Эгүлэ капитал судалгааны байгууллагын шинжээчид манай редакцийн асуултад хариу ирүүллээ. Шинжээчид энэ оны сүүлийн хагасын эдийн засгийг хэрхэн харж буйг хүргэе

  Энэ оны сүүлийн хагаст зэс , алт, нүүрсний ханш ямар байх нь вэ. Шалтгаан нь...?

Зэс 2017 оны хувьд дэлхийн эдийн засаг тогтвортой өсөлттэй, ам.долларын ханш суларсан зэрэг нь үйлдвэрлэгчдэд нөөц бүрдүүлэх таатай нөхцөл бүрдсэн тул түүхий эдийн үнэ одоогоор 17 хувийн өсөлттэй байна. Дэлхийн банк, ОУВС ба Ситибанк хагас жилийн тайлангууддаа Хятадын үйлдвэрлэлийн эрэлтээс шалтгаалан 2017 оны эцэс гэхэд зэсийн үнэ тонн тутамдаа 700 ам.доллар хүрэх таамаглал дэвшүүлсэн.  Нүүрсний хамгийн том хэрэглэгч улс болох БНХАУ-ын Засгийн газрын зүгээс долоодугаар сард тогтоол гаргаж нүүрсний 150 жижиг импортын цэгүүдээ хаах шийдвэр гаргасан, Хойд Солонгосын нүүрсний худалдаанд хориг тавьсан зэрэг нь нийлүүлэлтэд нөлөөлж нүүрсний үнэ сэргэхэд түлхэц боллоо. Шинжээчдийн зүгээс энэ оны төгсгөл хүртэл нүүрсний үнийг 100 ам.доллар хүрэх хандлагатай байгааг онцолсон. Алтны хувьд энэ оны 1-р сард 1192 ам.доллар/унци байсан алтны үнэ түүнээс хойш тогтвортой өссөөр 7-р сарын дунджаар 1236-д хүрлээ. АНУ-н эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого, Хойд Солонгостой таагүй харилцаа болон Холбооны төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөх магадлалтай байгаа зэрэг нь зах зээлд алтны үнэ өсөхөд голчлон нөлөөлж байна. Техник шинжилгээгээр оны эцэст алтны ханш тогтвортой буюу 1257-д хүрэх магадлалтай байна. 

Ам.долларын ханш он дуустал өсөх үү, буурах уу, Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн эхний шатаа дүгнэх хурлыг хойшлуулчихлаа. Энэ үйл явдал долларын ханшид яаж нөлөөлөх бол?

Ам.долларын ханш нь ойрын хугацаанд өсөх хүлээлттэй байна. Засгийн газрыг огцруулж, улс төрийн хувьд тогтворгүй байгаагаа хөрөнгө оруулагчдад харуулсан нь төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалтыг хүлээлтийн нөхцөл байдалд хүргэж болзошгүй байна. Нөгөөтэйгүүр ОУВС-с Монголд олгох ээлжит 27.95 сая зээлжих тусгай эрхийн санхүүжилтийг шийдэх захирлуудын зөвлөлийн хурал хойшилсон зэрэг нь валютын хүлээгдэж буй орох урсгалыг бууруулж ханшийг өсгөх нөлөөтэй. Валютын орох урсгал ихтэй байдаг дулааны улирал дууссан ба ханшийг ерөнхий хандлагаас өсгөх улирлын нөлөө 10 болон 11 дүгээр саруудад байдаг. Үүнээс гадна ирэх оны 1 дүгээр сард төлөгдөх Чингис бондын 500 сая.ам долларын төлбөрийг хэрхэн хийх тодорхойгүй хэвээр байна.

Дэлхийд ам.долларын ханш яах дүр зурагтай байна вэ?

Блүүмбэргийн ам.долларын индекс 2017 оны эхээс 10 гаран хувиар буурсан. Энэ нь 2003 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм. Сүүлийн хугацаанд АНУ-н татварын шинэчлэлийн төлөвлөгөөтэй холбоотойиндекс сэргэх хандлага ажиглагдсан. Нөгөөтэйгүүр энэ оны 8 дугаар сард АНУ-с жилийн инфяцийн түвшин 1.8 хувь гарсан нь сүүлийн 3 сар дараалан өсч хүлээлтээс өндөр байна. Зарим шинжээчид Холбооны Нөөцийн Санг эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хүүг өсгөх хэрэгтэй хэмээн үзэж байна. Үүнээс гадна ам.долларын ханшийн бууралт нь БНХАУ улс зэрэг томоохон гүрнүүд сөрөг арга хэмжээ авч эхэлсэнтэй холбоотой. Энэ онд БНХАУ мөнгөний бодлогоо чангаруулсан байгаа. Мөн доллар болон таваарын үнийн хувьд сөрөг хамаарал ажиглагддаг. Олон улсын зах зээл дээр таваарын үнүүд өссөн үзүүлэлтүүдтэй байгаа.

Эдийн засгийн өсөлт оны сүүлээр хэчнээн хувьтай гарах бол?

ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Трэйдинг Экономикс судалгааны байгууллагууд гаргасан эдийн засгийн өсөлтийн дундаж нь 2017 оны эцсээр 2.0 хувьтай байхаар байна. Тухайлбал, ОУВС-гаас манай эдийн засгийг оны эцсээр 0.2 хувийн бууралттай байхаар төсөөлсөн бол Трэйдинг Экономикс байгууллагаас 3.7 хувь өсөхөөр төсөөлжээ. 2017 оны эхний хагас жилийн байдлын бодит эдийн засаг 5.3 хувиар өссөн бөгөөд эдийн засгийн салбаруудын өсөлтөд оруулсан хувь нэмрийг аваад үзвэл үйлчилгээ, тэр дундаа тээвэр, агуулахын салбар, худалдааны салбарын өсөлт тэргүүлж байна. Харин бодитоор баялаг бүтээгч ХАА, боловсруулах болон уул уурхайн салбарын өсөлт харьцангуй бага, саарсан байдалтай байна. Тиймээс 2017 оны эдийн засаг өсөлттэй байх гарах магадлал өндөр боловч баялаг бүтээгч гол салбаруудад өсөлт гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Түүнчлэн, энэ зун нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт ган, гачиг ихтэй, өвсний ургац бага байсан нь зуд болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул ХАА-н салбар буурч болзошгүй байна. 

Монголын эдийн засагт ажиглагдаж байгаа давуу болон сул талууд юу байна вэ?

Давуу тал нь БНХАУ, ОХУ-ын зах зээлд давуу тал олох боломж харьцангуй их, ХАА-н салбарын бүтээгдэхүүн, нэн ялангуяа малын гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох нөөц боломж өндөр. Сул талууд нь БНХАУ-н эдийн засгийн өсөлт, түүхий эдийн эрэлт болон үнээс хамаарах хамаарал өндөр, улс төр, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулдаг, далд эдийн засаг ихтэй, эдийн засгийн төрөлжилт үндсэндээ уул уурхайн салбараас хэт хамааралтай, ХАА нь салбар нь байгалийн гамшигт үзэгдэл, цаг агаарын байдлаас хэт хамааралтай бөгөөд ХАА-н гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар маш сул.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэний эерэг болон сөрөг тал?

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр нь төлбөрийн тэнцэл муудаж, эдийн засаг хүндэрсэн нөхцөлд хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Тиймээс нэг талаар манай улсын төлбөрийн тэнцэл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжих хандлага ажиглагдсан. Нөгөө талаас хөтөлбөрт хамрагдснаас тодорхой дэглэмийн дагуу эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх шаардлагатай болно. Энэ нь нэг талаар төсвийн сахилга бат, замбараагүй төсөвлөлт болон үргүй зардлыг бууруулахад хүргэх сайн талтай.

Гадаадын хөрөнгө оруулалт сайжрах төлөв ажиглагдаж байна уу?

2017 оны зургаадугаар сард 116.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ оны эхнээс хөрөнгө оруулалтын дүн эерэг болж өсөлттэй гарч байгаа нь эерэг дохио болж байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ сэргэх төлөвтэй байгаа үед хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх магадлалтай. Засгийн газрын тогтворгүй байдал нь одоогийн нөхцөл байдалд орж ирэхээр төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалтыг хүлээлтийн нөхцөл байдалд хүргэж болзошгүй байна. 

Дэлхий даяар гэж харахад хөрөнгө оруулалтын урсгал ямар улсууд руу чиглэж байна вэ?

2016 оны байдлаар АНУ хамгийн их буюу 3.6 их наяд ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан улс байсан. Дараа нь Их Британи 2 их наяд ам.доллараар орсон бол Хонг Конг болон БНХАУ удаалсан. Харин ирээдүйн төлвийн хувьд дэлхийн эдийн засгийн форумын гаргасан судалгаанд Энэтхэг болон БНХАУ-г хамгийн ихээр хөрөнгө оруулалт татах улс хэмээн нэрлэж байсан. Үүний дараагаар Бразил болон Хойд Америкыг нэрлэгдэж байсан. 

Дэлхийн эдийн засгийн ирэх саруудын төлөв ямархуу байхаар байна вэ. Зэс, нүүрс зэрэг манайхаас гардаг эрдсийн эрэлт ойрын нэг юм уу хагас жилдээ ямар байх бол. Олон улсын судалгааны байгууллага, шинжээчдийн дүгнэлтүүдийг харахад яах дүр зураг анзаарагдаж байна вэ?

Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6.7хувь байсан. Өсөлт нь жил ирэх тутамд улам бүр саарч байгаа. Тус бууралтыг цаашид ч үргэлжилнэ хэмээн олон улсын байгууллагууд таамаглаж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк 2017 онд  БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь, 2018 онд 6.2 хувь байхаар таамагласан байна. Өсөлтийг цаашид бууруулан таамаглахад хүргэсэн гол хүчин зүйл нь дотоодын өрийн хэт өсөлт юм.  Манай улсын хувьд экспортын 90 хувь нь, импортын 32 хувь нь БНХАУ улстай холбогддог. БНХАУ-н нийт нүүрсний импортын 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Дунд хугацаанд БНХАУ нүүрсний эрэлт өндөр хэвээр байх хүлээлттэй байгаа тул БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралтын түүхий эдээр дамжих нөлөө төдийлөн том дарамт болохгүй гэж хүлээж байна. Харин Ши Жи Пений нилээд хүчилж буй “Нэг бүс, нэг зам” төсөл манай эдийн засагт урт хугацаандаа эерэг нөлөө үзүүлэх юм.