Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр тохиодог “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг угтан Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Сувилахуйн албанаас өөрийн эмнэлгээс  өндөр хөгжилтэй улс оронд урт, богино хугацаагаар сургалтад хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр сурч мэдсэн шинэ арга технологи, мэдлэг ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд “Шинэ санаа - 2024” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус эмнэлгийн зүрх судасны болон мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрхний шигдээс, дүрс оношилгооны мэргэжлийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд гадаад сургалтын хугацаанд шинээр сурч мэдсэн сувилахуйн арга технологи болон өөрсдийн сувилахуйн тусламж үйлчилгээнд санаачлан ашиглаж байгаа 20 гаруй шинэ санаа бүтээлүүдээ танилцуулж, гадаадад сургалтад хамрагдсан тайлангаа танилцууллаа. 

Гадаадад сургалтад хамрагдсан нийт 35 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, хойшид өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн арга туршлагыг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан нэвтрүүлэхтэй холбоотой санал санаачлагыг байгууллага хамт олны дунд хөхүүлэн дэмжих, сургалтын үр дүнг тайлагнах арга хэлбэрийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, туршлага солилцлоо.