Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 8.241.000 хүн өвчилж, 444.000 хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 132.000 хүн коронавирусийн халдвар авч, 6.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 14.000 хүнээр, нас баралт 3.000 гаруй хүнээр нэмэгдсэн байна. 

Бразиль улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тус улсад 24 цагийн дотор 30.000 гаруй хүн шинээр өвчилсөн нь нэг өдөрт нэг улсад хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол боллоо. Зарим орон өвчниийг хяналтдаа авсан гэж зарласан ч өвчлөл дахин тархаж эхэллээ. Зургаадугаар сарын эхээр Шинэ Зеланд улс коронавирусийг бүрэн хяналтдаа авлаа гэж зарласан. Гэвч гаднаас орж ирсэн хоёр тохиолдол 14 хоног тусгаарлагдах хугацаандаа коронавирусээр өвчилсөн. Ийм байдлын талаар Харвардын их сургуулийн эрдэмтэд анхааруулсан. Тухайлбал, "Цар тахлыг бид давчихлаа гэж бодож байгаа бол вирус бидэнтэй хамт байсаар л байна. 6-8 дугаар сард цар тахлын дэгдэлт буурна гэж олон орны судлаачид тооцож байсан бол одоогоор нөхцөл байдал өөр тийшээ эргэж байна. Үүнийг өдөр тутмын өвчлөл, үйл явдал харуулж байна. Эхний давалгаа цөөн хэдэн орныг хамарч байсан бол дараагийн давалгаа бүх орон, нутаг дэвсгэр, мужийг хамарч болзошгүйг дахин анхааруулсан. 

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8.248 хүн шинээр коронавирусээр өвчилж, нийт өвчилсөн хүний тоо 545.000 хүрч, 7.284 хүн нас барсан байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 51-93 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. Эрхүүд өчигдөр өмнөхөөс хамгийн олон хүн өвчилсөн" хэмээлээ