Коронавирусийн халдварын нөхцөл байдал болон гадаадаас иргэдээ татан авах тусгай нислэгийн талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад коронавирусийн нийт 340 тохиолдол бүртгэгдсэнээс 312 нь эдгэрчээ. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 92 хувь аж. Дэлхийн хэмжээнд нийт 43.3 сая хүн коронавирусээр өвчилж, 32.4 сая нь эдгэрч, нэг сая 157 мянган хүн нас баржээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Европын улс орнууд, ялангуяа хойд хөрш ОХУ-д коронавирусийн өвчлөл нэмэгдэж байгаа нь бидний анхаарлыг их татаж байна. Мөн бид коронавирус дэгдэж эхэлсэн үе шиг сайн хамгаалахгүй бол сайн чанаруудаа алдаж байна. Гадуур амны хаалт зүүгээгүй хүн олон явж байна. Гадны судлаачдын судалгаагаар олон хүн цугларсан үйл ажиллагаанууд дээр коронавирусийн халдвар тархаж буй тохиолдолд их байна гэсэн. 

Бидэнд коронавирусээс хамгаалах бэлэн зэвсэг байна. Тэр нь амны хаалтаа тогтмол зөв зүүж хэвших, гараа сайтар угаах юм. Үүнийг хэрэгжүүлэх нь чухал байна" гэдгийг онцлон хэллээ.