээсээ болоод зах зээл дээр өөрийгөө хэрхэн яаж үнэлэхээ мэдэхгүй, ажилд оръё гэдэг саналаа яаж хэлэхээ мэдэхгүйгээсээ болоод алддаг олон тохиолдлууд харагддаг.

Ажлын ярилцлаганд орох гэж байгаа хүн дээр жишээ аваад ярья л даа. Хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой байдаг вэ?

Нэн тэргүүнд та анкетаа хэрхэн бичихээс эхлэнэ. Хүн ажилд оръё, ямар нэг байгууллагад карьер эхлэе гээд анкетаа бичихдээ бид дийлэнхидээ төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол, хэлний мэдлэг, ур чадвар гээд ерөнхийд нь бичиж явдаг. Гэхдээ та анкетаа бичихээсээ миний давуу, сул тал юу вэ гэдэг талаар өмнө нь сайн бодох ёстой байдаг. Тэгэхээр та яг одоо өөр дээрээ SWOT шинжилгээ хийж үзээрэй.

Хоосон бичгийн цаас аваад 4 хуваагаад эхний багана дээр өөрийн давуу талуудыг жагсааж бич. Нөгөө талд нь сул талуудаа давуу талтайгаа зэргэлдээ бичээрэй. Танд өөрт ямар боломж байгаа вэ, магадгүй миний ажилд орох гэж байгаа компанийн хүний нөөцийн тэрийг таньдаг гэж бичсэн ч болно. Ингэж жагсааж бичиж үзсэнийхээ дараа танд нэг дүр зураг гарч ирнэ.


Миний өрсөлдөгч хэн бэ, өрсөлдөгч маань надаас юугаараа давуу талтай байгаа вэ гэдгээ харна. Өрсөлдөгчийн маань сул тал нь юу байгаа вэ дахиад харьцуулаад харах хэрэгтэй.

Одоо харин та ажилд орох анкетаа бөглөхдөө өөрийнхөө тэр давуу талуудыг системтэйгээр бичнэ. Ийм шинжилгээ хийж чадсан тохиолдолд таны анкет хамгийн уялдаа холбоо, логиктой болж чадна. Тэгээгүй тохиолдолд баахан текст энд тэндээс авчраад тавьсан юм шиг л харагддаг.

Тэгэхээр залуучуудаа та бүхэн анкет бичихээсээ өмнө сайн бодоорой.

Магадгүй анкетаа бичээд өөрийнхөө боломжийг зөв ашигласнаар нэг байгууллагын ажлын ярилцлаганд дуудагдсан байя. Та ажлын ярилцлаганд бэлдэхдээ өөрийнхөө нөгөө л давуу талаа гаргаж ярина гэсэн үг.

Ихэнх ажлын ярилцлага “Ирсэнд баярлалаа, та өөрийгөө танилцуулахгүй юу” гэж эхлэдэг.


“Намайг тэр гэдэг. Би тийм давуу талтай, би ийм сул талтай. Би энэ сул талаа хэзээ хэзээ ийм байдлаар сайжруулах хувийн хөгжүүлэх төлөвлөгөөтэй” гээд ярьж байгаа тохиолдолд ажлын тухайн байран дээр өрсөлдөгчидөөсөө өндөр оноо авна. Өөрийгөө таниагүй байж шууд анкет бичээд хэн нэгэн хүн дээр шууд очоод ярилцлаганд орно гэдэг бол маш осолтой. Магадгүй та өөрт байсан боломжийнхоо нэгийг үр ашиггүй ашиглачихаж байна гэсэн үг. Тэр боломж та бэлтгэлгүй байгаагаас болж байхгүй болж байна.


Дэлхийд алдартай тэр компани ажилтнаа сонгож авахдаа тавьдаг ярилцлагын асуултууд, ярилцлаганд тавигддаг түгээмэл асуултууд гээд мэдээлэл интернэтэд их байдаг. Монгол компаниуд ч бас ажил горилогчийг илүү таньж мэдэх олон янзын аргыг ашигладаг болсон. Тэр хэмжээнд тэр байгууллагын асуулт ярилцлаганд тохируулж бэлдэх гэдэг их чухал болчихоод байна.

Залуучуудын хувьд харахад ажлын ярилцлаганд ашиглагддаг топ асуултууд, топ 10, 20 асуултад маш их бэлдээд ороод ирсэн байдаг. Харин бэлдсэн асуултанд тохирсон асуултыг асуугаад нөгөө хүнийг даалгавраа хийж үү гэж шалгахаар хүнээ зөв таньж чаддаггүй. Хүний нөөцийнхөн ярилцлаганд орогчийг танихын тулд маш их янз бүрийн санамсаргүй асуултууд асуух байдлаар хүнээ таних гэж оролддог л доо.


Миний хувьд тухайн хүнд асуулт тавих боломжийг гаргаж өгдөг. Дийлэнхи ажил горилогчид ажлын ярилцлаганд ирэхдээ асуултанд хариулахаар бэлдээд ирсэн байдаг. Гэтэл тухайн хүнд асуулт тавих боломжийг өгөөд байхаар нөгөө хүн яг өөрийнхөөрөө байдаг. Тэр хүний тавьж байгаа асуулт нь тухайн хүний сонирхол, хандлага, хэр удаан тогтвор суурьшилтай ажиллахыг мэдэхэд тусладаг. Тийм учраас үүнд ч бас бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.


 “Могул Консалтинг Сервис” компанийн CEO Н.Жавхлан