Монголын Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээг цуцалж, дуусгавар болгон гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглуулахгүй байх шийдвэр гарсан.

 Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал гарч, Ерөнхий инженер Т.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг “Ачит Ихт” компанид ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн “Ачит Ихт” компанийн удирдлагуудтай уулзаж, 2015 оны 6-р сарын 26-ны өдөр байгуулсан Овоолго ашиглуулах гэрээг цуцалж, сульфитийн хүдрийн 2-р овоолгод хүхрийн хүчлийн уусмалаар хүдрийг бороожуулан уусгах үйл ажиллагааг энэ өдрөөс зогсоож байгааг албан ёсоор мэдэгдлээ. 

Мөн Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ажлын хэсэг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өнөөдрөөс цуцалж, хязгаарлах болсныг мэдэгдэв.

Засгийн газраас “Ачит Ихт” компани болон Эрдэнэт үйлдвэрийн хооронд байгуулсан гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд оногдох ногдол ашгийг Эрдэнэт үйлдвэрт нөхөн төлүүлэхээр шийдвэрлээд байна.