Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал, инженер Д.Ган-Одтой ярилцлаа. Тэрбээр инноваци дээр суурилсан бүтээгдэхүүн гаргахаар 2008 оноос ажиллаж байгаа ажээ. Удахгүй тэрбээр Япончуудтай хамтран үйлдвэрлэлийн технологийн парк байгуулахаар ажиллаж байна.


-Таныг  Монголд анхны ODEL брэндийн хяналтын камер хийж байсныг мэднэ. Тухайн үед хотыг үнэгүй камержуулна гэх яриа хүртэл гарч байсан даа?

-Нийслэлийг камержуулах тухай яриа гарч байхад тухайн үеийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандаж байлаа. Би өөрийн хөрөнгөөрөө хотын шаардлагатай гудамж талбайг 100 хувь камержуулъя гэж хэлсэн. Миний хүссэн зүйл бол сар бүрийн үйлчилгээний хөлсийг л авах. Харин хүсэлтийг маань хүлээж авах байтугай хариу ч хэлээгүй. Ер нь худалдан авалтаа шударга хийчихдэг байх нь маш чухал. Адилхан бүтээгдэхүүн байлаа ч төрөөс үйлдвэрлэгчээ дэмжих бодлого барьдаггүй нь харамсалтай. 


-Нөгөө талаас гадны бүтээгдэхүүн л сайн гэсэн ойлголт тээг болдог болов уу?

-Манайханд гадаадын л байвал сайн гэсэн ойлголт байна. Гэтэл тэр бүтээгдэхүүний түүхий эд нь нэг л газраас ирдэг. Ялгаа нь гэвэл гаднаас оруулж ирвэл үйлдвэрийн үнэ дээр тээвэр, гааль, татвар, НӨАТ гээд үнэ нь 2-3 дахин өсчихдөг. Харин манайхан үнэтэй нь  сайн гээд гадны бүтээгдэхүүнийг сонгодог. Монголд өнөөдөр зэс, алт, мөнгө, цахиур гэх мэт электроник, өндөр технологид ашигладаг түүхий эд бүгд байдаг. Харамсалтай нь бид өнөөдөр нэг тонн зэсийг 8000 ам.доллараар гадагш нь зардаг. Гэтэл бид нэг тонн зэсээр электроникийн үндсэн түүхий эдээ хийгээд гаргахад 150 ам доллар олох боломж нь бий. Энэ ажлыг эхлүүлэхээр Япончуудтай хамтран үйлдвэрлэлийн технологийн парк байгуулахаар ажиллаж байна.


-Та зээл авч үзсэн үү, үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд ямар гарц боломжийг хайж байна вэ?

-Монголын банкуудын зээлээр ямар ч бизнесийг шинээр эхлүүлэх, ялангуяа технологийн судалгаа, шинжилгээ, загварчлал, дизайн хийх мөн турших боломжгүй.  Бидний хувьд Япон, Солонгос, Хятад компаниудтай сайн харилцаатай байдаг.Тэднээс түүхий эд болон бусад тоног төхөөрөмжийг зээлээр авч ашиглан буцаан төлдөг зарчимаар ажиллаж ирсэн.

Харин Монголын иргэд, компаниудаас хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүс ханддаг. Хамтран ажиллаж ч үзлээ. Технологийн бизнес бол бараа бүтээгдэхүүн худалдах бизнестэй огт адилгүй. Судалгаа, загварчлал, дизайн, хөгжүүлэлт гээд олон үе шаттай тэр бүрт хөрөнгө шаарддаг. Тэдгээрийг амжилттай хийсний дараа л бүтээгдэхүүн төрж, худалдаанаас ашиг хүртэнэ. Ийм загварыг одоохондоо манай бизнесийнхэн ойлгохгүй байх шиг санагддаг. Жишээ нь 20 сая төгрөг оруулчихаад 100 сая төгрөг авна гэх хүн ч таарсан. Эсвэл банкинд мөнгөө хадгалуулсан бол ийм хэмжээгээр өснө гээд үүнээс дээш ашиг хардаг талтай. Багахан хөрөнгө оруулчихаад компанийнхаа тал хувийг өг гэх нь ч бий. Цаашид хөрөнгийн биржээр хувьцаа гаргах аргыг илүүд үзэж байна. 


-Бизнес хийж байхдаа авсан хамгийн чухал сургамж юу байв?

-Анх бизнесээ эхлүүлэхдээ алдаа оноог тойроогүй, туулж л явсан. Хамгийн том сургамж авсан зүйл бол нийлүүлэх бүтээгдэхүүнээ хямд үнээр санал болгож, богино хугацаа амлах явдал юм. Гэтэл биднээс шалтгаалахгүй хөндлөнгийн асуудлууд их бий. Үүнийг тооцоогүй алдаж байлаа. Мөн хямд үнэ санал болгосноос болж ямар ч ашиг олж чаддаггүй. Нөгөө талдаа Монголын зах зээл жижигхэн тул хямд үнээр өрсөлдөх нь их хэцүү юм билээ. 

Ялангуяа бизнес хийх хүн аливааг нарийн тооцож, олон талаас нь харах нь их чухал. Алдаа онооноос суралцаад дотоодын бус гадаад зах зээл рүү гарах нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон. Харин гадаад  зах зээлд маш нарийн төлөвлөгөөтэй, шударга, худлаа ярихгүй, хатуу сахилга баттай зарчимаар хандах ёстой.

Япончуудтай хамтран ажиллахдаа тэдний аливаад хандах хандлага, хугацаа, төлөвлөгөөнөөсөө гаждаггүй бизнесийн дүрмийг ойлгосон. 


