Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Н.ямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "11 дүгээр сарын 02, 03-нд нийт 613 хүний сорьцод шинжилгээ хийсэн. 610 хүнээс нь коронавирус илрээгүй, 3 хүнээс коронавирус илэрсэн. Илэрсэн хүмүүсийн хоёр нь 2020 оны 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн эрэгтэйчүүд, нэг нь 11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 33 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн байна. Коронавирусийн халдвар авсан ачаа тээврийн нийт 16 жолооч ХӨСҮТ-д эмчлүүлж буйн 12 нь гадаадын иргэн.

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 352 боллоо. Тэдний 89.2 хувь буюу 314 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 309-ийнх нь бүх ажиглалт, тандалт дууссан. Одоо 3 хүн гэрийн, 2 хүн сувиллын ажиглалтад байгаа.

ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж буйгаас 30 хүний биеийн байдал хөнгөн, 8 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 68 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Дэлхийн хэмжээнд нийт 47.8 сая хүн коронавирусээр өвчилснөөс 1.2 сая гаруй нь нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 428.000 хүн коронавирусээр өвчилж, 5.300 хүн нас барсан байна.

Коронавирусийн өвчлөл АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц зэрэг улсуудад хамгийн өндөр байна.