Коронавирусийн халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Одоо Улаанбаатарт 17 цаг 45 минут болж байна. Сүүлийн долоо хоногт манай улсад өдөр бүр коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 

Өнөөдөр л гэхэд 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 4 нь энэ оны 10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс байна. Давтан шинжилгээнээс нь буюу 20 дахь хоног дээр нь коронавирус илэрлээ. Сүүлийн 10 хоногт 5 тохиолдол 18-20 дахь хоног дээр илэрсэн. 

Мөн ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос коронавирус илэрлээ" хэмээн мэдээллээ. 

Эрүүл мэндийн яамнаас өдөр мэдээлэхдээ шинээр 4 хүнээс коронавирус илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 361 боллоо гэж байсан бол дахин нэг тохиолдол нэмэгджээ.

Улмаар батлагдсан нийт 362 тохиолдол бүртгэгдсэнээс 317 нь эдгэрчээ.