-Технологи дээр суурилсан бүтээгдэхүүн гаргахад Монголд амаргүй. Таны хувьд энэ тал дээр төр засаг нь анхаараасай гэж хүсдэг зүйл бий юу?

-Монголд технологийн бүтээгдэхүүний загварчлал хийх, турших лаборатори байхгүй. Тиймээс бид ухаалаг цүнхээ хийхийн тулд Тайвань, Хятад улсад загвар буюу прототайпыг хийлгэж туршсан. Энэ төрлийн ажил асар их хөрөнгө мөнгө шаарддаг. Гэтэл өндөр хөгжсөн орнуудад инновацид суурилсан бүтээгдэхүүн гаргавал дэмждэг жишиг олон бий. Тухайлбал нийт оруулсан хөрөнгөнийх нь 30 хувийг бүр 100 хувийг нь ч буцаан олгодог юм билээ. Манайд бол ямар ч дэмжлэг байхгүй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бор зүрхээрээ зүтгэж байна. Үнэндээ манайхан уул уурхай, ноос ноолуур, махаа л гаргах талаар ярьцгаадаг. 

Гэтэл дэлхийд Аж үйлдвэрийн IV хувьсгал гарчихлаа. Роботуудыг үйлдвэрлэлд ажиллуулж, тэдгээрийг маш олон мэдрэгчүүдээр зэвсэглэн, хиймэл оюун ухаанаар удирдаж, сүлжээнд Ethercat технологийг ашиглан асар хурдтай ажиллуулж эхэллээ. Энэ нь бүтээгдэхүүний өртөг буурах, хурдтай ажиллаж, чанар стандарт хангасан бүтээгдэхүүн хийх боломжийг олгож байна. Судалгаагаар 2020 онд 40 сая хүн, 2045 онд 70 сая хүн, 2070 онд 45 сая хүн ажилгүй болно гэж тооцоолжээ.

Төрийн гол анхаарах зүйл бол боловсролын системд өөрчлөлт хийж, “STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик”-ийн мэдлэг олгох сургалтыг эхлүүлэх, ирээдүйн “робото, дрон IoT, Хиймэл Оюун Ухаан” зэрэг технологи дээр ажиллах инженерүүдийг багаас нь бэлтгэх бодлого гаргах нь чухал юм.


-Ухаалаг цүнхийг бүтээхэд юун дээр илүү анхаарч ажилласан бэ?

-Анх Монголын нэг компаниас Сингапурт настай хүнд зориулсан ухаалаг таяг хийлгэх санал ирсэн юм. Тухайн үед бид таягнаас илүү цүнх байвал зүгээр гэж хэлж байлаа. Ажлаа хийж байтал захиалагч маань таяг биш ухаалаг цүнх хийлгэе гээд. Ингээд жил гаруйн хугацаанд ухаалаг цүнхний төсөл дээр ажиллалаа. Илүү сайжруулахын тулд 5 удаа өөрчлөлт хийж хөгжүүлж, сүүлийн загвар дээрээ тогтлоо. Хамгийн гол нь хүүхдэд ээлтэй, эцэг эхэд хэрэгтэй бүтээл хийе гэж л зорьсон. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн гэмтэж, бэртэх, гал усны аюулаас хамгаалалттай байх ёстой. 

-Энэ цүнхний хамгийн гол давуу талыг нь танилцуулбал?

Ухаалаг цүнх өөр  дээрээGPS, GSM, WIFI модультай.  Гар утас болон ipad цэнэглэдэг. Литиум батарейтай. Хүүхдийн хаа байгааг тогтоож, эцэг эхэд нь цүнхний жингийн тухай мэдээллийг өгдөг.

Магадгүй хүүхэд чинь 38 хэмээс дээш халуурч бүлээрвэл цүнхэн дэх халуун хэмжигч ажиллаж эцэг эхэд нь дуулгана. Хойноо болон урдаа лед гэрлүүдтэй. Энэ цүнхийг ухаалгаас гадна хөлөргөдөггүй сайн чанарын материалаар хийгдсэн. Ухаалаг цүнхээ цаашид хөгжүүлж жуулчид үүрээд явахдаа ч утсаа, i pad-аа цэнэглэчихдэг үүргэвч хийхээр төлөвлөсөн. 


-Энэ бүтээгдэхүүнийг шууд гадны зах зээл рүү гаргах уу, монголдоо худалдаалах төлөвлөгөө бий юу?

-Захиалагчийнхаа хүсэлтийн дагуу Сингапурт гаргана. Цаашид Япон, Солонгос, Хятадын зах зээлд гаргана. Эхнээсээ ярьж эхэлсэн, гадныхан маш их сонирхож хүлээн авсан.

Бид монгол хүүхдүүддээ хүргэхээр үнэ өртөг нь хямд боловч чанартай цүнх үйлдвэрлэх гэж анхнаасаа хичээж ажилласан. Одоогоор ухаалаг цүнхээ монголд 80-100 мянган төгрөгөөр борлуулахаар тооцоолоод байна. 


-Энэ цүнхтэй ижил төстэй бүтээгдэхүүн гадаадад байна уу, судалж үзэв үү?

-Судлаад үзэхээр гар утсаа цэнэглэдэг эсвэл GPS-тэй цүнх байсан. Харин нэг дор олон шийдэлтэй гэдгээрээ манай бүтээгдэхүүн анхдагч нь.


-Үүнээс гадна өөр ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

-"Смарт жорлон" хийлээ. Энэ жорлон нарны энергийн халаалт мөн агааржуулагчтай, FM радиотой. Утсаа цэнэглэх боломжтой. Карт уншиж онгойно. WIFI-тай. Сав дүүрэхэд нэмж хүн орох боломжгүй. Ер нь смарт даа. /инээв/