Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хүргэлээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 40 тохиолдол нь дотоодын халдвараас Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Алтанбулаг боомтоос татан авалт хийсэн зорчигчдоос нэг хүнд халдвар илэрлээ. 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2907 болж, үүнээс 77 хувь буюу 2249 тохиодол эдгэрээд байна. Одоогоор эмчлэгдэж байгаа 643 хүнээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 8, хүндэвтэр 73, хөнгөн 561 хүн байна. Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Дотоодод халдвар авсан 40 тохиолдлоос 20 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн хавьтал, 14 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтлын тандалтаар илэрсэн. Зургаан хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлал явагдаж байна" хэмээлээ.